“Алтан хальс” Олон улсын авангард кино наадам

Local news, 24.08.2015

Монголын залуу уран бүтээлчдийн “Алтан хальс” нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг авангард кино наадам энэ жил хүрээгээ тэлэн өргөжиж, олон улсын хэмжээний арга хэмжээ боллоо.

film-festival
Кино наадмын нээлтийн ажиллагаанд уран бүтээлээ толилуулсан Ж. Анунарангийн үзүүлбэр © sdc

2015 оны 6 сард Улаанбаатар хотноо зохиогдсон энэхүү наадам хуучин хэв маяг, уламжлалд баригдахгүйгээр эксперименталь чиглэлээр туурвисан уран бүтээлээ толилуулах, танилцуулах боломжийг Монголын болон олон улсын уран бүтээлчдэд олголоо.

Энэ жилийн арга хэмжээнд дэлхийн 20 гаруй орны уран бүтээлчдийн 200 гаруй бүтээл өрсөлдсөн аж. Шүүгчдийн бүрэлдэхүүнд орчин үеийн Австрийн төдийгүй дэлхийн авангард кино урлагийн томоохон төлөөлөгч Петер Черкасски, Америкийн авангард киноны онцгой төлөөлөгч Ив Хеллер нар орсон нь уг наадмын нэр хүндийг өргөсөн.

Мөн Алтан хальс холбооны тэргүүн, Бусаны кино наадмын дээд шагналт кино найруулагч С.Бямба, Монгол Улсын Ардын Жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Алтан хальс холбооны гүйцэтгэх захирал Н.Энхбат нар шүүгчээр ажиллажээ.

Монголын залуу уран бүтээлчдэд зориулсан мастер сургалтын үеэр Черкасски 2015 оны Канны кино наадамд тусгай шагналт хүртсэн “Чамин цогц” (The Exquisite Corpus) киногоо толилуулсан нь залуу уран бүтээлчдийн онгодыг хөглөсөн явдал боллоо.

Тэрбээр, Монголын кино урлагт шинэ өнгө төрх нэмж, кино урлагийн хил хүрээг уламжлалд хэт баригдаагүй эксперименталь киногоор тэлж буй монгол залуусын авъяас чадвар, хичээл зүтгэлийг ихэд өндрөөр үнэлж байв.

2015 оны кино фестивалыг Швейцарийн хөгжлийн агентлаг Соёлын төслийн хүрээнд санхүүжүүлсэн.

Дэлгэрэнгүйг www.artfilm.mn сайтаас үзнэ үү.

Local news, 05.05.2015

Доройтож, талхлагдсан бэлчээрээ нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах зорилгоор Монголын малчид уламжлалт арга туршлага дээрээ үндэслэн бэлчээрийн хамтын менежментийг нэвтрүүлж эхэлсэн. Энэхүү малчдын санаачлага Милан 2015 үзэсгэлэнгийн “Байгалийн нөөцийн тогтвортой, зүй зохистой ашиглалт” гэсэн шалгуураар дэлхийн “Шилдэг туршлага” шагналын эзэн боллоо.

greengold
Бэлчээр - Монголын "ногоон алт", малчдын үнэт баялаг © SDC

Нийт 130 гаруй орны 749 төслөөс 18 төслийг шилдгээр шалгаруулж, уг үзэсгэлэнд оролцож дэлхий нийтэд туршлагаа сурталчлах боломжийг олгож байгаа юм.

Тэдний нэг нь Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй бэлчээр сэргээн сайжруулах зорилготой “Ногоон алт” төсөл байв. Ийнхүү монголын малчид уламжлалаа сэргээн, бэлчээрийн нөөцийг хэрхэн зөв зохистой ашиглаж буйг харуулсан баримтат кино үзэсгэлэнгийн гол танхимд үзэгчдийн хүртээл болж байна.

Дэлхийн нийтийн хүнсний аюулгүй байдлыг хангах, байгалийн баялгийн зохистой ашиглалтыг хөхиүлэн дэмжсэн уг үзэсгэлэн нь дэлхийн олон орныг хамарсан томоохон үйл явдал юм. Уг үзэсгэлэн нь Итали улсын Милан хотноо 2015 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэнэ.

Өнгөрсөн онд үзэсгэлэнг зохион байгуулагчдаас дэлхийн нийтэд хандан хүнсний аюулгүй байдал,  байгалийн нөөцийн менежментийн бүхий л салбарт амжилттай хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа, шинжлэх ухааны шийдлүүдийг “Тогтвортой хөгжлийн шилдэг туршлага” номинацид өрсөлдөхийг уриалсан билээ.

Тэмцээний үндсэн зорилго нь хүнсний аюулгүй байдлыг хангах бодит шийдлүүдийг олох, түгээн дэлгэрүүлэх, ялангуяа хөгжиж буй орнуудын эрэлт хэрэгцээ, бодит байдал, шаардлагад нийцүүлэн байгалийн нөөцийг тогтвортой ашиглаж байгаа шилдэг арга замуудыг дэлхий нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх тухай юм.

“Монголын өргөн уудам нутаг дэвсгэрийн ихэнх хувийг бүрдүүлдэг бэлчээр нутаг малчдын хувьд зөвхөн малын тэжээлийн үндсэн эх үүсвэр бус харин тэдний төрөлх эх нутаг юм. Иймд малчид бэлчээр нутаг усаа ихэд хайрлан хамгаалж, сэргээж торддог сайхан уламжлалтай” хэмээн Ногоон Алт төслийн менежер Ц. Энх-Амгалан хэллээ.

Тэрээр мөн “Энэхүү дэлхийн хэмжээний том үзэсгэлэнд манай төсөл шалгарсан нь монгол малчдын хувьд тэдний үеийн үед байгаль орчноо хайрлан хамгаалж, хүндэлж ирсэн үйл хэрэгт нь их урам өглөө” гэв.

Нийт зургаан сар үргэлжлэх тус үзэсгэлэнд дэлхийн 20 сая гаруй зочид оролцоно.

Үзэсгэлэнгийн мэдээллийн сувгуудаар цацагдсан Ногоон Алт төслийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж харна уу.

http://magazine.expo2015.org/cs/Exponet/en/innovation/grazing-lands-at-risk-for-desertification--the-solution-in-mongolia

Дээрх мэдээллийн монгол хэл дээрх орчуулгыг дараах холбоосоор орж хүлээн авна уу.

http://www.sdcprojects.mn/public/wp1/?p=334

“Милан 2015” Үзэсгэлэн болон шалгарсан бусад төслийн талаарх мэдээллийг дараах холбоосноос харна уу (зөвхөн англи хэл дээр).

http://www.expo2015.org/en/project/feeding-knowledge

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу.

info@greengold.mn