Бичил уурхайчид Хариуцлагатай уурхайн статусаа дахин бататгав

Local news, 21.09.2017

Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” (ХАМОДХ) 2015 онд Колумб улсад төвтэй “Хариуцлагатай уул уурхайн холбоо”-оос одоогийн байдлаар Ази тивд анх удаа, дэлхийд хоёр байгууллагад олгогдсон “Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээг авсан юм.

asm
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ХАМОДХ ТББ-ын бичил уурхайчин © ШХА

Тус ТББ нь 2005 онд байгуулагдсан бөгөөд эгнээндээ 300 гаруй бичил уурхайчид бүхий нөхөрлөлүүдийг нэгтгэсэн байгууллага бөгөөд уг гэрчилгээг авахын тулд алт олборлох явцдаа мөнгөн ус, цианид ашиглаагүй, байгаль орчинд хор хөнөөл багатай, эдийн засаг, технологийн хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлсэн байгууллага болохоо тодорхойлох нийт 200 гаруй стандарт шалгууруудыг бүрэн хангасан юм.

Энэ оны есдүгээр сард тус ТББ нь экологид ээлтэй, хариуцлагатай үйл ажиллагааг нь бататгах олон улсын аудит шалгалтаар энэхүү нэр хүндтэй статусаа дахин хадгалж чадлаа.

Бичил уурхайчид болон тэднийг дэмжиж буй төслийн хамт олны хамтын хичээл зүтгэл энэхүү сайн туршлагыг хамгаалж бататгахад чухал ач холбогдолтой юм гэж Хариуцлагатай уул уурхайн холбооноос онцлон тэмдэглэжээ.

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээний эксперт Н.Уранчимэг Олон улсын хариуцлагатай уул уурхайн холбооноос дараах шаардлагыг хангасан алтыг "эко" гэж тодорхойлдог гэж танилцууллаа. Үүнд:

  • Алтаа мөнгөн усгүй боловсруулсан байх,
  • Хүний эрхийг дээдлэх,
  • Хүүхдээр хөдөлмөр эрхлүүлээгүй байх,
  • Алтаа цианидаар баяжуулаагүй байх,
  • Хүчирхийлэл, хүний наймаа бүхий орчинд алтаа олборлон, боловсруулаагүй байх,
  • Боолчлол явуулаагүй байх,
  • Зөрчил мөргөлдөөнтэй газар үйл ажиллагаа явуулаагүй байх зэрэг олон шаардлага тавьдаг аж.

“ХАМОДХ” ТББ нь энэ гэрчилгээг авснаар Монголын бичил уурхайчид ил тод, байгаль орчинд халгүй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг болохыг олон улсад баталгаажуулсан төдийгүй олборлосон эрдэс баялгаа олон улсын зах зээл дээр борлуулах, улмаар тодорхой хэмжээний урамшуулал хүртэх боломжтой юм.

Урамшуулал нь Шударга олборлолтын стандартын хүрээнд ёс зүйтэй үйл ажиллагаа явуулан, тогтвортой сайн ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй байдлыг үнэлэн олгож буй шагнал юм. Тус урамшуулал нь бичил уурхайчид болон орон нутгийн хөгжлийг дэмжих, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд зарцуулагддаг.

Тус ТББ жил тутам олон улсын аудитын байгууллагаар үйл ажиллагаагаа хянуулан, баталгаажуулан ажиллаж байна. Түүнчлэн 2016 онд ХАМОДХ ТББ нь олборлосон анхны 1 кг алтаа олон улсын зах зээлд борлуулж 6,000 ам. долларын урамшуулал авсан бөгөөд 2017 онд Герман улсын Трейд Гоулд компанитай хамтран Шудрага Олборлолтын эко алтыг Европын зах зээлд борлуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ХАМОДХ ТББ-ын тэргүүн Ч.Отгонбаатар: “Манай ТББ экологийн шударга олборлолтын аргаар олборлосон алтаа дэлхийн зах зээлрүү экспортолж байгаадаа баяртай байгаа. Бид экспортолсон кг тутам алтанд олгогддог 6,000 ам.долларын урамшууллаа орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан. ХАМОДХ ТББ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнөөр манай бичил уурхайчид илүү хариуцлагатай болж ажлын байр дахь аюулгүй ажиллагааг үргэлж сахидаг мөн тогтвортой ажилладаг болсон.” гэж ярьсан юм.

Ёс зүйтэй олборлосон алтаар үйлдвэрлэгдсэн үнэт эдлэл болон бусад бүтээгдэхүүнүүд Ази, Европ, Австрали, хойд болон өмнөд Америк тивийн нийт 18 оронд борлуулагдахын зэрэгцээ интернэт дэлгүүрүүдээр дэлхий даяар худалдаалагдаж байна.

Олон улсад шударга олборлолтын эко алтыг Chopard, Gucci зэрэг дэлхийн томоохон брэндүүд гоё чимэглэлийн бүтээгдэхүүндээ хэрэглэдэг байна. Мөн жил бүр томоохон нээлт хийсэн эрдэмтдэд олгодог, Нобелийн шагналын одонг энэхүү эко алтаар бүтээдэг байна.

Энэхүү мэдээ www.sam.mn анх нийтлэгдсэн.