Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт Улаанбаатар хотод амжилттай боллоо

Local news, 27.06.2018

Энэ удаагийн 8 дугаар уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг давхардсан тоогоор 500 гаруй мэргэжлийн хүмүүс оролцсон юм. Уулзалтын үеэр малын эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт ба байгалийн нөөц ашиглалт, амьжиргаа ба эдийн засаг, хүнс тэжээл гэсэн дөрвөн үндсэн сэдвүүрээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Чуулга уулзалтанд оролцогчид ©ШХА

Уулзалтыг нээж Монголын 160 000 малчин өрхийг төлөөлж Баянхонгор аймгийн Богд сумын Бор овоо Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч малчин залуу Ц. Буяннэмэх “Монголын малчид тогтвортой хөгжлийн төлөө” сэдвээр илтгэл тавилаа. Нутгийнхаа малчдын дунд бэлчээрээ зүй зохистой ашиглах, зэрлэг ан амьтныг хамгаалах зэрэг олон санаачлагатай ажлаараа хүндлэгддэг энэ малчин залуу Монголын нүүдлийн МАА-н тогтвортой хөгжлийг хангах боломжууд болон тулгарч байгаа бэрхшээлүүдийн талаар өөрийн санал бодлоо хуваалцсан юм. Тэрбээр сүүлийн 20 жилийн дотор Богд суманд гурван удаагийн зуд тохиолоо. Энэ жилүүд түүний хувьд хамгийн хүнд үеүүд байсан. Гэр бүл болон мал сүрэгээ дахин ийм байдалд оруулахыг хүсэхгүй байна“ гэж онцлон тэмдэглэсэн юм.

Мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах суурь хүчин зүйл нь эрүүл бэлчээр. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бэлчээрийн доройтлыг сааруулах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт, экспортыг хязгаарлаж байгаа малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр зохистой менежментийг хэрэгжүүлж байна. Монгол улс тооноос чанарт шилжих бодлого хэрэгжүүлж байгааг олон улсын мэргэжлийн байгууллагууд сайшаан, цаг алдалгүй бэлчээрийн ашиглалтын тухай эрх зүйн цогц орчныг бий болгож, хоршооллыг хөгжүүлэн, байгальд ээлтэй бөгөөд тогтвортой, үр ашигтай мал аж ахуйг бодлогоор дэмжих нь чухал гэж даян дэлхийн мал аж ахуйн төлөөлөгчид үзэж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөгөө"-г боловсруулан, өнөөдөр даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн төлөөлөгчдөд танилцууллаа. Төлөвлөгөө нь 5 зорилт бүхий 34 арга хэмжээнээс бүрдэж байна Үүнд: бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, мал аж ахуйн салбарын үр ашгийг дээшлүүлэх, малын эрүүл мэнд, малын үржил, селекцийн ажлыг эрчимжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хөдөөгийн нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах, хамтын ажиллагаа, оролцоог дээшлүүлэх гэжээ.

Тогтвортой мал аж ахуйн хөгжил тэр дундаа бэлчээрийн зүй зохистой ашиглалт, малын эрүүл мэндийн асуудал Швейцарийн хөгжлийн агентлагын Монголд дэмжлэг үзүүлж байгаа үндсэн салбарууд юм. Үүний шалтгаан нь маш тодорхой. Монголын хөдөөгийн хүн амын 70 хувийг эзэлдэг 160 000 гаруй малчин өрхийн амьжиргаа бэлчээрээс шууд хамааралтай байдаг. Үндэсний тайлангийн мэдээнээс үзэхэд Монголын бэлчээр нутгийн 65% талхагдан доройтсон байгаа нь ноцтой үзүүлэлт юм. Энэ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл өнөөгийн болон ирээдүйн малчдын амьжиргаанд аюул учруулна. Гэсэн хэдий ч нэг сайн мэдээ гэвэл эдгээр доройтсон бэлчээр нутгийн 90% ачааллын бууруулбал байгалийн аясаараа нөхөн сэргэх чадвараа хадгалсан хэвээр байна. Тийм учраас яаралтай арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. 

Швейцарийн хөгжлийн агентлагын Ногоон Алт Малын эрүүл мэнд төсөл энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Малчдын дөрвөн улирлын бэлчээрээ хамтаараа зохион байгуулалттайгаар ашигладаг уламжлал дээр түшиглэн Бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтад оруулж, сумын удирдлагатай Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах аргачлалыг нэвтрүүллээ. Бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалтад орж, гэрээ байгуулснаар малчдын дунд бэлчээртэй холбоотой маргаанууд багасч, улирлын бэлчээрээ төлөвлөгөө тогтсон хуваарийн дагуу амрааж сэлгэн ашиглах, малын тоогоо аажмаар бэлчээрийн даацдаа тохируулах үүрэг хүлээх зэрэг олон эерэг үр дүнгүүд гарч байна.

Өнгөрсөн 12 жилийн туршид, Ногоон Алт Малын эрүүл мэнд төсөл 150 гаруй сумдын  60 000 малчин өрхийг бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалтад оруулсан ба эдгээрийн 900 гаруй нь бэлчээр ашиглалтын гэрээ сумын удирдлагатай байгуулсан байна.

Дэлхийн тогтвортой МАА уулзалт дээр Швейцарийн Хөгжлийн Агентлагын Дарга Габриелла Шпирли онцлон хэлэхдээ “Малчдын төвшинд явуулж байгаа үйл ажиллагаа маш их ахицтай амжилттай хэрэгжиж байна. Гэхдээ бэлчээрийн хуулийг цаг алдалгүй  баталж бэлчээрийн доройтол, цөлжилтийн эсрэг бодлогын дорвитой арга хэмжээ авах шаардлага байсаар л байна. Засгийн газрын хийсэн мэдээллээс үзэхэд бэлчээрийн хууль эрх зүйн орчин бүрдүүлэх ажил ахицтай явж байгаа, биелэх боломжтой мэт сэтгэгдэл төрлөө. Ихэнх аймаг, сумдад малын тоо бэлчээрийн даацаасаа хэд дахин хэтэрсэн байна. Иймд бэлчээрийн хураамж мэт дорвитой арга хэмжээ хэрэгжүүлэх замаар малыг чанаржуулах, тооны өсөлтийг бууруулах шаардлага байна. Малын тоонд бус чанарт анхаарах цаг тулж иржээ. Бэлчээрийн хураамжийг орон нутагт нь захиран зарцуулах эрхийн олговол малчид олон нийтийн дэмжлэг авах магадлал өндөр байгаа гэдэгийг судалгаа харуулж байна. 

Ногоон Алт малын эрүүл мэнд төсөл Монголчуудын олон зуун мянган жилийн турш мал аж ахуйгаа эрхлэх арга ухаан, хөрс нь нимгэн, эмзэг, ургамал нь тачир, сийрэг бэлчээрийн экосистемийн өвөрмөц онцлог, түүний экосистемийн ханган нийлүүлэх, зохицуулах, тэтгэх, нийгэм соёлын үйлчилгээний тухай видео танилцуулга хийсэн нь уулзалтад оролцогсдын сонирхлыг ихэд татлаа. Нэн ялангуяа бүс нутгийн эрс тэс уур амьсгал, тал хээр нутгийн эмзэг экосистемд тэсвэр хатуужилтай, дахин давтагдашгүй онцгой чадвар бүхий таван хошуу малтай гэдгийг онцолсон юм.  

“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн 8 дугаар уулзалт”-ыг тус хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер дүгнэж хэлэхдээ дараа, дараагийн уулзалтад олон талын оролцоог сайжруулна. Сайн шийдэл, тэргүүн туршлагыг олж тодорхойлоход хамтын ажиллагаа хамгийн чухал. Хөтөлбөрийнхөө үйл ажиллагаанд технологийн дэвшил ашиглаж, гишүүн байгууллагуудтайгаа мэдээлэл солилцон, бусдаасаа туршлагаас суралцан, шийдэл нь тодорхой болсон асуудлыг цаг алдалгүй бусдад ойлгуулахын тулд дуу хоолой нэгтэй байхыг уриаллаа.