Монгол Улсын эдийн засагт томоохон ач холбогдолтой энэхүү салбарт Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА) дэмжлэг туслалцаагаа цаашид үргэлжлүүлнэ. Ингэхдээ хүнсний аюулгүй байдалд голлон анхаарах замаар бүтээмжийг дээшлүүлж, улмаар хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж, малчин өрхийн тогтвортой амьжиргаанд дэмжлэг үзүүлэх юм.
Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад үзүүлэх дэмжлэгийн гол зорилго нь хөдөөгийн эмзэг бүлгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд чиглэнэ. Үүний тулд 1) малчид, тариаланчдын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх 2) малчид, тариаланчдад зах зээлийн таатай орчин бүрдэх 3) малчид, тариаланчдын баталгаат амьжиргааны нөхцөл бүрдэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжинэ. Малчид, тариаланчдын үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд малын эрүүл мэнд, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэл, ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээ болон үйлдвэрлэгчдийг зах зээлтэй холбоход онцлон анхаарна.
ШХА өмнөх ололт амжилтууддаа тулгуурлан “Малын эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлж, малын халдварт өвчний хяналт, мал эмнэлгийн боловсролыг дээшлүүлэхэд үргэлжлүүлэн хөрөнгө оруулна. Ялангуяа махны экспортод гол саад тотгор учруулдаг бруцеллёз, шүлхий өвчний хяналтад онцгой анхаарал хандуулах юм. Төмсний үр шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа тулгуурлан хүнсний ногооны үр шинэчлэх төсөл хэрэгжүүлнэ. Түүнчлэн Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийг шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үндэсний байгууллагуудтай холбож, тэдний эрэлтэд тулгуурласан дэмжлэг үзүүлэх, бага орлоготой малчдын зах зээлийн чадавхийг сайжруулах боломж бүхий ХАА-н дэд салбаруудад чиглэж ажиллахыг зорино.
Хөдөөгийн иргэдийн амьжиргааг илүү баталгаатай болгохын тулд тэдний мал сүргийг даатгалд хамруулах, төрөөс тэтгэмжийг оновчтой олгох, байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангахад чиглэсэн бэлчээрийг түр болон урт хугацаагаар эзэмшихийг хуульчлах хэрэгтэй. ШХА малын даатгалд үргэлжлүүлэн анхаарах замаар гамшгийн эрсдэл бууруулах стратегийг дэмжинэ. Бэлчээрийн менежмент, усны нэгдсэн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх асуудал мөн үйл ажиллагааны гол чиглэл хэвээр байна.
ШХА-аас ХАА, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр дараах төслийг хэрэгжүүлж байна. Үүнд: