Хүлэмжийн аж ахуйн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд олон зүйл сурах шаардлагатай байдаг

Local news, 19.09.2018

Хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний аюулгүй байдлыг хангасан, баталгаатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, цаг агаарын ямар ч нөхцөлд тогтвортой үйлдвэрлэл явуулах боломжийг бүрдүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол ногоо төсөл ажилладаг.

Тариалачид туршлага судлаж байна
Тариалачид туршлага судлаж байна ©ШХА

Төслийн хүрээнд энэ оны 8 сард  газар тариалангийн төв бүс болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариаланчдын туршлагыг судлах аяллыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү аялалд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Ховд, Увс, Төв аймаг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод ногоо тариалдаг нийт 50 гаруй ногоочид хамрагдаж туршлагаа солилцлоо. Аяллын хөтөлбөрт Монгол ногоо төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан Төв аймгийн Зуунмод сумын "Хүлэмжийн аж ахуйн нэвтрүүлэх төв"-ийн үйл ажиллагаатай танилцах ажил байсан. Сүүлийн жилүүдэд хот орчмын болоод төв, суурин газруудад хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн тоо эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд тэдэнд технологи, арга зүй, мэдлэг мэдээлэлийг олгох сургалт, зөвлөгөөний мэргэжлийн төв байгуулагдсан нь ихээхэн эрэлттэй, хэрэгцээтэй үйлчилгээ болоод байна.

”Хүлэмжийн аж ахуйн нэвтрүүлэх төвийн үйл ажиллагаатай танилцсанаар хүлэмжийн аж ахуйн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхэд олон зүйл сурах шаардлагатай байдаг юм байна гэдгийг мэдэж авлаа” хэмээн оролцогч Алимаа ярилаа. Шинэ технологи нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой энэхүү нэвтрүүлэх төв нь сонирхсон бүх ногоочдод нээлттэй үйлчилдэг бөгөөд үр шимийг нь олон хүмүүс хүртээд байна. Нэвтрүүлэх төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараагаар аяллын баг Сэлэнгэ, Дархан, Төв, Орхон аймгийн нийт 8 сумын 100 гаруй ногоочдын санаачилгаар байгуулагдсан "Цэвэр хөрсний шим" дундын хоршооны үйл ажиллагаатай танилцахаар СХД-т байрлах дундын хоршооны Сэлэнгэ зах дахь хүнсний ногооны агуулахыг зорьсон юм. Дундын хоршоо нь гишүүн тариаланчдын хүнсний ногооны борлуулалт, маркетингийн асуудлыг хариуцдаг бөгөөд төмс, байцаа, лууван, манжин, сонгино, сармис гэх 6 нэр төрлийн үндсэн хүнсний ногоог тариаланчдаас Номин супермаркетийн 6 сүлжээ дэлгүүрт дундын ямар нэг зуучлагчгүйгээр шууд нийлүүлдэг. Туршлага судлахаар ирсэн тариаланчдад дундын хоршооны агуулах, зоорь, түгээлт, хэрэглэгчийн стандарт, үйл ажиллагаа, маркетингийн талаар танилцуулсан юм. Ногоочдын хувьд “дундын хоршоо” гэх нэршил харьцангуй шинэ ойлголт тул тэдний сонирхлыг маш ихээр татаж байлаа.