“Алтан хальс” Олон улсын авангард кино наадам

Local news, 24.08.2015

Монголын залуу уран бүтээлчдийн “Алтан хальс” нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг авангард кино наадам энэ жил хүрээгээ тэлэн өргөжиж, олон улсын хэмжээний арга хэмжээ боллоо.

film-festival
Кино наадмын нээлтийн ажиллагаанд уран бүтээлээ толилуулсан Ж. Анунарангийн үзүүлбэр © sdc

2015 оны 6 сард Улаанбаатар хотноо зохиогдсон энэхүү наадам хуучин хэв маяг, уламжлалд баригдахгүйгээр эксперименталь чиглэлээр туурвисан уран бүтээлээ толилуулах, танилцуулах боломжийг Монголын болон олон улсын уран бүтээлчдэд олголоо.

Энэ жилийн арга хэмжээнд дэлхийн 20 гаруй орны уран бүтээлчдийн 200 гаруй бүтээл өрсөлдсөн аж. Шүүгчдийн бүрэлдэхүүнд орчин үеийн Австрийн төдийгүй дэлхийн авангард кино урлагийн томоохон төлөөлөгч Петер Черкасски, Америкийн авангард киноны онцгой төлөөлөгч Ив Хеллер нар орсон нь уг наадмын нэр хүндийг өргөсөн.

Мөн Алтан хальс холбооны тэргүүн, Бусаны кино наадмын дээд шагналт кино найруулагч С.Бямба, Монгол Улсын Ардын Жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, Алтан хальс холбооны гүйцэтгэх захирал Н.Энхбат нар шүүгчээр ажиллажээ.

Монголын залуу уран бүтээлчдэд зориулсан мастер сургалтын үеэр Черкасски 2015 оны Канны кино наадамд тусгай шагналт хүртсэн “Чамин цогц” (The Exquisite Corpus) киногоо толилуулсан нь залуу уран бүтээлчдийн онгодыг хөглөсөн явдал боллоо.

Тэрбээр, Монголын кино урлагт шинэ өнгө төрх нэмж, кино урлагийн хил хүрээг уламжлалд хэт баригдаагүй эксперименталь киногоор тэлж буй монгол залуусын авъяас чадвар, хичээл зүтгэлийг ихэд өндрөөр үнэлж байв.

2015 оны кино фестивалыг Швейцарийн хөгжлийн агентлаг Соёлын төслийн хүрээнд санхүүжүүлсэн.

Дэлгэрэнгүйг www.artfilm.mn сайтаас үзнэ үү.

Local news, 25.06.2015

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд (МСҮТ) үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалтыг нэвтрүүлснээр оюутнуудад хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай мэдлэг, дадлага ур чадварыг зэрэг эзэмших боломжийг бүрдүүлж байна.

in-company-instructors-training
Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалтын үр дүнд оюутнууд мэдлэгийг дадлагатай хослуулан суралцана. © SDC

Чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд дэвшил гаргаж буй энэхүү сургалт нь Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар, Ховд, Говь-Алтай аймгуудад боллоо.

Баянхонгор аймагт болж буй сургалтанд хамрагдсан Галхонгор компаний инженер Батнасан “Манай компани дээр дадлага хийхээр ирсэн оюутнуудтай ажиллах сайхан байлаа. Сургалтаас олон шинэ зүйлийг би сурлаа” гэв.

Төслийн зүгээс дээрх сургалтанд хамруулах сургуулиуд, суралцагчдын тоог нэмэхийг зорьж байгаа.  Монголын Ажил олгогчдын эздийн холбооноос энэхүү санаачлагыг сайшааж, үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн үйл ажиллагааны журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлж байна.

Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зорилготой энэхүү төслийг Герман, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.