Хашаанаас цэцэглэсэн боломжууд

Article, 20.03.2017

Л.Тодгэрэлийн гэр бүлийн түүх

Амьдрал дандаа хялбар байддаггүй. Зарим хүн илүү их бэрхшээлтэй тулгардаг. Тэдний нэг бол гурван хүүхдийн ээж Дэжид юм. Ханийг нь Тодгэрэл хэмээнэ. Тодгэрэлийнх  Улаанбаатар хотоос 40 км зайтай Налайх дүүрэгт амьдардаг.

vegi_backyard_farm
Дэжид хашаан дахь хүлэмжиндээ хүүхдүүдийн хамт ургацаа хурааж байгаа нь. © MFARD / SDC

Гурван хүүхдийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй учраас Дэжид тэднийгээ асарч гэртээ суудаг байв. Нөхөр Тодгэрэл нь мөн л тогтмол ажилгүй тул цагийн эсвэл улирлын чанартай бага хөлстэй ажил хийж амьжиргаагаа залгуулсаар иржээ. Хэдий ийм хүнд нөхцөлд амьдардаг ч Дэжид амьжиргаагаа сайжруулах итгэл найдвараа хэзээ ч алдаагүй юм.

Тиймээс ч тэрээр долоон жилийн өмнөөс хашаандаа төмс, хүнсний ногоо тариалж эхэлжээ. Ингэснээр ургацаа хүнсэндээ хэрэглээд илүү гарсныг нь борлуулж нэмэлт орлого олох болов. Эхний жил 10 кг төмс хурааж хүнсэндээ хэрэглэхийн хамт бага зэргийг борлууллаа. Ийнхүү ногоо тарьж орлого олох боломжтойг ойлгов. Удаах жил нь шар манжин, лууван, байцаа, навчит ногоо тариалж ургацынхаа нэр төрлийг нэмэгдүүлснээр 200,000-300,000 төгрөгийн ашиг олж чадсан юм. Хэдийгээр энэхүү ашгийн хэмжээ тийм их байгаагүй ч илүү ашигтай ажиллах боломжтойг ухаарав.

Тодгэрэлийн гэр бүл 2016 онд “Монгол ногоо” төслөөс зохион байгуулсан сургалтанд хамрагдсанаар 4х8 хэмжээтэй дуслын усалгааны систем бүхий хүлэмж, гүзээлзгэний 200 ширхэг үрсэлгээний дэмжлэг авав. Сургалтаас олж авсан мэдлэгээ ашиглан гүзээлзгэний үрсэлгээ ургуулж сурчээ. Намар нь гүзээлзгэний 300 ширхэг суулгац бэлтгэлээ. Нэг ширхэг суулгацыг 5,000 төгрөгөөр хөршүүдтэй борлуулснаар нийт 1,5 сая төгрөгийн ашиг олоодохов.

Мөн төслийн хүрээнд хүнсний ногооны хатаалтын технологийн сургалтанд хамрагдав. Ингэснээр ногоо хатааж сурч, өрхийн хэрэгцээнээс илүү гарсан ургацаа хатааж зарах боломжтой болсон юм. Хатаасан ногоог савлаад борлуулахад нэмүү өртөг бүхий үнэ нь 2-3 дахин нэмэгдэх боломжтой. Тэд ийнхүү хатаасан ногооноосоо нийт 2 сая төгрөгийн ашиг олохоор байна.

Төслийн хүрээнд онол, дадлагын сургалтуудад хамрагдаж, ногоо тарьж байгаа өрх, аж ахуйн нэгжийн талбайгаагаас туршлага судлах аялалд оролцсон нь миний хувьд ногоо тарьж ургуулах хүслийг улам нэмж, илүү их ажиллах эрч хүч, сонирхолтой болсон. Энэ жил шинэ таримал тарьж, хүнсний ногоогоо хатаах шинэ технологиийг сурсан нь манай өрхийн орлого нэмэгдэж, амтлаг жимс ногоо хүүхдүүддээ өгөөд зогсохгүй цаашид илүү их боломж байгааг олж харсан” гэж тэрээр ярилаа.