Баруун хязгаарын Хөххөтөл баг Швейцарьтай нөхөрлөсөн нь

Local news, 30.10.2017

Швейцарийн хамтын ажиллагааны захирал, ерөнхий консул Габриелла Спирли 2017 оны 10 дугаар сар 18-нд Монголын баруун хязгаарт орших Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хөххөтөл багт зочиллоо.

lamensa_Kindergarten
Улбар шар, ногооноор алагласан цэцэрлэгийн шинэхэн барилга Хөххөтөл багт ирсэн хэний ч нүдэнд тод тусна. © ШХА

Тэрээр Швейцарийн Тичинод төвтэй “Ла мэнза э ил греггэ” хэмээх ТББ-аас тус багт барьж өгсөн хүүхдийн цэцэрлэгийг зорьж очсон аж. Энэхүү төсөлд мөн Швейцарийн хөгжлийн агентлагаас зэргэлдээх аймгуудад хэрэгжүүлж буй төслөөс тусламж үзүүлж, хамтран ажилласан юм. 

Хөххөтөл баг Швейцарьтай холбогдсон түүх
Хөххөтөл хүрэх зам маш хол. Нийслэл Улаанбаатар хотоос Алтайн уулс хүртэл нийт 1330 гаруй км буюу Улаанбаатараас Бээжин хүрэхээс ч илүү алсад оршино. Гэвч энэхүү орон зайнаас үл хамааран Швейцарийн Ла мэнза э ил греггэ байгууллага тэднийг алс холын Швейцарь улстай дотно холбох болжээ. 2003 онд байгуулагдсан энэхүү ТББ нь Монгол улсын нэлээд хэдэн аймагт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор төрөл бүрийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллагын тэргүүн Маттео Беллиннели нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа дурьдахдаа казах үндэстэн голцуу аж төрдөг баруун хязгаарын Баян-Өлгий аймгийг онцлог бүс гэж үзсэн аж. Маттео Бэллинеллигийн хувьд өөрөө Швейцарь дахь үндэсний цөөнх италичуудын төлөөлөл. Тиймээс казахууд түүнд илүү дотно санагдсан гэнэ. Тус байгууллага нь Швейцарь дахь италичуудын ТББ-ын холбоо болох ФОСИТ –ын гишүүн бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүждэг аж.

100 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг
Хөххөтөлд ирсэн хэний ч нүдэнд улбар шар, ногоон өнгөөр алагласан цэцэрлэгийн барилга тод тусна. Энэ бол “Ла мэнза э ил греггэ”-ийн барьсан бэлэг. Хоёр жил гаруй төлөвлөж барьсаны үр дүнд тус цэцэрлэг 2017 оны есдүгээр сард хаалга үүдээ нээж, хүүхдүүдээ хүлээн авчээ. Швейцарийн консулд шинэхэн цэцэрлэгээ танилцуулж буй залуу эрхлэгчийн нүдэнд өөрийн эрхгүй бахархал төрнө. Ойрын 2-4 жилд тус цэцэрлэг дөрвөн бүлэгт 100 хүүхэд хүлээн авах боломжтой болох юм. Багийн бүх иргэд шинэхэн цэцэрлэгээрээ бахархаж, Швейцаруудын хийсэн ажлыг магтах аж. Аймгийн удирдлагууд ч мөн гар бие оролцож, төсөв мөнгөөр дэмжих буюу барилгын ажлын зардлын 20 хувийг гаргасан бөгөөд цаашид цэцэрлэгийн урсгал зардлуудыг хариуцана.

Швейцарийн хөгжлийн агентлагийн төслүүдтэй хамтран ажилласан нь
Хахир хатуу өвөлтэй Монгол орны цаг уурын хувьд аливаа барилга байгууламжийн дулаалгыг сайжруулснаар дулааныг алдуулахгүй, эрчим хүчийг хэмнэх нь нэн чухал. Швейцарийн хөгжлийн агентлагаас зэргэлдээ аймгуудад хэрэгжүүлж буй Эрчим хүчний үр ашиг төсөлтэй хамтран ажилласнаар цэцэрлэгийн барилгад стандартын дагуу дулаалга хийгджээ.

“Барилгын дулаалгыг сайжруулахын тулд ШХА-ийн төсөл Швейцарийн ТББ-тай хамтран ажиллаж дэмжсэний үр дүнд хүүхдүүд тав тухтай дулаан орчинд хүмүүжээд зогсохгүй эрчим хүчний хэмнэлт бий болгож, агаарын бохирдлыг бууруулахад ч хувь нэмрээ оруулж байгаад нь би баяртай байна” гэж хатагтай Спирли ярьлаа. Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй Эрчим хүчний үр ашиг төсөл нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийтийн үйлчилгээний байгууллагуудын барилгын дулааны алдагдлыг бууруулах засвар хийснээр нэлээд үр дүнд хүрсэн юм. Төслийн үр дүнг танилцуулсан видеог дараах холбоосоор үзэх боломжтой. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд мөн тус аймгийн барилгын компаниудад дараа дараагийн барилгадаа шинэ технологи нэвтрүүлэх туршлагаас суралцлаа.

Швейцарийн консул Хөххөтөл багийн удирдлагууд болон Ла менза э ил грэггэ ТББ-ийн төлөөлөгчийн хамт © ШХА
Хөххөтөлийн цэцэрлэгийн хүүхдүүд унтлагийн цагаар © ШХА