Монгол улсад хэрэгжиж байгаа “Ногоон алт” төслийн үндсэн зорилго нь малчдын бэлчээрийн хамтын менежментийг сайжруулахад чиглэж байна. Монгол улсын нийт газар нутгийн 1/5-ыг орон нутгийн эдийн засгийн гол тулгуур болсон бэлчээрийн газар эзэлдэг хэдий ч энэхүү бэлчээр нутгийн ихэнх хэсэг нь доройтолд өртөөд байна. Уур амьсгалын өөрчлөлт нь бэлчээрийн элэгдэл, доройтолд нөлөө үзүүлж байгаа хэдий ч бэлчээрийн даац хэтрэлт үүний гол шалтгаан нь болоод байна.
Монгол улс 1990 оноос эхлэн ардчилсан системд шилжсэн үеэс төрийн өмчийн бэлчээрийг нийтээрээ ашиглах болсон. 2015 онд малын тоо хамгийн их буюу 56 сая толгойд хүрч, 170,000 малчин өрх амьжиргааны эх үүсвэрээ мал аж ахуйгаас залгуулж байна. Энэхүү малын тооны хэт өсөлт нь хөрсний элэгдэл, доройтол үүсгэх нэг шалтгаан болж байна.
Бие даасан малчдын байгууллага
Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ) гэдэг нь дөрвөн улирлын бэлчээрээ хамтдаа ашиглаж ирсэн, хөрш зэргэлдээ нутагладаг, бэлчээрээ зохистой ашиглах зорилгоор нэгдсэнээр хамтын зохион байгуулалтанд орсон малчин өрхүүдийн сайн дурын нэгдэл юм. Ногоон алт төслөөс санаачилсан энэхүү ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 1,500 БАХ-д нэгдсэн 53,000 гаруй малчид төвийн болон баруун бүсийн долоон аймагт орон нутгийн засаг захиргаатай хамтран боловсруулсан бэлчээр ашиглалтын гэрээ, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах хөтөлбөрт нэгдээд байна.
Сайн дурын үндсэн дээр нэгдмэл зорилгын төлөө нэгдсэн малчдын байгууллага болох БАХ нь үр дүнтэй, бодитой бэлчээрийн менежментийн төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх боломжтойг батлан харуулсан. 2014 оны эцсийн байдлаар 113 БАХ 3.4 сая га бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Мөн түүнчлэн 5,000 га бэлчээрийг хашиж хамгаалан, ургацыг нь нэмэгдүүлж малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлсэн байна.