Монгол улс дахь төвлөрлийг сааруулах шинэчлэл өрнөж байна

Local news, 19.03.2015

Монгол Улс засаглалын төвлөрлийг сааруулах шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ Швейцарийн шууд ардчиллын туршлагаас судалж, нэвтрүүлэхийг зорьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн санаачлагаар эхлүүлсэн шууд ардчиллыг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарч байна.

Иргэд олон нийтийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцдог болж байна.

Эдгээр санаачлагуудын нэг нь төсвийн хөрөнгөөс орон нутгийн иргэдэд оршин суугаа нутагтаа нэн тэргүүнд хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлж хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх боломж олгосон Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-г бий болгосон явдал юм. Иргэд ОНХС-ийн талаар илүү мэдээлэлтэй болсноос гадна тус сангаас хөрөнгө оруулах шаардлагатай нутаг орныхоо хэрэгцээг тодорхойлж, үйл ажиллагаанд нь хяналт тавин төрийн үйл хэрэгт оролцох боллоо. 

“Бид хөдөө орон нутгаар явж, иргэдтэй уулзаж байхад тэд Улаанбаатарт суугаа албаны хүн тухайн нутагт ямар ажил хийх нь хамгийн чухал, нэн тэргүүнд шаардлагатайг нутгийн иргэд шиг сайн мэддэггүй гэдгийг бидэнд дахин дахин хэлж байсан юм” гэж ШХА-ийн Хамтын ажиллагааны орлогч захирал Дийпак Элмер онцолж байна.

Монгол Улсад шууд ардчиллыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газар иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран иргэдийн оролцоог зөвлөлдөх хэлбэр төдий бус харин иргэний эрх, төрийн байгууллагын үүрэг болгож шийдвэрлэхийг зорьж байна. Ингэхдээ тэд Швейцарь улсын 200 гаруй жилийн түүхтэй бүх нийтийн санал асуулгын загварыг жишиг болгож байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарийн Аарау хот дахь Ардчиллын судалгааны төвөөс хоёр мэргэжилтэн айлчилж, дээрх чиглэлээр холбогдох албаны хүмүүстэй уулзаж, зөвлөмж өглөө. Тэд Монголын хуулийн мэргэжилтнүүд, иргэний нийгмийн тэргүүлэгчидтэй хамтран Монгол улсын иргэдийн болон төрийн байгууллагуудын хувьд хамгийн зөв оновчтой байж чадах бүх нийтийн санал асуулгын механизмыг бүрдүүлэх хууль эрхзүйн орчныг дүгнэн хэлэлцээд, шинээр боловсруулж буй Иргэдийн оролцооны тухай хуулийн төсөлд нэгтгэж, оруулах боломжийг судалсан юм.

Тэдний айлчлалын үеэр зохион байгуулсан шууд ардчиллыг төлөөллийн ардчилалтай хослуулах боломжийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт Ардчиллын судалгааны төвийн захирал, проф. доктор Ауэр Швейцарь улсын жишээн дээр шууд болон төлөөллийн ардчилал хэрхэн нэг нэгнээ нөхдөг талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Тэрээр, шууд ардчилал гэдэг нь Монголчуудын хувьд цоо шинэ ойлголт биш гэдгийг хэлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 3-р зүйлээс иш татсан юм. Төрийн үйл хэрэгт иргэд шууд оролцох боломжтой талаар төлөөллийн ардчиллын тухай тодорхойлохоос өмнө дурьдсан байдгыг тэрээр онцоллоо.

ШХА-ийн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр нь Иргэдийн оролцооны тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд 2015 онд УИХ-аас уг хуулийг хэлэлцэн батлах байх гэсэн хүлээлттэй байгаа.

Монгол Улсын эрх бүхий байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу ЗДТС хөтөлбөрөөс тус улсад өрнөж буй шууд ардчиллын үйл явц, шийдвэр гаргах түвшинд хөдөө орон нутгийн иргэд хэрхэн оролцож буй туршлагыг харуулах, баримтжуулах зорилгоор туурвисан баримтат киног ивээн тэтгэсэн юм. Уг киног олон улсын кино наадмаас нэр хүндтэй шагнал хүртсэн найруулагч С. Бямба найруулан олны хүртээл болголоо.

Local news, 25.06.2015

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд (МСҮТ) үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалтыг нэвтрүүлснээр оюутнуудад хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай мэдлэг, дадлага ур чадварыг зэрэг эзэмших боломжийг бүрдүүлж байна.

in-company-instructors-training
Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалтын үр дүнд оюутнууд мэдлэгийг дадлагатай хослуулан суралцана. © SDC

Чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд дэвшил гаргаж буй энэхүү сургалт нь Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар, Ховд, Говь-Алтай аймгуудад боллоо.

Баянхонгор аймагт болж буй сургалтанд хамрагдсан Галхонгор компаний инженер Батнасан “Манай компани дээр дадлага хийхээр ирсэн оюутнуудтай ажиллах сайхан байлаа. Сургалтаас олон шинэ зүйлийг би сурлаа” гэв.

Төслийн зүгээс дээрх сургалтанд хамруулах сургуулиуд, суралцагчдын тоог нэмэхийг зорьж байгаа.  Монголын Ажил олгогчдын эздийн холбооноос энэхүү санаачлагыг сайшааж, үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн үйл ажиллагааны журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлж байна.

Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зорилготой энэхүү төслийг Герман, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.