Сэтгүүлчид тогтвортой хөгжлийн төлөө нэгдлээ

Local news, 07.12.2016

Хэвлэл мэдээлэл нь олон нийтэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэдгээрээ нийгэмд чухал байр суурь эзэлдэг.  Үндэсний тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд олон нийтийн хандлага, зан үйлийг өөрчлөх хэрэгтэй бөгөөд үүнд хэвлэл мэдээллийн оролцоо нэн чухал.

esd-media-training
Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд тогтвортой хөгжлийн тухай нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй боллоо. © SDC / ESD

Тэр ч үүднээс Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол төсөл нь Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчидтэй хамтран ажиллаж байна.

Тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол төсөл нь 2016 онд үндэсний хэмжээний бүсчилсэн цуврал сургалтуудаар нийт 200 гаруй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн тухай нэгдсэн ойлголт, мэдлэгийг олголоо.

"Тогтвортой хөгжлийн талаарх бидний ойлголт хангалтгүй байжээ" гэж Баянхонгор аймгийн Хонгор телевизийн захирал Т. Данайсүрэн хэллээ. Тэрбээр, "Байгаль орчин, эдийн засаг, нийгэм хоорондоо нягт уялдаатай тул  аль алийг нь орхигдуулалгүйгээр үзэгч, уншигчиддаа цогц мэдээлэл хүргэх нь чухал юм” гэдгийг онцлов.

“Өвөг дээдэс маань биднийг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл санаагаар өсгөж хүмүүжүүлсэн. Тухайлбал, монголчууд нүүхдээ морины уяаны шонг аваад нүхийг нь заавал булдаг гэх мэт олон сайхан нүүдэлчдийн соёл уламжлалтай. Чухамдаа, энэ л бидний өнөөдрийн сурч буй “ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хязгаарлалгүйгээр өнөөгийн хэрэгцээг хангах тогтвортой хөгжлийн” үзэл баримтлал малчин ардын соёл заншилд нь нягт шингэсэн байж гэдгийг би ойлголоо гэж Т. Данайсүрэн ярьлаа.

Сургалтаар бүс нутгийн сэтгүүлчид туршлагаа хуваалцаж, сэтгүүлзүйн салбарт нэвтэрч буй шинэ дэвшилтэт арга хэрэгсэл, аппликэйшнтай танилцсан юм.

Сургалтын үр дүнд сэтгүүлчид орон нутгийн удирдлагууд болон бусад холбогдох бүлгүүдтэй ярилцлага өрнүүлж, орон нутгийнхаа хөгжлийн бодлогод тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, тодорхой санаачлагуудыг уялдуулах талаар олон ажил санаачилсан байна.

"Цаашид ногоон барилга, ногоон сургууль, байгаль орчинд ээлтэй өрх гэх мэт тогтвортой, ногоон хөгжлийг дэмжсэн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сайшаан дэлгэрүүлж, телевизээрээ сурталчилж байх болно.  Мөн хог хаягдал хаяхгүй байх, аль болох дахин боловсруулж хэрэглэх талаас нь залуучуудад уриалж, сургах болно" гэж Т. Данайсүрэн хэлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Тогтвортой хөгжлийн боловсрол төслөөс хамтран үндэсний хэмжээнд 11 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг Тогтвортой хөгжлийн боловсролын мэргэшсэн сургагч багшаар томилж, гэрчилгээ гардууллаа.