Цаасаар урлахуй – Нийгмийн хариуцлагатай урлагийн төсөл

Article, 27.06.2017

Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, мөн гэртээ хүүхдээ асран суудаг, ажил орлогогүй хэдий ч хийж бүтээх эрмэлзэлтэй хэсэг эмэгтэйчүүд уламжлалт хэв шинжид тулгуурласан, байгальд ээлтэй цаасан шуумлан бүтээл урлахад суралцлаа. Ингэснээр тэд шинэ ур чадвар эзэмшиж, өрхийн орлогоо нэмэгдүүлээд зогсохгүй хог хаягдлыг дахин ашиглах боломжтойг харууллаа.

reimagine
Цаасан шуумал урлалын үзэсгэлэн 2017 оны 4 сарын 26-ны өдөр Rentsendorj

Цаасан шуумал нь үндэсний уламжлалт гар урлалын нэг төрөл бөгөөд модон эсвэл шавар материалаар бүтээсэн хэв дүрсэн дээр цаасыг цавуудан давхарлаж хийдэг. Цаасыг буцалгаж, эсвэл дэвтээж, нялцгай жонхуу болгон цавуугаар наадаг. Эрт үед буддын шашинд бурхан багшийн баримал болон шашны зан үйл бүхий цамын бүжгийн цамын багийг цаасан шуумлаар урладаг байжээ. Цамын баг нь Монголын дахин давтагдашгүй урлагийн бүтээл бөгөөд өдгөө музей, сүм хийдэд хадгалагдаж байна.

Re-Imagine Mongolia төслийг Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс санаачлан уран бүтээлч, бизнесийн зөвлөх ба бусад соёл урлагийн байгууллагын дэмжлэгтэйгээр 20 гаруй эмэгтэйд цаасан шуумлын аргачлалыг зааж сургаж, улмаар уран бүтээл туурвихад нь зөвлөж ажиллалаа.

Төслийн оролцогчид хаягдал цаасыг ашиглан, орчин үеийн бөгөөд монгол хэв маягийг агуулсан шинэлэг бүтээгдэхүүнүүдийг урлаж, эцсийн бүтээлүүдээ 2017 оны 4-р сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо  дэлгэн танилцуулсан юм.

МУЗ нь олон улсын болон дотоодын уран бүтээлч, соёлын байгууллагуудтай хамтран шинэ бүтээлүүдийг зах зээлд танилцуулах, борлуулахаар ажиллаж байна. Цаашид уран бүтээлч эмэгтэйчүүд ба хамтрагч галерей, дэлгүүрүүдийн бүтээлч хамтын ажиллагаа, мөн тэдний бүтээлийн зах зээлийн орлогоос хамааран энхүү төсөл нь тогтвортой үргэлжлэх болно.

МУЗ нь Улаанбаатар хотноо “Улаан гэр” галерей болон Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд цаасан шуумлын аргаар урласан бүтээгдэхүүнийг борлуулах цэгийг нээн ажиллуулж эхэлсэн. Улмаар “Улаан гэр” галерейд төслийн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах, хаягдал цаас цуглуулах, шинэ бүтээлийг нийтэд танилцуулах болон цахим дэлгүүр ба гар дээрх худалдааг өрнүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор шинэ бүтээлүүдийг Улаанбаатар хотын жуулчдын хамгийн ихээр зорчдог Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей дэх Re-Imagine Mongolia худалдааны цэгээс худалдан авах боломтой юм.

Цаасан шуумал бүтээлийн борлуулалтын бүх орлого нь уран бүтээлч эмэгтэйчүүдэд өрхийн бичил бизнесээ эрхлэх, өрхийн орлогоо тогтвортой нэмэгдүүлэхэд нь дэмжлэг болох болно. 

Өнөөдөр Монгол улсад ядуурал, нийгмийн тэгш бус байдал зэрэг нь голлох асуудал хэвээр байна. Ялангуяа хөдөлмөрийн зах зээл дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил үүргийн хуваарь, цалин, оролцоо зэрэгт хүйсээс ялгаварласан тэгш бус байдал зонхилсоор байгаа билээ. Дэлхийн Банкны тайлан  (Khan and Aslam 2013, 11)-д “Монгол улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт эрэгтэйчүүдийнхээс бага бөгөөд Монголын хөдөлмөрийн зах зээл нь хүйсээс маш өндөр хамааралтай байна.” хэмээн дурьдсан байна.

Иймээс “Re-Imagine Mongolia” нь урлаг, соёлын өв болон дахин ашиглах аргачлалаар дамжуулан эмэгтэйчүүдийг чадавхижуулах, байгальд ээлтэй, тогтвортой эко бүтцийг бий болгоход чиглэгдсэн нийгмийн хариуцлагатай урлагийн төсөл юм.

“Би найз нөхөд болон хамаатануудаасаа цаасан шуумал бүтээгдэхүүн болох заан, хөөрөг зэргийг хийх захиалга авсан. Одоогоор би Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран бусад гэр хороололд амьдардаг эмэгтэйчүүдэд сургалт хийж байгаа. Мөн хажуугаар нь өөрийн гараар цаасан шуумал бүтээлээ урлаж өрхийн орлоготоо нэмэрлэж байгаа” гэж Сонгинохайрхан дүүргийн 3-р хороонд оршин суудаг 41 настай М.Дөлмаа хэлсэн юм.  

Мөн тус хорооны иргэн, 31 настай Б.Чулуун энэхүү төсөлд амжилттай хамрагдсан бөгөөд хорооныхоо хүүхдийн цэцэрлэгээс цаасам шуумал тоглоом, хүүхэлдэй хийх захиалга авсанаа дурьдаж байлаа. Тэрээр таван жилийн өмнө осолд орж хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон хэдий ч төсөлд хамрагдсанаар гэртээ бүтээлээ туурвиж, гэр бүлийнхээ амьжиргаанд нэмэр болох боломжтой болсон.

Төсөл дуусахад МУЗ нь нийт долоон төгсөгч-уран бүтээлчидтэй цаашид цаасан шуумал бүтээл хийх, борлуулахад нь туслахаар хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Энэхүү төслийг Швейцарийн хөгжлийн агентлагийн Соёл урлагийг дэмжих тэтгэлэг хөтөлбөрийг хүрээнд санхүүжүүлсэн бөгөөд Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн эмэгтэйчүүдэд шинэ ур чадварт суралцаж, зах зээлд бүтээлээ танилцуулах бололцоог олгоод зогсохгүй Монголын уламжлалт гар урлалыг хадгалан хамгаалахад хувь нэмрээ орууллаа.

arts
Төсөлд хамрагдсан эмэгтэйчүүд цаасан шуумал урлахад суралцаж байгаа нь © МУЗ

Цаасан шуумал төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах видео линк дээр дарч үзнэ үү. 

Видео үзэх