Агаарын бохирдлоос эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаална

Local news, 17.12.2018

Хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлаг хамтран ажиллах хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо танилцууллаа.

Агаарын бохирдол
Агаарын бохирдол © НҮБ-ын Хүүхдийн сан

Уг хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар болон бусад  түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар судалгаа хийх, жирэмсэн эх, хүүхдүүдийн агаарын бохирдолд өртөх өртөлтийг бууруулах арга хэмжээ авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах гэсэн үндсэн чиглэлд ажиллана.

2018-2021 оны хооронд хэрэгжүүлэх дээрх хамтарсан хөтөлбөрийн үр дүнд 5 хүртэлх насны хүүхдийн дундах хатгалгааны түвшнийг бууруулж, агаарын бохирдлоос шалтгаалах жирэмсний үеийн эрсдэлийг багасгахыг зорьж ажиллана.

“Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх онц ноцтой хор уршгийн талаар ДЭМБ-аас сая гаргасан судалгаа дахин нотоллоо. Энэ баримт нотолгоо дэлхийн улс орнуудын хувьд түгшүүрийн дохио болох ёстой. Ялангуяа байгаль орчин, эрүүл мэндийн салбарынхан цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай байна. Сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлж, дээрх салбаруудад онцгой ач холбогдол өгөн, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний үр дүнг баталгаажуулах ёстой. Тийм ч учраас Швейцарын хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүүхдийн Сан бусад түнш байгууллагуудтай хамтран агаарын бохирдлоос үүдэх сөрөг нөлөөг бууруулахын тулд дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Монголын хүн ам, тэр дундаа хүүхэд багачууд жилийн турш цэвэр агаараар амьсгалж, эрүүл мэндийн чанартай сайн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэхийг бид зорьж ажиллана” хэмээн Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал, Ерөнхий консул Габриелла Спирли үгэндээ дурдав.

 “Монгол Улсын Засгийн газар болон бусад хөгжлийн байгууллагууд агаарын бохирдлын хэмжээг бууруулах урт хугацааны, тогтвортой гарц шийдэлд хөрөнгө оруулалт хийж байна. Гэвч үүнд цаг хугацаа шаардлагатай. Энэ хооронд хүүхэд, жирэмсэн эхчүүдээ утаанаас хамгаалах арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна. Тийм учраас бидний хамтран хэрэгжүүлэх энэ хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд, жирэмсэн эхчүүдийн өртөлтийг багасгах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах байх болно” гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв.

Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүүхэд эхийн хэвлийд бий болсон мөчөөс эхлэн агаарын бохирдлын сөрөг нөлөөнд хамгийн ихээр өртөж байдаг. Агаарын бохирдол нь амьсгалын замын халдвар, өвчлөлтэй холбоотой баримт судалгаа хангалттай бий. Гэтэл агаарын бохирдол хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг улам ихээр баталсаар байна.  Сүүлийн үеийн судалгаанууд нарийн ширхэглэгт тоосонцор PM2.5-аар амьсгалах нь бага насны хүүхдийн тархины эд эсийг гэмтээж,  танин мэдэхүйн чадварт нь сөргөөр нөлөөлж, улмаар насан туршийнх нь амьдралд нөлөөлж болохыг тогтоосон.

Судалгаагаар хүүхдийн танин мэдэх үйл явцтай агаарын бохирдлын өртөлт шууд холбоотой ба сургуулийн хүүхдүүдийн дунд үгэн ба үгэн бус IQ, ой санамж, сорилын оноо, голч оноо буурах түүнчлэн бусад мэдрэл зан үйлийн өөрчлөлтөд нөлөөлж буйг тогтоосоор байна. Жирэмсний үед агаар бохирдуулагчид ихсийг нэвтрэн ургийн тархины хөгжилд нөлөөлснөөр насан туршийн өөрчлөлт оруулах эрсдэлтэй байдаг. Жирэмсэн эх төрөхийн өмнөх үед агаарын бохирдолд их хэмжээгээр өртөхөд хүүхдийн 3 настай үеийн өсөлт хөгжлийн хоцрогдол, цаашлаад бага насны хүүхдийн анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх хам шинж, сэтгэл түгших, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн болоод зан үйлийн өөрчлөлт илэрдгийг судалгаагаар олж тогтоосон. Өөр нэг судалгааны дүнгээр агаар дахь хорт бодисын нөлөөнд эхийн хэвлийд байх үедээ өртсөн хүүхдүүдийн дунд 5 настай үеийн IQ оноо 4-өөр буурсан үзүүлэлт гарчээ.