Монгол Улсын Засгийн газар чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг баталлаа.

Local news, 30.05.2018

Монгол Улсын Засгийн газраас “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг баталлаа. Энэхүү бодлогын үндсэн зорилго нь Монгол Улсад төвлөрлийг сааруулах шинэчлэлийг цогцоор нь шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Иргэд орон нутгийн асуудлаа хэлэлцэж байна
Иргэд орон нутгийн асуудлаа хэлэлцэж байна ©ШХА

Төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын  чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг засаг захиргааны түвшин, тодорхой салбар хооронд, эсхүл төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшилд шилжүүлэхэд энэхүү аргачлалыг дагаж мөрдөнө. Төвлөрлийг сааруулах шинэчлэл болон чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг хэрэгжүүлснээр төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах улмаар чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах нөхцөл бүрдэнэ.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Төвлөрлийг сааруулах шинэчлэлийг хэрэгжүүлэх гол үндэс суурь нь төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой хуваарилах асуудал байдаг. Бид төвлөрлийг сааруулна, тэр дундаа төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал хийдлийг арилгана, оновчтой хуваарилна гэж олон жил ярьж ирсэн боловч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад төрийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан зааглаагүй, хариуцлага нь чиг үүрэгтэйгээ уялдаагүй, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр хангалтгүй зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байсаар байна. Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэхүү аргачлалыг баталлаа.” гэв.

Тухайн салбарын мэргэжилтнүүд, шинжээчдээс бүрдсэн техникийн ажлын хэсэг чиг үүргийн шинжилгээ болон дахин хуваарилах ажлыг хийнэ. Чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэхүү ажлыг хөнгөвчлөх зорилгоор өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа бүх хуулийн тоон системд шилжүүлсэн программ хангамжийг боловсруулаад байгаа. Энэхүү программ хангамжийг ашиглан аргачлалыг хэрэгжүүлэн чиг үүргийн дахин хуваарилалтын ажлыг хийх бүрэн боломжтой болж байна.

ШХА нь улс төрийн, төсвийн болон захиргааны төвлөрлийг сааруулахад тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлон шийдвэрлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэж улмаар ядуурлыг бууруулах зорилгоор төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг болон засаглалын чиглэлийн бусад төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм.