17 жил хэрэгжсэн Ногоон алт малын эрүүл мэндийн төслийн хаалт амжилттай боллоо

Local news, 11.10.2021

Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад анх 1999/2000 онд зуданд нэрвэгдсэн малчдад чиглэсэн хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш бэлчээрийн зүй зохистой ашиглалт, зах зээлийн шинэ боломжийг бий болгох, бодлогын таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий Ногоон алт, Малын эрүүл мэнд  урт хугацааны хөгжлийн төслийг хэрэгжүүлсэн билээ.

Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Регацциони
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Регацциони ©ШХА

Тэр үеэс хойш 17 жил өнгөрч Швейцарын хөгжлийн агентлаг энэ оны 9 сарын 9-10 нд Монголын Бэлчээрийн IV форум болон “Ногоон алт Малын эрүүл мэнд” төслийн Хаалтын ажиллагааг зохион байгуулж Монголын малчид, үндэсний байгууллагууд, мэргэжилтнүүдтэй хамтран бүтээсэн Монгол Улсад үлдээж буй өвүүд, үр дүн, сайн туршлага, сургамжуудаа хуваалцаж байна. Энэ хугацаанд асар арвин сайн туршлага, сургамжуудыг хуримтлуулж мөн саад бэрхшээлүүдийг хамтдаа туулж, үр хүүхэд, хойч үедээ сайн сайхан ирээдүйг бүтээн үлдээхийн төлөө олон сайхан амжилтууд, үр дүнг бүтээсэн юм.

9 дүгээр сарын 10нд  “Ногоон алт Малын эрүүл мэнд” төслийн хаалтын үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Швейцарын Холбооны улсаас Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Швейцарын Хамтын ажиллагааны дарга Стефани Бурри нар үг хэлж, төслийн багийнхан олон жилийн үйл ажиллагаагаа танилцуулж, оролцогчид бэлчээрийн зүй зохистой ашиглалт, мал эмнэлэг, малчдын хамтын ажиллагааны байгууллага, хоршоодын туршлагаа хуваалцсан.

Цахим хурлаар талхлагдсан бэлчээрийн сэргэлт, дундын бэлчээрийн ашиглалт, бэлчээр ашиглалтын гэрээний талаар хийж буй ажлаа танилцуулж, цаашид гарах боломжуудын талаар хэлэлцэнэ. Учир нь төслийн дүнд манай малчид бэлчээр нутгаа зохистой ашиглахын төлөө нэгдэж хамтын байгууллага Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог байгуулан ажиллаж байна. 

Мөн малын гаралтай түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгч, боловсруулалтын компаниудад нийлүүлж шууд ашиг шимийг нь хүртэх "Хариуцлагатай нүүдэлчин" стандартыг мөрдөж байгаа талаар ярилцана. Үндсэндээ, чуулганд малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд бэлчээр ашиглагчид, малын түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нар, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож, эцсийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчид хүргэн хэрэгжүүлж буй ХАА-н зохистой дадал, сайн туршлагуудыг хуваалцахаас гадна дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид бэлчээрийн сэргэлтийн талаар хийсэн сүүлийн үеийн судалгааг танилцууллаа.

“Тогтвортой үйлдвэрлэлийн энэхүү стандартыг "Хариуцлагатай нүүдэлчид" гэж нэрлэсэн ба гадаад, дотоодын хэрэглэгчдээс асар их дэмжлэг авч байгааг мэдэхэд миний сэтгэл нэн тааламжтай байна. Энэ нь ирээдүйнхээ төлөө гар бие оролцвол малчид ямар ч том үр дүнд хүрч чадах нөөц боломж, хүчин чадал байгааг харуулсан зүйл боллоо.

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайдын хувьд бидний хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж томоохон үр дүнд хүрсэнд сэтгэл хөдлөн бахархаж байна. Бидний хүчин чармайлт малчны гэр бүл болон тэдний үр хүүхэд, цаашлаад улс орны хувьд жинхэнэ нэмүү өртөг шингээж чадах өөрчлөлтийг хийсэн байна.

Миний зүгээс Монголын төр болон ард түмэнд баярласнаа илэрхийлж байна. Бид 17 жилийг хамтдаа туулсан. Энэ бол амжилт дурсамж дүүрэн аялал байлаа. Та бүхэнд цаашдын ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн Элчин сайд Бернардино Регаццони хэлсэн үгэндээ онцолсон юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.responsiblenomads.mn  авах боломжтой