Сарлагийн сүүнээс гаргаж авсан цөцгийн тосонд та дуртай юу?

Local news, 22.01.2023

Монгол орны уулархаг нутгийн өвөрмөц нэг амьтан болох сарлагаас ихэвчлэн сүү болон хөөврийг нь авч ашигладаг ба одоогийн байдлаар нэг сая орчим сарлаг байна. Сарлагийг далайн түвшнээс дээш 1800 метрийн өндөрт ялангуяа Алтай, Хангайн уулархаг бүс нутагт ихэвчлэн малладаг.

Монголын сарлаг
Монголын сарлаг ©ШХА

Сарлагийн сүү нь өөх тос, уураг ихтэй тэжээллэг ч холестерингүй байдаг. Нэг килограмм өөх тос нь 19 грамм каротин буюу А аминдэм агуулдаг.Сарлагийн сүүнээс гаргаж авсан цөцгийн тос, бяслагны гарц нь үнээний нэг литр сүүнээс гарах бүтээгдэхүүнээс хоёр дахин их байдаг. Малчдын уламжлалт аргаар сарлагийн сүүнээс боловсруулан гаргаж авсан цөцгий, ааруул, бяслаг болон шар тосыг Монголчууд илүү түгээмэл хэрэглэдэг.

Сарлагийг хот суурин газраас алслагдсан уулархаг нутагт үржүүлж маллах нь илүү тохиромжтой байдаг ч одоогоор сарлагийн ферм байгуулах боломжгүй байна.Тиймээс малчид болон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нь зөвхөн сарлагаа сааж, цагаан идээгээ уламжлалт аргаар боловсруулж жилдээ хоёр удаа буюу “Намрын ногоон өдрүүд” болон “Цагаан сарын баяр”-ын үзэсгэлэн худалдаагаар борлуулж байна.

Швейцарын хөгжлийн агентлаг нь “Витафит Милк” ХХК-тай хамтран Өвөрхангай аймгийн Бат-Өлзий болон Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумдад сүү боловсруулах хоёр жижиг үйлдвэр барихад 38,000 швейцар франкийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь Ногоон алт, малын эрүүл мэндийн төслийн хүрээнд хийгдсэн малын гаралтай бүтээгдэхүүний мөшгөх тогтолцоог ашиглах боломжтой болсон.

Зуны эхний улиралд л гэхэд 60 гаруй малчид гурван сарын хугацаанд 100 гаруй мянган литр сүү нийлүүлж, 60 гаруй мянган швейцар франкийн орлого олсон байна.

Тус төсөлд хамрагдан сарлагийн сүүгээ нийлүүлж буй малчид “Бидний дансанд долоо хоног тутам сүүний төлбөрийн мөнгө орж олонх маань анх удаагаа байнгын орлоготой байгаа нь үнэхээр сайхан, сэтгэл ханамж өндөртэй байна хэмээн санал бодлоо хуваалцаж байлаа.

“Витафит Милк” ХХК нь хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар шаардлагатай бүхий л сургалтуудыг явуулж, малчдад литр сүүний үнийг тохиролцох боломжийг олгосон юм. Зуны саруудад малчин өрхүүд хамгийн их ачаалалтай завгүй байдаг бөгөөд сүүгээ уламжлалт аргаар боловсруулах нөр их хөдөлмөрөөс чөлөөгдөгдөн өөрсдөдөө цаг зарцуулах боломжтой болсон нь эмэгтэйчүүдийн хувьд гарсан таатай өөрчлөлт байлаа.

Малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна “Витафит Милк” ХХК нь орон нутагт нэмэлт ажлын байр бий болгон ажиллаж байна. Тус компани нь зуны улиралд тогтмол 10 хүн, харин жилийн турш 2 хүнийг орон нутагт нь ажлын байраар хангаж, сайн чанарын цөцгийн тос, ааруул үйлдвэрлэж, улмаар төв үйлдвэртээ зөөвөрлөн авчирч савлах, түгээх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. “Витафит Милк” ХХК-ийн үйлдвэрлэсэн 21 тонн сарлагийн сүүний ааруул, таван тонн цөцгийн тосыг Улаанбаатар хотод үйлдвэрийнхээ хөлдөөгчинд хадгалж, төрөл бүрийн сүүн бүтээгдэхүүний савлагаа болон бусад холбогдох боловсруулалт, үйлдвэрлэлийг 2023 оны нэгдүгээр улирлаас эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. “Витафит Милк” ХХК-ийн сарлагийн сүүн бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсвэл супермаркетуудын лангуунуудыг та шалгаж нэг үзээрэй!

“Витафит Милк” ХХК-ийн энэ хоёр жижиг үйлдвэр нь алслагдсан бүс нутагт цаашид ажиллах боломжтой эсэхийг туршиж байна. Хэрэв эдгээр үйлдвэрийн үйл ажиллагаа амжилттай, ашигтай болох нь батлагдвал өөр олон алслагдсан газар нэвтрүүлэх болно.

Аялал жуулчлалын бүсээс сүү худалдан авах нь үр дүн муутай, 8-р сарын дундуур малчид уул руугаа нүүдэг тул зуны улиралтай уялдуулан сүүгээ худалдан авах нь зүйтэй юм гэдгийг мэдэж авлаа” хэмээн Витафит Милк ХХК-ийн дэд захирал бидэнтэй санал бодлоо хуваалцсан юм.  

Дэлгэрэнгүйг Витафит Милкээс...