Швейцарийн хөгжлийн агентлаг Монгол Улсад эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна

Local news, 08.11.2017

Хөрс, агаар, усны бохирдол хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулаад зогсохгүй зогсохгүй бидний эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг. Тэгвэл Монголын уул уурхайн салбар хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд хоёуланд нь сөрөг нөлөө үзүүлж байна. Швейцарийн хөгжлийн агентлаг нь энэ асуудлыг шийдвэрлэхээр Тогтвортой бичил уурхай төслөөр дамжуулан идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд бичил уурхайг эрх зүйн зохицуулалттай болгох замаар бичил уурхайчид эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

SAM
Бичил уурхайчид одоо эрхээ хамгаалуулаад зогсохгүй байгаль орчин хамгаалах, нийгмийн хэм хэмжээг дагах хууль зүйн хариуцлагааа ухамсарлах боллоо. © ШХА

Олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс бүрдсэн Лансет комиссын “Бохирдол ба эрүүл мэнд” тайланд бохирдол болон хүний эрүүл мэндийн хооронд байдаг үгүйсгэхийн аргагүй боловч ихэнхдээ анхаарлын гадна үл тоомсорлон үлдээдэг холбоосыг онцолсон байна. Комисс нь олон улсын хөгжлийн байгууллагуудыг үйл ажиллагаандаа хүрээлэн буй орчны бохирдлын нөлөөллийг илүү ихээр харгалзан үзэхийг уриалж байна.

Швейцарийн хөгжлийн агентлаг нь экологийн асуудлуудыг шийдвэрлэхдээ тэдгээрийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг харгалзан үзэх цогц шийдэл болон аргачлалуудыг гаргахад сүүлийн хэдэн жил анхаарч ажиллаж байна.

ШХА-ийн Дэлхийн эрүүл мэндийн хөтөлбөрийн тэргүүн Жак Мадерт хандаж гурван асуулт асуулаа.

mader
ШХА-ийн Дэлхийн эрүүл мэндийн хөтөлбөрийн тэргүүн Жак Мадер

Албан бус уурхай болон эрүүл мэндийн хооронд ямар холбоо байна вэ?

Зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нь бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулахад хангалтгүй юм. Үүнээс гадна амьжиргааны сайн нөхцөл байх шаардлагатай юм. “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д тусгасан бусад зорилтуудын адилаар эрүүл мэндийн салбарын зорилтыг (ТХЗ-3) биелүүлэхэд тогтвортой хөгжлийн гурван тал болох эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлуудыг заавал шийдвэрлэх шаардлагатай. Энэ утгаараа, албан бус бичил уурхай дахь хүрээлэн буй орчны бохирдлыг шийдэхээр ажиллаж буй төслүүд нь хүн амын нэн ядуу, эмзэг бүлгийн эрүүл мэндийг сайжруулахад онцгой хувь нэмрээ оруулж чадна. Түүнээс гадна, Тогтвортой бичил уурхай зэрэг төслүүд нь байгаль экологийн асуудлаар манлайлагчид, төрийн байгууллагуудын ойлголтыг сайжруулж, байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд түлхэц болж чадна.

Лансет комиссын тайлангийн дүгнэлтүүд нь олон улсын эрүүл мэндийн талаарх бодлогод ямар нөлөө үзүүлэх вэ?

Энэ жилийн Лансет тайлан нь хүний эрүүл мэндэд үзүүлж буй бохирдлын нөлөөг хөдөлшгүй баримт нотолгоонуудаар танилцуулсан бөгөөд ялангуяа ядуу, эмзэг бүлгийнхний дунд бохирдлоос үүдсэн нас баралт харьцангуй өндөр байгааг харуулсан. Тайланд энэ асуудлыг тоомсорлохгүй орхиж байгааг харуулснаас гадна шийдвэрлэх арга хэмжээ аваагүйгээс үүдэн гарах зардал маш өндөр,  харин асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь эдийн засгийн үр ашигтайг ч харуулж байна. Мөн тайланд энэ хүрээнд хийвэл зохих тодорхой арга хэмжээнүүдийг тодорхойлжээ.

Энэ тайлан дэлхийн болон үндэсний эрүүл мэндийн чуулгануудад хэлэлцүүлэг, мэтгэлцээн эхлүүлэх нь дамжиггүй. Тайлангийн зөвлөмжүүд нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) шийдвэрүүдийн үндэслэл болох боломжтой төдийгүй хувийн хэвшлийнхэнд өндөр шаардлагатай байгаль орчны стандарт хэрэгжүүлэх сэдлийг төрүүлэх боломжтой юм.

Швейцарь улсын хувьд дэлхий нийтийн эрүүл мэндийг сайжруулахад юу хийх боломжтой вэ?

Байгаль орчны асуудлууд, бохирдлын тухай ойлголт өргөн мэдлэгтэй улсад амьдарч байгаагаараа бид хувьтай хүмүүс юм. Бид эрүүл саруул амьдарч байна. Манай улс байгаль орчны өндөр стандартыг мөрдөж, хувийн хэвшлийг байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө хамгийн бага түвшинд байлгахыг шаарддаг. Мөн олон нийт нөхцөл байдалд хяналт тавьж, сайжруулах шаардлага байнга тавьж, аливааг илүү сайнаар хийж бүтээхийг шаарддаг.

Гэхдээ байдал байнга ийм байгаагүй. Жишээ нь, усны цогц цэвэршүүлэлт хэрэгжихээс өмнө манай гол горхи, нуурыг ямар байсныг сана даа. Харамсалтай нь олон улс оронд нөхцөл байдал тэр үе шиг байна.

Тиймээс байгаль орчин хамгаалалтай холбоотойгоор хуримтлуулсан Швейцарь улсын мэдлэг, туршлага нь бусад улсуудад тус болж чадна. Зарим улсууд бидэнд шууд хандаж, тулгамдаж буй асуудлуудынхаа талаар зөвлөлддөг.
Байгаль орчны доройтлыг зогсоох нь дэлхий дахинд тулгамдаж буй асуудал юм. Илүү аюулгүй, эрүүл ирээдүйн төлөө ажиллах нь бидэнд чухал юм.

Алтны төлөөх хошуурал

Уул уурхайн сөрөг нөлөө хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл учруулдгийг Монгол Улсын жишээ харуулсан. Энэ улсад гар аргаар алт олборлох үйл ажиллагаа огцом дэлгэрч үүнийг дагаад дагаад сөрөг үр дагаврууд бий болсон. Орон нутгийн иргэдийн дийлэнх хэсэгт хувиараа алт олборлох нь амин зуулгын цор ганц боломж байлаа. Хахир хатуу зуд, эдийн засгийн өөрчлөлтийг дагаад олон малчид амь зуулгаасаа салсан юм. Иймээс ядуу хүн амын ихэнх нь амьдрахын тулд орлогын өөр эх үүсвэр олохоос өөр сонголтгүй болсон. Ингээд олон хүн хувиараа ашигт малтмал олборлож эхэлсэн юм.

Хувиараа ашигт малтмал олборлогчид хуучин, хаягдсан уурхайн нүхнүүдийг дахин ухаж, эсвэл шинээр нүх малтаж, хамгийн энгийн гар багажуудыг ашиглан хөдөлмөрлөж байсан бөгөөд өөрсдийн аюулгүй байдлыг үл тоон, хууль бусаар ажиллаж байв.
Хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаа болон түүний нийгэм, байгаль орчны сөрөг нөлөөлөл нь удалгүй хяналтаас гарсан. Учир нь хувиараа ашигт малтмал олборлогчид байгальд учруулж буй хор нөлөөгөө үл хайхарч байсан бөгөөд тэднийг байгаль орчин, Монголчуудын соёл, уламжлалд аюул заналхийлж байна гэж харах хүмүүс олон байв.

Үүнээс үүдэн нэг талаасаа хувиараа ашигт малтмал олборлогчдыг гэмт хэрэгтэн гэж үзэн, тэднийг ялгаварлан гадуурхаж эхэлсэн бөгөөд нөгөө талаасаа тэдний олборлолтын үйл ажиллагаанаас болж  хөрс, байгаль орчин доройтож улмаар нийгмийн зөрчил үүссэн. Үүний гол шалтгаануудын нэг нь хүдрээс алтыг ялгахад ашигладаг мөнгөн усны хэрэглээ байсан юм. Амалгамэйшн гэж нэрлэдэг энэ арга нь хялбар бас хямд тул хувиараа алт олборлогчид өргөнөөр ашиглах болсон.

Хориглолт биш зохицуулалт

2005 онд Монгол Улсын Засгийн газар нь эдгээр асуудлуудыг шийдвэрлэхээр болсон юм. ШХА-тай хамтран тогтвортой, хариуцлагатай бичил уурхайг бий болгохоор төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь Тогтвортой бичил уурхай (ТБУТ) төсөл юм. ТБУТ нь хууль бусаар алт олборлох үйл ажиллагааг хэрхэн эрх зүйн зохицуулалттай болгох, хувиараа ашигт малтмал олборлогчдыг хариуцлагатай болгох шийдлийг боловсруулсан юм. “Гол асуудал нь хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааны хууль эрх зүйн орчныг бий болгож, тэдэнд тодорхой үүрэг хариуцлага ногдуулах байсан” хэмээн ТБУТ-ийн Үндэсний зохицуулагч Б.Алтанбагана тайлбарласан юм.

Өөр шийдэл

Бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэхээс гадна бичил уурхайчид нийгмийн болон байгаль орчны стандартуудыг дагах мөрдөх шаардлагатай болсон байна. Байгаль орчинд учруулж буй бичил уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор бичил уурхайчдыг үйл ажиллагаагаа эхлэхээсээ өмнө нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулахыг шаарддаг болсон.
2008 онд Монгол Улсын Засгийн газар мөнгөн усны хэрэглээг бүрэн хориглосон юм. “Гэвч ийнхүү хориг тавьснаар асуудлыг бүрэн шийдвэрлэж чадаагүй” хэмээн ТБУТ-ийн үндэсний зохицуулагч дурдлаа. “Хүдрээс алтыг ялгах процессыг хувиараа ашигт малтмал олборлогчид уурхай дээрээ биш  нууцаар ахуйн нөхцөлд үргэлжлүүлэн хийж эхэлсэн” хэмээн тайлбарлав. Ингэснээр гэр бүлийн бусад гишүүд, хүүхдүүд нь мөнгөн усанд хордож эхэлсэн. Бага насны хүүхдийн хажууд химийн хорт бодис ашиглах нь архаг өвчлөл, эдгэршгүй гэмтэл, хөгжлийн бэрхшээл эсвэл бүр зуурдын үхэлд хүргэх аюултай.

ТБУТ нь энэ үед хүдрийг мөнгөн усгүйгээр баяжуулах боломжтойг батлан харуулах сэгсрэх ширээг нэвтрүүлсэн юм. ШХА-гийн тусламжтайгаар мөнгөн усгүй хүдэр баяжуулах цехийг туршилтаар байгуулж байлаа. “Сэгсрэх ширээний аргачлалыг одоо бичил уурхай бүхий гурван газар ашиглаж байна” хэмээн Б.Алтанбагана ярилаа.

ТБУТ-ийн дэмжлэгтэйгээр боловсруулсан журмыг 2010 онд Монгол Улсын Засгийн газар баталж, бичил уурхай салбарын эрх зүйн зохицуулалт бий болсон юм. “Энэ бол асар том дэвшил байлаа” хэмээн Б.Алтанбагана онцолсон. Эрх зүйн зохицуулалттай болсноор олон бичил уурхайчид олборлолт явуулах эрхтэй болж үйл ажиллагаа нь илүү баталгаатай болсон юм. Ингэснээр тэд илүү сайн техник технологи нэвтрүүлэх, аюулгүй ажиллагаандаа анхаарал хандуулж үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалт хийх боломжтой  болж улмаар тэдний эрүүл мэндийн нөхцөл байдал байдал сайжирч, ослын тоо буурч, хөдөлмөрийн бүтээмж өсөхөөс гадна амьжиргаа нь ч дээшилсэн юм.

Бохирдол үхлийн шалтгаалсан болох нь

Дэлхий даяар хүрээлэн буй орчны бохирдол нь Монголын бичил уурхайчид шиг эмзэг бүлгийнхний эрүүл мэндэд илүү ихээр нөлөөлдөг. Энэ бол Лансет комиссын боловсруулсан Бохирдол ба Эрүүл мэнд тайлангийн дүгнэлтүүдийн нэг юм.

2015 онд хөрс, агаар, усны бохирдол нь есөн сая орчим хүний зуурдын үхэлд нөлөөлсөн байна. Хүрээлэн буй орчны бохирдол нь тамхидалт, өлсгөлөн, байгалийн гамшгийн улмаас нас барсан нийт хүний тооноос илүү олон хүнийг үхэлд хүргэсэн байгаа юм. Энэ нь дайнд амь насаа алдсан  нийт хүний тооноос даруй 15 дахин их байгаа юм. Хүрээлэн буй орчны бохирдлоос шалтгаалсан нас баралтын бараг 92% нь хөгжиж буй, шилжилтийн үед байгаа улс орнуудад тохиолдож байна. Энэ эмгэнэлт статистик тоон үзүүлэлтүүдээр Лансет тайлан нь бохирдол, эрүүл мэнд хоёрын дунд орших холбоосыг тодотгон харуулжээ.

Агаар бохирдуулагчдын ихэнх нь шатах ашигт малтмалын өндөр хэрэглээтэй баян орнууд болон их хэмжээгээр мод болон бусад биомассыг шатааж буй хөгжиж буй улсууд юм. Ус болон хөрсний бохирдлыг нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд, химийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд болон уул уурхайн салбар бий болгож байна.

ТБУТ-ийн тусламжтайгаар эмзэг бүлгийн амьжиргааны түвшин дээшилж, эрүүл мэндийн үзүүлэлт нь урт хугацаанд сайжирсан байна. Гэвч Лансет тайлангийн гаргаж үзүүлснээр хүрээлэн буй орчны бохирдол, эрүүл мэндийн холбоог ихэвчлэн олон улсын хөгжлийн байгууллагууд анхааралгүй үлдээдэг байна. Энэ холбоосыг хүлээн зөвшөөрөх нь том алхам байх болно. Хүрээлэн буй орчны бохирдлын үр дүнтэй хяналт нь эрүүл мэндийг сайжруулж, ядуурлыг бууруулж, цэвэр усны хангамжийг сайжруулахаас гадна нийгмийн шударга ёсыг түгээж, тогтвортой хот төлөвлөлтийг дэмжиж, ус болон газрыг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулахад онцгой хувь нэмэртэй юм.