Монгол Улс Дэлхийн ур чадварын олимпоос медал хүртлээ

Local news, 29.11.2017

Арабын Нэгдсэн Эмират улсад болсон Дэлхийн ур чадвар тэмцээнээс Монголын баг гагнуурын төрлөөр медал хүртлээ.

Mongolia_team
Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцсон Монголын баг, 2017. Зургийг Мэргэжлийн ур чадвар төслөөс. © ШХА

Ур чадварын олимп хэмээн өргөмжлөгдсөн энэхүү нэр хүндтэй тэмцээнээс өдгөө 18 настай оюутан Ж. Жанлав-Ойдов дөрвөн төрлийн даалгаврыг амжилттай гүйцэтгэж, 700 оноо авснаар Монголын анхны медалийн эзэн болжээ.

Абу Даби хотноо болсон 2017 оны Дэлхийн ур чадварын тэмцээнд Монголын баг гагнуурчин, өрөг угсрагч, сантехникч, мужаан, тогооч болон цахилгаанчин гэсэн нийт зургаан төрлөөр өрсөлдлөө. Уг тэмцээнд өөр өөрийн чиглэлээр олон улсын стандартыг хангасан оролцогч медал хүртэх боломжтой.

Монгол Улс анх удаа 2015 онд Сан Пауло хотод болсон тэмцээнд 69 дэх орноор оролцсон аж. Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын мэргэжлээс аваад олон төрлийн ур чадвар шаардсан технологийн төрлийг хамарсан энэхүү тэмцээн нь ур чадварын өрсөлдөөний талбар төдийгүй мэргэжлийн ур чадварын олон улсын стандартыг таниулдгаараа ач холбогдолтой юм.

Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээнд оролцсон Монголын багийн бэлтгэлийг хангахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, олон улсын хандивлагч болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэлээ. Үүний дотор, “Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь” төсөл багийг бэлтгэл сургуулилтаа хийхэд нь дэмжлэг үзүүлсэн. Монголын багийн зургаан гишүүний дөрөв нь тус төсөлд хамрагдсан оюутнууд байв.

“Мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь” төсөл Монгол улсын мэргэжлийн боловсролыг зах зээлийн хэрэгцээнд нийцүүлсэн практик сургалтыг голчилсон сургалт болгож шинэчлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Төсөл нь нийт 11 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын хөтөлбөр, багш нарын заах ур чадварыг дээшлүүлэх, дадлагын байр, багаж зэмсгийг сайжруулах зэрэгт анхаарч байна.

Төслийг Германы Эдийн засгийн хөгжлийн яам (BMZ) болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран санхүүжүүлж, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг хэрэгжүүлдэг. Мөн Австралийн Гадаад харилцаа, худалдааны яамны санхүүжилтээр Австралийн Техник сургалтын институттай хамтран Өмнөговь аймгийн залуучуудын ур чадварыг дээшлүүлэхээр ажиллаж байна.

Жанлав-Ойдов багш Батсайханы хамт. © ШХА
Өрөг угстралтын даалгавраа гүйцэтгэж буй Монголын оролцогч © ШХА