Залуу сэтгүүлчид Монголд ардчилалын үнэт зүйлсийг түгээхэд хувь нэмрээ оруулж байна

02.10.2018

Ардчиллыг бэхжүүлэн хүчирхэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг сэтгүүлчид засаглалын асуудал, Монгол Улсын ардчиллын шинэчлэлийг иргэний оролцооны үүднээс үнэн зөв, гүн гүнзгий олж харж, сурвалжлан мэдээлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай юм.

Залуу сэтгүүлчид сургалтад оролцож байгаа нь
Залуу сэтгүүлчид сургалтад оролцож байгаа нь ©ШХА

Төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн идэвхтэй, утга учиртай оролцоо нь ардчиллын тулгын чулуу мөн төдийгүй төрийн байгууллагуудыг иргэдийн хэрэгцээ шаардлагад хариу үзүүлдэг байлгахад нэн чухал үүрэгтэй билээ.

Мэдээлэлжсэн, хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх замаар илүү оролцоотой бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжин сурталчлах залуу сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-ын “Иргэдийн оролцоо II” төсөл (ИОТII)-ийн үйл ажиллагааны хүрээнд сэтгүүлчдийн залуу үеийг “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрт хамруулсан.

Хүний эрх, тогтвортой хөгжлийн зорилтууд, иргэний оролцоо, хууль тогтоомж боловсруулалт болон хуулийн тайлбар, ёс зүй, судалгааны өгөгдөл мэдээллийн ашиглалт, хувь хүний өсөлт, хөгжил зэрэг сэдвийг хамарсан найман өдрийн сургалт, амралтын өдрүүдэд зохиогдсон лекцэд нийтдээ 50 хүртэлх сэтгүүлч хамрагдсан байна. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын захын гэр хороололтой хоёр удаа танилцсан болно.

Сургалтын сүүлчийн даалгавар болгож сэтгүүлчид найман бүтээл бэлтгэсэн нь төслийн цахим хуудас болон сошиал сувгуудад нийтлэгдсэн.

Германы Дойче Велле Академи (DWA), Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран 9 дүгээр сард зохион байгуулах дараагийн шатны гурван өдрийн ахисан түвшний сургалтад өмнөх шатны сургалтад хамрагдсан сэтгүүлчдээс 30 сэтгүүлчийг сонгон хамруулна. Уг сургалтаар Дойче Велле Академийн сургагч багш Томас Колманны удирдлага зааварчилгаан дор сэтгүүлчдийн мэдлэг, ур чадварыг улам бүр батжуулж, хурцлах юм.

Энэхүү “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөр нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин, иргэдийн оролцооны хэрэгцээ шаардлага, түүний ач холбогдол болон төр засгийн эгэх хариуцлагын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах сэтгүүлчдийн сүлжээг бий болгон бэхжүүлнэ гэдэгт Швейцарын хөгжлийн агентлаг итгэлтэй байна.