Б. Амгалан: Төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа илт сайжирсан

Local news, 15.12.2014

“Худалдан авалтын нээлттэй тогтолцоотой болохоос өмнө байдал өөр байсан” гэж Увс аймгийн нэгдүгээр сургуулийн иж бүрэн засварын ажлыг гүйцэтгэсэн Ундрах бүтээмж ХХК-ийн захирал хатагтай Б.Амгалан хэллээ.  “Худалдан авалтын хуучин практикт шийдвэрлэвэл зохих олон чухал асуудал байсан. Харин одоо Худалдан авах ажиллагааны газраас манай аймагт явагдах тендерийн боломжуудын талаар мэдээлэл сайн өгдөг болсон” гэв.

Зураг: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн сурагчид шинэхэн сургуультай болсондоо баяртай байна

Ундрах бүтээмж ХХК нь тус аймагт ажиллаж байсан улсын барилга трестийн бааз татан буугдаж, олон жижиг хувьцаат компани болж салсан 1990-өөд оны дунд үеэр уг баазын суурин дээр байгуулагджээ. Эдүгээ тус компани 40 гаруй ажилтантай ажиллаж байгаагийн дотор өмнө нь төрийн өмчит компанид ажиллаж байсан чадварлаг, туршлагатай хүмүүс бий.

Саяхан аймгийн Худалдан авах ажиллагааны газраас www.uvstender.mn вэбсайт ажиллуулж эхэлсэнийг Б. Амгалан захирал ихээхэн сайшаав. Уг вэбсайт төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тендерт оролцогчдод шаардлагатай мэдээллээр хангадаг байна. “Бид сургуулийн засварын ажлын сонгон шалгаруулалтад оролцохдоо зах зээлийн үнэд тулгуурлсан хамгийн бодитой үнэ санал болгосон гэж боддог. Манай санал болгосон төсөв уг тендерийн анхны үнээс 50  сая төгрөгөөр хямд байсан. Ингэснээр бид аймгийнхаа төсвийг 50 сая гаруй төгрөгөөр хэмнэлээ гэсэн үг. Гэсэн ч бид ажлаа чанартай хийж гүйцэтгэсэн” тэр ярилаа.

2013 оны жилийн эцсийн тайлангаар Увс аймгийн гэрээт ажлын зардал 11 тэрбум төгрөгөөс 0.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөн энэ хугацаанд худалдан авах ажиллагааны үр дүнгийн чанар, төслийг хугацаанд нь гүйцэтгэх чадвар ч сайжирчээ.

Мөн худалдан авах ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ) оролцож олон нийтийн хяналт тавих болсон байна.

“Тендерийн хорооныхон манай компаний чадавхи, өмнө хийсэн ажлын туршлагатай танилцаад энэ засварын ажлыг гүйцэтгэх чадвартай гэж үзсэн гэдэгт итгэлтэй байна” гэж Б. Амгалан хэлэв.

“Сонгон шалгаруулалтын ажиллагаанд ИНБ-ууд оролцож байгаа нь маш сайн хэрэг. Тэд шалгаруулалтыг шударга, бодитой явуулахад тусладаг. Цаашид үүнд оролцож байгаа ИНБ-уудын тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж би үзэж байгаа. Бас нэг чухал зүйл бол орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг татан оролцуулж худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд өгч байх хэрэгтэй.”

“Ундрах бүтээмж” компани нэгдүгээр сургуулийн барилгын дээвэр, шалыг засч, цонх, хаалгыг сольсны зэрэгцээ бүхий л дотоод заслыг хийж гүйцэтгэсэн байна. “Манай сургуулийн засварын  ажлыг чанартай сайн хийсэнд бид сэтгэл ханамжтай байгаа” гэж тус сургуулийн захирал Н.Бүрэн ярьсан юм.

Увс аймагт худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг нээлттэй, өрсөлдөөнтэй, оролцоотой явуулах болсноор төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаанд өөрчлөлт гарч байна. “Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа илт сайжирсан” гэж хатагтай Амгалан хэллээ.