Б. Амгалан: Төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа илт сайжирсан

Local news, 15.12.2014

“Худалдан авалтын нээлттэй тогтолцоотой болохоос өмнө байдал өөр байсан” гэж Увс аймгийн нэгдүгээр сургуулийн иж бүрэн засварын ажлыг гүйцэтгэсэн Ундрах бүтээмж ХХК-ийн захирал хатагтай Б.Амгалан хэллээ.  “Худалдан авалтын хуучин практикт шийдвэрлэвэл зохих олон чухал асуудал байсан. Харин одоо Худалдан авах ажиллагааны газраас манай аймагт явагдах тендерийн боломжуудын талаар мэдээлэл сайн өгдөг болсон” гэв.

Зураг: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн сурагчид шинэхэн сургуультай болсондоо баяртай байна

Ундрах бүтээмж ХХК нь тус аймагт ажиллаж байсан улсын барилга трестийн бааз татан буугдаж, олон жижиг хувьцаат компани болж салсан 1990-өөд оны дунд үеэр уг баазын суурин дээр байгуулагджээ. Эдүгээ тус компани 40 гаруй ажилтантай ажиллаж байгаагийн дотор өмнө нь төрийн өмчит компанид ажиллаж байсан чадварлаг, туршлагатай хүмүүс бий.

Саяхан аймгийн Худалдан авах ажиллагааны газраас www.uvstender.mn вэбсайт ажиллуулж эхэлсэнийг Б. Амгалан захирал ихээхэн сайшаав. Уг вэбсайт төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тендерт оролцогчдод шаардлагатай мэдээллээр хангадаг байна. “Бид сургуулийн засварын ажлын сонгон шалгаруулалтад оролцохдоо зах зээлийн үнэд тулгуурлсан хамгийн бодитой үнэ санал болгосон гэж боддог. Манай санал болгосон төсөв уг тендерийн анхны үнээс 50  сая төгрөгөөр хямд байсан. Ингэснээр бид аймгийнхаа төсвийг 50 сая гаруй төгрөгөөр хэмнэлээ гэсэн үг. Гэсэн ч бид ажлаа чанартай хийж гүйцэтгэсэн” тэр ярилаа.

2013 оны жилийн эцсийн тайлангаар Увс аймгийн гэрээт ажлын зардал 11 тэрбум төгрөгөөс 0.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөн энэ хугацаанд худалдан авах ажиллагааны үр дүнгийн чанар, төслийг хугацаанд нь гүйцэтгэх чадвар ч сайжирчээ.

Мөн худалдан авах ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ) оролцож олон нийтийн хяналт тавих болсон байна.

“Тендерийн хорооныхон манай компаний чадавхи, өмнө хийсэн ажлын туршлагатай танилцаад энэ засварын ажлыг гүйцэтгэх чадвартай гэж үзсэн гэдэгт итгэлтэй байна” гэж Б. Амгалан хэлэв.

“Сонгон шалгаруулалтын ажиллагаанд ИНБ-ууд оролцож байгаа нь маш сайн хэрэг. Тэд шалгаруулалтыг шударга, бодитой явуулахад тусладаг. Цаашид үүнд оролцож байгаа ИНБ-уудын тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж би үзэж байгаа. Бас нэг чухал зүйл бол орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг татан оролцуулж худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд өгч байх хэрэгтэй.”

“Ундрах бүтээмж” компани нэгдүгээр сургуулийн барилгын дээвэр, шалыг засч, цонх, хаалгыг сольсны зэрэгцээ бүхий л дотоод заслыг хийж гүйцэтгэсэн байна. “Манай сургуулийн засварын  ажлыг чанартай сайн хийсэнд бид сэтгэл ханамжтай байгаа” гэж тус сургуулийн захирал Н.Бүрэн ярьсан юм.

Увс аймагт худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг нээлттэй, өрсөлдөөнтэй, оролцоотой явуулах болсноор төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаанд өөрчлөлт гарч байна. “Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа илт сайжирсан” гэж хатагтай Амгалан хэллээ.

Press release, 16.06.2014

Улаанбаатар, 2014 оны зургаадугаар сарын 16 -- ШХА-ийн санхүүжилтээр Монголын Байгаль орчны консорциум ТББ-ын хэрэгжүүлдэг “Байгальд ээлтэй сургууль” төсөл Австрийн Энержи Глоб сангийн “Energy Globe” шагнал хүртсэнийг 5 сарын 24-нд гардууллаа.

Mr M. Badarch and Mrs L. Shinetsetseg received Energy Globe 2014 Award
Mr M. Badarch and Mrs L. Shinetsetseg received Energy Globe 2014 Award

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Австрийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд ерөнхийлөгч ноён Ричард Щенц, Австри Улсаас Монгол улсад суугаа элчин сайд хатагтай Ирэнэ Гинэр Рэйчл болон Монгол Улсын Соёл, Спорт Аялал жуулчлалын сайд хатагтай Ц. Оюунгэрэл нарын өндөр дээд албаны төлөөлөгчид оролцлоо.

Ноён Щенц шагналыг Монголын байгаль орчны Консорциумын захирал М. Бадарч, төслийн ажилтан Л. Шинэцэцэг нарт гардуулан өгөв.

“Бид дэлхийн 160 орны 1000 гаруй төсөл нэрээ дэвшүүлж, тэдний дундаас шалгаруулдаг, байгаль орчны салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Energy Globe award-г авсан нь Байгальд ээлтэй сургуулийг бий болгоход оруулсан бидний хувь нэмэр, хүүхдүүдийн маань хичээл зүтгэлийг үнэлж байгаа хэрэг гэж бодож байна” гэж М. Бадарч хэлсэн юм.

Энэхүү шагнал нь жил бүр байгалийн нөөцийг, тэр дундаа эрчим хүчийг хэмнэх, сэргээгдэх эрчим хүч болон бусад эрчим хүчний эх үүсвэрийг хэрэглээнд амжилттай нэвтрүүлсэн төслийг шалгаруулдаг юм. Energy Globe нь хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийн шийдлүүдийг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг урамшуулах зорилготой юм.

Монголын байгальд ээлтэй сургууль төслийн зорилго нь хүүхэд өсвөр үеийнхэнд байгаль орчны боловсрол, мэдлэгийг олгох, илүү эрүүл аюулгүй амьдрах орчныг бий болгох, Эко сургуулийн Үндэсний сүлжээг байгуулахад чиглэж байгаа юм.

“Бид нэг л дэлхий дээр амьдарч байгаа учраас байгалийн нөөцөө хэрэглэх тал дээр илүү хариуцлагатай хандах хэрэгтэй. Үүнийг одоогийн асуудал, нөхцөл байдал болон шийдлүүдийг олон хүмүүст хүргэж таниулснаар өөрчлөх боломжтой. Ялангуяа залуу үеийнхэн мэдлэг, мэдээлэл, чадвартай байх ёстой. Учир нь тэд маргаашийн шийдвэр гаргагчид, удирдагчид юм. Энэ жилийн Energy Globe Award –ийн үндэсний ялагчид Монгол Улсад ногоон хөгжлийн замыг тавьж байна. Энэхүү гайхалтай санаачлага, хүрсэн үр дүнд нь баяр хүргэе” хэмээн Энэржи Глоб сангийн цахим хуудаснаа мэдээлжээ.

ШХА 2007 оноос энэхүү Эко сургууль хөдөлгөөнийг дэмжиж санхүүжүүлж байгаа бөгөөд 2014 оны байдлаар:

  • 18 аймгийн 166 ЕБС буюу нийт сургуулийн 18,3 хувь нь Эко сургууль болсон.
  • 23 Эко сургууль ногоон байгууламжаа 50 хувь нэмэгдүүлж тоосжилтийг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулж байна.
  • Сургуулиудад улайсдаг чийдэнгээ эрчим хүчний хэмнэлттэй чийдэнгээр солих кампанит ажил эрчимтэй өрнөж Баянхонгор аймгийн Эко сургууль цахилгааны төлбөрөө 5,6 сая төгрөгөөр хэмнэсэн байна.
  • Баянхонгор аймгийн Номгон сумын Эко сургууль ус хэмнэх санаачлагыг хэрэгжүүлж усны хоолой, цоргоо засаж шинэчлэн 3 сая төгрөгийг хэмнэсэн байна.
  • Гэр бүлийн цэцэрлэг санаачлагын хүрээнд 340 өрх 4500 гаруй мод, сөөгийг өөрсдийн хашаандаа тарьж ургуулж байна.