“Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем”-ийг хөгжүүлэх төсөл үр дүнгээ өгч эхэллээ

Local news, 14.06.2018

2017 оны 12 сард батлагдсан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилготой “Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем” нэвтрүүлэх туршилтын төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон Алт Малын эрүүл мэнд Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат сумдад хэрэгжүүлж байна.

Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем ©ШХА

Олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан веб технологид суурилсан энэхүү систем нь мал эмнэлгийн гэрчилгээ олгох хүртэлх хугацаанд уг мал, амьтан мал эмнэлгийн ямар үйлчилгээнд хамрагдсан  гэсэн  түүхийг баталгаажуулна. Уг системийг нэвтрүүлснээр мал эмнэлгийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хэрэгжүүлж байгаа мал эмнэлгийн нэгжийн ажлын үр дүнг баталгаажуулах, халдварт өвчингүй аймаг, сумд, нутаг дэвсгэрийг нийтэд зарлан мэдээлэх, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид болон хэрэглэгчдэд шаардлагатай мэдээлэл, баримт нотолгоог дэлгэн харуулах нөхцөл бүрдэнэ. Мөн энэхүү систем нь малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөхөд шаардагдах мэдээллийн санг бүрдүүлэх, мал эмнэлгийн тайлан, мэдээ гаргах үйл ажиллагааг багтаасан цогц систем болно хөгжих юм.

ХХААЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн Л. Даваасүрэн: Өнөөдөр дэлгүүр, худалдааны захын лангуун дээр зарагдаж байгаа махыг хаанаас авчирсан, ямар малынх юм бэ гэдгийг нь мэдэх боломж байдаггүй. Төслийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “Мах маркет” компаниар дамжуулаад 600 гаруй хонийг вебд суурилсан системээрээ нэвтрүүллээ. Хамгийн анхан шатанд Мал эмнэлгийн гэрчилгээгээрээ сумын нэгжээс сумын тасаг, аймаг, замд нь мөрдөн мөшгих тогтолцооны хүрээнд мэргэжлийн хяналт, цагдаагийнхан үзээд Улаанбаатар хотод нэвтрэх эрхтэй болно. Дараа нь үйлдвэрийн аргаар боловсруулаад Улаанбаатар хотын хүн ардын хэрэгцээнд эрүүл бүсээс эрүүл малын махыг оруулж ирэх систем юм”.
6 сарын 13-нд энэхүү  “Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем”-ийг хөгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих уулзалт ХААИС дээр амжилттай болж өндөрлөлөө.