Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх олон улсын эрдэм шинжилгээний бага хурал

Local news, 25.09.2017

Улаанбаатар, 2017.09.19-20 -- Нийгмийн эгэх хариуцлагыг сайжруулах, чадавхийг бэхжүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, хамтын ажиллагааны арга замыг тодорхойлохоор  Зүүн болон Өмнөд Азийн орнуудын судлаач эрдэмтэд 2017 оны 9-р сард Улаанбаатар хотноо хуран чууллаа. 

masam_conference
Хурлын үеэр төлөөлөгчид өөр өөрсдийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцаж, санал солилцов. © SDC

Есдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд болсон эрдэм шинжилгээний энэхүү бага хурлыг Монгол улсын Удирдлагын Академи зохион байгуулсан бөгөөд тус академийн захирал проф. С.Зүльфикар  хурлыг нээж хэлсэн үгэндээ нийгмийн эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх  зорилгоор хийгдсэн судалгаа, хуримтлагдсан мэдлэг, туршлагыг оролцогч талуудад түгээн дэлгэрүүлэхэд эрдэмтэн судлаачдын үүрэг оролцоо нэн чухал байгааг цохон тэмдэглэсэн юм. 

Уг хурлыг Зүүн болон Өмнөд Азийн улс орнуудад төвлөрлийг сааруулах, орон нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилго бүхий LOGIN сүлжээ (Local Governance Initiative and Network буюу Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх санаачилга) хамтран зохион байгууллаа. Монгол улс зэрэг Зүүн болон Өмнөд Азийн 13 улсын гишүүнчлэлтэй  энэхүү сүлжээ нь бүс нутагт нийгмийн эгэх хариуцлагыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудал, бэрхшээл, сургамж туршлагаас харилцан суралцах боломжийг оролцогчдод бүрдүүлсэн байна.

LOGIN сүлжээ  нь Монгол улсад хэрэгжүүлж буй Шилэн дансны тухай хууль, Нийтийн сонсгол  зэрэг иргэний нийгмийн оролцоог хангахад чиглэсэн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сайн засаглалыг дэмжих талаар хэрэгжүүлж буй олон цогц арга хэмжээнд түлхүү анхаарлаа хандуулж ирсэн. 

Энэтхэг, Балба, Бангладеш, Камбож, Мьянмар улсын төлөөлөгчид Монголын эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад гарсан ололт амжилт, алдаа оноог онцгойлон сонирхож байв. 

“Бид энэхүү бага хурлыг улс орон, байгууллага хооронд харилцан туршлага солилцох боломж хэмээн харж байна. Энэ бол LOGIN байгууллагын үндсэн ажил” гэж LOGIN сүлжээний зохицуулагч Приита Лалл тэмдэглэн хэллээ.

Энэтхэг улсын төлөөлөгчид төсвийн тухай нарийн, түвэгтэй мэдээ мэдээллийг иргэдэд ойлгомжтой, энгийн, хүртээмжтэй хэлбэрээр түгээх замаар төсвийн зарцуулалтад хяналт тавих, нэн тэргүүний зорилтуудад нийцэж буй эсэхэд дүн шинжилгээ өгөх чадварыг иргэдэд олгоход чиглэсэн туршлагаасаа хуваалцлаа. Тус улсын засгийн газрын хувьд төсвийн мэдээллийг хялбарчилан иргэдийн зүгээс улсын төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг бүрдүүлэхийн тулд чамгүй хүчин чармайлт гаргасныг онцоллоо.

Балба улсын засгийн газрын зүгээс зохих хууль тогтоомжийн хүрээнд төрийн үйлчилгээнд өдөр тутам хяналт тавих боломжийг иргэд, олон нийтийн байгууллагад олгох замаар төрийн үйлчилгээг сайжруулсан арга туршлагыг тус улсын төлөөлөгчид дэлгэв. 

Бутаны Засгийн газрын Дотоод хэргийн яамны нутгийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Мелам Зангпо нийгмийн эгэх хариуцлагыг институтчилах үйл явц удаан үргэлжлэх үйл явц бөгөөд нийгмийн хариуцлагыг бэхжүүлэхийн ач холбогдлыг яам, тамгын газар төдийгүй бусад бүх оролцогч талуудад ойлгуулахад ихээхэн цаг хугацаа шаардагддаг болохыг онцлоод, “Гагцхүү ингэж хөрс сууриа бэлтгэсний дараа орон нутгийн удирдлагын талаарх хууль тогтоомжид өөрчлөлт оруулах боломж бүрдэнэ” хэмээн өгүүллээ.

Мөн хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийг идэвхжүүлэн, нийгмийн эгэх хариуцлагын арга зарчмыг боловсролын байгууллагын менежмент, удирдах зөвлөл, эцэг эхчүүдэд ухуулан ойлгуулж хамтын ажиллагааг өрнүүлж чадсан Монгол улсын туршлагаас санаа авч Бутаны боловсролын чанарыг сайжруулах боломж буйг тэрээр илэрхийлсэн. “Монголд зарим сургуулийн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролын чанарт хяналт тавих эрх үүргээ хэрэгжүүлж эхэлсэн нь сайн хэрэг” гэж тэр хэлэв. 

Хурлын үеэр Камбож, Мьянмарын төлөөлөгчид төрийн үйлчилгээний чанар, нэр төрөл, хүртээмжийг сайжруулах иргэдийн шахалт шаардлагыг өдөөх, иргэдийн зүгээс нийгмийн эгэх хариуцлагын төрөл бүрийн аргыг ашиглан үйлчилгээний чанарыг бие даан үнэлж дүгнэсэн жишээ баримтыг дэлгэсэн юм.

Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран санхүүжүүлж буй “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн” (МУНЭХБТ) хүрээнд нийгмийн эгэх хариуцлагын зарчмыг төрийн тодорхой үйлчилгээний байгууллагад хэрхэн туршин нэвтрүүлж буй туршлагаа дэд төслийг хэрэгжүүлэгч орон нутгийн түншлэгч байгууллагуудын төлөөлөл хурлын явцад танилцууллаа.

Энэхүү төсөл нь Улаанбаатар хот болон зарим аймаг орон нутагт үндэсний болон орон нутгийн төрийн бус байгууллагуудаас санаачлан хэрэгжүүлсэн туршилтын дэд төсөл, санаачлагыг дэмжиж ирсэн бөгөөд өдгөө иргэний нийгмийн зүгээс нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх үйл явцыг гартаа авч төр засагтай хамтран ажиллах чадавхиа бэхжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Тухайн орон нутгийн оролцогч талууд хамтдаа тулгамдсан шийдвэрлэх асуудлаа тодорхойлох, шийдвэрлэх хүртэлх бүхий л үе шатад талууд тус тусдаа бус хамтдаа нэг зорилгын зүг нэгдэн ажилласанаараа гол онцлог байлаа. 

Ийнхүү орон нутгийн манлайлагчдын чадавхийг бэхжүүлэх нь уг төсөл хэрэгжиж дууссан ч төслийн тогтвортой байдлыг хангана гэсэн энэхүү төслийн арга зарчмыг сайшаан дэмжиж байгаагаа Камбожийн оролцогч Чхор Жан Софал илэрхийлж байв. 

Дэлхийн банкны МУНЭХТ төслийн багийн ахлагч Марсело Розо “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөлд хамрагдсан байгууллагуудын хувьд бусад улс орны туршлагаас суралцаж өөрсдийн ажлын арга барилыг сайжруулах сайхан боломж байлаа,” гэж хэлэв. Тэрбээр цааш нь “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр Монгол улсад хэрэгжүүлж буй дэд төслүүдийн ололт амжилтыг олон улсад түгээх, Монгол улсад туршиж буй шинэлэг арга аргачлалаа бусад орны оролцогч талуудад танилцуулах нь завшаантай хэрэг” хэмээн ярьсан юм.

Швейцарийн хөгжлийн агентлаг нь үндэсний болон орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн чадавхийг цогцоор нь хөгжүүлэх зорилтыг үндэсний болон орон нутгийн түвшний бодлого боловсруулалт, хэрэгжүүлэлттэй уялдуулан ажиллаж байна.

“Эдгээр төсөл, санаачлагын үр дүнд бусадтай хуваалцахуйц зарим сайн туршлагыг бид хуримтлуулж чадсан” гэж ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал Габриела Спирли мэдэгдээд “ШХА-ийн зүгээс МУНЭХТ болон бус төслийн хүрээнд хэрэгжүүлж буй төр, иргэн, иргэний нийгэм, хандивлагч талуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шатны үр дүнг бусдад түгээх боломж олгож байгаа учраас энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг дэмжин ажиллаж байна” гэсэн юм. 

Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх санаачилгыг амжилтад хүргэх гол хүчин зүйл бол тухайн улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, бодлого шийдвэрт тулгуурлах явдал гэдэгт санал нэгдсэн нь энэхүү хоёр өдрийн хэлэлцүүлгийн хамгийн гол үр дүн байлаа гэж хатагтай Лалл дүгнэж хэлэв.

“Манай гишүүн олон улс, институтын хувьд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр олон төсөл хэрэгжүүлж туршлага хуримтлуулсан боловч үндэсний түвшинд түгээн дэлгэрүүлсэн туршлага хомс байна. Үр дүнг нь хүлээн авч бүс бүс нутгийн болон үндэсний түвшинд хэрэгжүүлсэн төслийн жишээ одоогоор бидэнд алга. Бид нэлээн хэдэн газар, орон нутагт янз бүрийн арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байна. Харин одоо тэрхүү арвин туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, институтчилах асуудал хамгийн ярвигтай зорилт болоод байна” гэж Прийта Лалл онцоллоо.

“Чухам энд л эрдэмтэд судлаачдын маань дэмжлэг бидэнд хэрэгтэй байна. Тэд байнга төр засаг, төрийн бодлого шийдвэр, иргэний нийгмийн байгууллагыг анхааран судалж байдаг.  Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийнхээ ололт амжилт, тэргүүн туршлагыг үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэхийн тулд юуг яаж хийх, арга барилаа хэрхэн өөрчлөхийг хандивлагчид, иргэний нийгмийн бүлгүүд зэрэг холбогдох талуудад зааж зөвлөх чадвар зөвхөн эрдэмтэн судлаачдад бий” гэж тэрээр нэмж өгүүллээ.