Олны талархлыг хүлээсэн Нэг цонхны үйлчилгээний төвүүдийг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө.

Local news, 27.05.2015

Олны талархлыг хүлээсэн Нэг цонхны үйлчилгээний төвүүдийг Монгол улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө.

oss
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Нэг цонхны үйлчилгээний төв © SDC

Өнгөрсөн найман жилийн турш Монгол орон даяар байгуулагдсан Нэг цонхны үйлчилгээний (НЦҮ) төвүүд төрийн үйлчилгээг үр ашигтай, цомхон, нийт иргэдэд хүртээмжтэй болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

НЦҮ гэдэг бол төрийн олон төрлийнүйлчилгээг, тухайлбал нийгмийн даатгал, нийгмийн халамж, иргэний бүртгэл, газрын болон өмчийн харилцаа, татвар, нотариат, банк зэрэг үйлчилгээг нэг цэгээс үзүүлж ард иргэд хүссэн үйлчилгээгээ богино хугацаанд, чирэгдэл багатай авах боломж олгодог шинэлэг загвар юм.

Төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх нь хүнд суртал, авлигыг бууруулдаг ач холбогдолтой.

Нэг цонхны үйлчилгээний төвүүдийг Засгийн газарт хүлээлгэн өгөв 

Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн НЦҮ төсөл Монгол Улсын Засгийн газар, нийт иргэдийн талархлыг хүлээсэн төсөл, хөтөлбөрийн нэг болсон юм.

Энэ оны дөрөвдүгээр сард Швейцарийн хөгжлийн агентлагийн “Нэг цонхны үйлчилгээ” төслөөс эдгээр төвүүдийг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өглөө.

Засгийн  газар цаашид тогтвортой ажиллагааг нь хангаж ажиллах болно.

Үүнтэй холбогдуулан, Засгийн газраас холбогдох тогтоолыг гаргаж НЦҮ-ний төвүүдийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр болсон байна.

Аймаг, дүүргийн захиргаад ч иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү үр ашигтай болгох үүднээс өөрсдөө уг загварын дагуу НЦҮ-ний төвүүд байгуулж байна.

Одоо сум, хорооны түвшинд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн ажиллуулж байгаа 150 гаруй НЦҮ-ний төв байна.

НЦҮ-ний төвүүд бий болохоос өмнө иргэд төрийн үйлчилгээ авахын тулд олон газрын хаалга татах шаардлагатай байлаа.

Мөн эдгээр үйлчилгээ нь нэгдсэн зохицуулалт, харилцан уялдаагүй, иргэдэд чирэгдэл учруулдаг байв. 

Судалгаанд оролцогч иргэдийн 75-аас дээш хувь нь энэ үйлчилгээнд сэтгэл ханамжтай байдаг гэж хариулсан нь НЦҮ-ний загвар ард иргэдийн дэмжлэгийг ихээхэн хүлээж байгааг харуулж байна.

Завхан аймгийн Улиастай сумын НЦҮ-ий төвөөр үйлчлүүлж буй нэгэн иргэн “Чирэгдэл багатай байдаг учраас би НЦҮ-ний төвийг сонгодог” гэж ярилаа.

Мөн тус аймгийн өөр нэг үйлчлүүлэгч “НЦҮ-ий төв дээр нийгмийн даатгалын ажилтан, банкны ажилтан аль аль нь байдаг учраас нааш цааш явалгүй нэг дор бүх зүйлээ амжуулсан нь аятайхан байлаа” гэв.

Энэхүү хүлээлгэн өгөх ажиллагаанд зориулж НЦҮ төслөөс найман жилийн ажлынхаа үр дүнг онцолсон баримтат кино бүтээжээ.

Баримтат киног үзэх

Press release, 24.02.2015

2015 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр бол Баянхонгор аймгийн 300 гаруй бичил уурхайчдын хувьд чухал тэмдэглэлт өдөр байлаа. Учир нь гэвэл тус аймгийн  XAMOДX төрийн бус байгууллага (ТББ) байгаль орчинд ээлтэй, аюулгүй уурхай эрхэлж байгаагаа баталгаажуулж Шударга олборлолтын гэрчилгээ хүртсэн Азийн анхны бичил уурхайчдын байгууллага болсон явдал байлаа.

fairmined-certificate
Шударга олборлолтын гэрчилгээ авсан ХАМОДХ ТББ-ын уурхайчид ©SDC

“Бид Шударга олборлолтын гэрчилгээ авахын тулд гурван жил гаруй бэлтгэсэн” гэж ХАМОДХ ТББ-ын тэргүүн Ч.Отгонбаатар хэлэв. Тэрбээр, “Манай уурхайчдын хувьд нөр их хүчин чармайлт байлаа. Хариуцлагатай уурхайчид болохын төлөө хүн бүр хичээн зүтгэж, хувь нэмрээ оруулсан. Шударга олборлолтын гэрчилгээ авснаараа маш их бахархаж байна” хэмээн өгүүлэв.

Шударга олборлолтын алт гэдэг бол хариуцлагатай бичил уурхайг хөхиүлэн дэмжих үйлсэд анхдагч төдийгүй тэргүүлэгч байгууллага хэмээн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Хариуцлагатай уул уурхайн холбоо (ХУУХ) хэмээх ашгийн бус олон улсын байгууллагаас гаргасан Шударга олборлолтын стандартын дагуу хувиараа ашигт малтмал олборлогчид, бичил уурхайчдын олборлосон алтыг хэлдэг.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирт хэмээх газар үйл ажиллагаа явуулдаг ХАМОДХ ТББ энэ удаад Шударга олборлолтын гэрчилгээг хүртсэн дөрвөн байгууллагын нэг болсон бөгөөд  тэдгээрийн ихэнх нь Латин Америкаас төржээ.

ШХА-аас Монголд хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төслийн (ТБУТ) захирал Пэйшинс Сингогийн хэлсэнчлэн “Монголын бичил уурхайчдын олборлосон Шударга олборлолтын алт бол Ази тивээс дэлхийн зах зээл дээр гарч буй анхны экологийн цэвэр алт болж байна”. 

Энэ нь тухайн нутгийн уурхайчдын олборлосон алт Лондонгийн металлийн биржийн тогтоосон үнийн 95 хувиас доошгүй үнээр борлогдох баталгаатай болж байна гэсэн үг. Түүнчлэн тэд экологийн алтны нэмэлт шагнал авах боломжтой. Энэ бол хариуцлагатай уул уурхайг цаашид хөгжүүлэх, гишүүддээ тустай нийгмийн болон байгаль орчны хөгжлийг дэмжихэд зориулж бичил уурхайчдын хамтын нийгэмлэгт олгодог нэмэлт урамшуулал бөгөөд нэг килограмм алт тутамд 6,000 ам.долларын шагнал олгодог болохыг төслийн захирал онцлов.

Барууны үнэт эдлэлийн зах зээлд шударгаар, ёс зүйтэй олборлосон алт худалдаж авах эрэлт хэрэгцээ, сонирхол улам бүр нэмэгдэж байгаа төдийгүй үнэт эдлэл үйлдвэрлэгчид ч илүү өндөр үнээр авахад бэлэн байдаг ажээ.

Төслийн захирал Сингогийн ярьж байгаагаар барууны тэргүүлэх брэндийн үнэт эдлэл үйлдвэрлэгч хэд хэдэн компани Монголоос экологийн хувьд шударгаар олборлосон алт худалдан авах сонирхолоо хэдийн илэрхийлээд байна.

Ийнхүү барууны үнэт эдлэлийн зах зээлд нэвтрэхийн тулд Монголын бичил уурхайчид тэдэнтэй арилжааны гэрээ хэлэлцээр хийх худалдааны компани байгуулах шаардлагатай болно. ХАМОДХ ТББ ч энэ талаар анхаарч олон улсын зах зээлд арилжаа явуулах эрх зүйн чадамж бүхий хоршоо байгуулахаар ажиллаж байна.

“Монголын бичил уурхайчид экологийн алтаа дэлхийн зах зээлд гаргах тэрхүү түүхэн мөчийн гэрч болохыг бид тэсч ядан хүлээж байна. Энэ мөч тийм ч хол биш байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж Пэйшинс Синго хуваалцав.

Хариуцлагатай уул уурхайн холбооноос Шударга олборлолтын гэрчилгээ бүхий уурхайчдыг дэмжиж, тэднийг ёс зүйтэй зах зээлтэй холбогдоход нь дэмжлэг үзүүлдэг  бөгөөд Монголын бичил уурхайчдын байгууллагуудыг олон улсын худалдааны гэрээ хэлэлцээр хийхэд зуучилж өгөхөөр ажиллаж байна.

Бичил уурхайчдыг улам бүр хүлээн зөвшөөрөх боллоо

Шударга олборлолтын гэрчилгээ авсны үр өгөөж зөвхөн өндөр үнээр алтаа борлуулах, борлуулалтын шагнал хүртэхээр хязгаарлагдахгүй. Магадгүй хамгийн том давуу тал бол саяхныг хүртэл байгаль орчныг сүйтгэлээ хэмээн нийгэмд ад үзэгдэж, гадуурхагдан “нинжа нар” хэмээх хоч зүүж явсан Монголын бичил уурхайн салбарынхан албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж байгаа явдал юм.

“Биднийг уурхайн үйл ажиллагаандаа хариуцлагатай хандаж эхэлмэгц нутгийн ард иргэд, нийгмээс бидэнд хандах хандлага ч өөрчлөгдөж эхэлсэн. Тэд биднийг нутаг орон, сайн сайхан байдалд нь аюул занал учруулагчид гэж харахаа больж нутаг орны хөгжилд хувь нэмрээ оруулагчид, хамтран ажиллагч түншүүд гэж үзэх болсон” гэж ХАМОДХ ТББ-ын тэргүүн асан Л.Бямбадорж ярьж байна. 

Тухайн үед ТББ-ын тэргүүнээр ажиллаж байсан Л. Бямбадорж 2011 онд Болив улсын Котапата хэмээх Шударга олборлолтын гэрчилгээ бүхий уурхайд очиж танилцах аялалд оролцжээ. Гэрчилгээжилтийн ашиг тусыг мэдэрч, хэрхэн хүлээн зөвшөөрөгдөхөө ойлгосон Бямбадорж нутагтаа эргэж ирээд бичил уурхай эрхлэгч хамтран зүтгэгч нараа уриалан энэ ажлыг өөрийн ТББ-д хэрэгжүүлэхээр шийджээ.

“Латин Америкаас буцаж ирээд хамт ажиллагсаддаа хандан бидний ажилд нэн тэргүүнд тавигдах зүйл бол байгаль орчин юм байна шүү гэж хэлсэн” гэж тэр ярьж байна.

Тэр үеэс эхлэн тэдний байгаль орчны хүчин чармайлтууд нэн тэргүүнд  тавигдаж эхэлжээ. Тэд орчныхоо эрүүл ахуйг хангах үүднээс уурхайн сууршлын бүсийн гадна талд нийтийн бие засах газар, хогийн цэг байгуулж, эргэн тойрондоо нийтийн цэвэрлэгээний ажлыг  тогтмол зохион байгуулах болов.  Хамгийн чухал нь хэн ч мөнгөн ус мэтийн химийн хорт бодис ашиглахгүй байхад ТББ онцгой анхаарал хандуулсан.

ТБУ төслөөс Баянхонгор аймагт мөнгөн усгүй технологиор хүдэр баяжуулах цех байгуулахад дэмжлэг үзүүлсний үр дүнд ХАМОДХ ТББ-ын гишүүд алтаа аюулгүй боловсруулах боломжтой болжээ.

“Бид үйлдвэрлэсэн алтныхаа гарал үүслийг хянах боломж бүрдүүлсэн” гэж Бямбадорж ярилаа. “ХАМОДХ ТББ-ын гишүүн нөхөрлөлүүд уурхайгаас олборлосон хүдрээ өдөр бүр бүртгүүлдэг бөгөөд үүнд олборлосон газрын мэдээлэл, олборлолтын дугаар, координат, он сар өдөр, хүдэртэй шуудайн тоо, нийт жин, уурхайчдын тоо, ажилласан цаг, гарын үсэг зэргийг нэг бүрчлэн бүртгэдэг” гэлээ.

Тус ТББ энэхүү өдөр тутмын бүртгэлийн хуудсанд тулгуурлан боловсруулах цех рүү тээвэрлэж байгаа хүдэрт Гарал үүслийн гэрчилгээ олгодог бөгөөд улмаар үйлдвэрлэсэн алтны бүртгэлд оруулдаг байна.

Шударга олборлолтын гэрчилгээний өөр нэг чухал тал бол нийгмийн хөгжлийн асуудал. ТББ-ын зүгээс хүүхдийн хөдөлмөрийг хориглох, гишүүдийнхээ хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, ажлын цагийг зохистой тогтоох арга хэмжээ авдаг. Мөн бүх гишүүд нь Монгол Улсын хуулийн дагуу орлогын албан татвар төлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдах нөхцлийг бүрдүүлжээ.

“ТББ-ын гишүүдийн үйлдвэрлэсэн бүх алтыг албан ёсны сувгуудаар борлуулж байна. “Бид гишүүн бүрээ олсон ашгаас шударгаар хувь хүртэх боломжийг бүрдүүлээд зогсохгүй үүнийгээ ил тодоор хийдэг” гэж Бямбадорж ярилаа.

Шударга олборлолтын гэрчилгээ 12 хүртэл сарын хугацаанд хүчинтэй байдаг бөгөөд үүний дараа холбогдох стандартуудыг хэрхэн мөрдөж байгаа эсэхэд гуравдагч талын үзлэг магадлагаа хийдэг байна. ХАМОДХ ТББ-ын уурхайчид ч гэрчилгээгээ алдахгүйн төлөө зүтгэхээ илэрхийлсэн бөгөөд улмаар Монголын бусад бичил уурхайчдад урам зориг өгнө гэдэгтээ итгэлтэй байна. Энэхүү ТББ-ын гаргасан амжилт нь Монголын бичил уурхайн салбарыг албажуулах үйл явцад гарсан  томоохон алхам боллоо.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл soyolmaa.dolgor@eda.admin.ch хаягаар холбогдоно уу.