“Усгал” – Швейцарь, монгол, америк уран бүтээлчдийн хамтарсан орчин үеийн бүжгэн жүжиг


Questa pagina non è disponibile in italiano. Selezionare una delle lingue seguenti:

Local news,

Орчин үеийн бүжгийн урлагийн хэлээр хүн төрөлхтөний мөнхийн асуулт болох эрэгтэй, эмэгтэй хэмээх гал ус мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, тэдний харилцан шүтэлцэл ба баяр гунигийн түүхийг өгүүлэх “Усгал” тоглолтыг швейцарь, монгол, америк уран бүтээлчид хамтран толилуулна.

dance-project
"Усгал"- орчин үеийн бүжгэн жүжиг жендерийн хэвшмэл ойлголт хэрхэн өөрчлөгдөж буйг хүүрнэнэ. © SDC

“Усгал” орчин үеийн бүжгэн жүжгийг 2015 оны 12-р сарын 24-ний өдрийн 19 цагаас Corporate Hotel & Convention Center-ын Концертын Танхимд толилуулах гэж байна.

Уг бүтээлээр, орчин үеийн нийгмийн хөгжлөөс улбаатай эрэгтэй эмэгтэй хүний тухай бидний хэвшмэл ойлголт хэрхэн хувьсан өөрчлөгдөж, энэ өөрчлөлт бидэнд шинэ сорилт, үл ойлголцлыг авчрахын сацуу УС=ГАЛ хэмээх амаргүй тэнцвэр байх эсэх тухай чин сэтгэлийн хүүрнэлийг өгүүлнэ.

Монгол авьяасыг дэмжих, хүний оюун санаа, итгэл үнэмшлийг шингээсэн, өрсөлдөх чадвартай бүтээлийг үндэсний болон дэлхийн үзэгчдэд хүргэх зорилготой энэхүү төслийг Монголын Урлагийн зөвлөлөөс санаачлан, Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлэв.

Тус уран бүтээлд АНУ-ын Хэдвиг орчин үеийн бүжгийн компанийн залуу бүжиг дэглээч, бүжигчин Б.Одбаяр, хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, кино найруулагч Ш. Ихбаяр, Швейцарийн хөгжимчин Маттю Мишель болон Америкийн тайзны гэрлийн найруулагч Барри Стийл зэрэг олон улсын авьяаслаг уран бүтээлчдийн баг бүжгийн дэглэлт, хөгжмийн болон гэрлийн найруулага, тайз засал, маркетингийн олон улсын шаардлагад нийцсэн, шинэлэг, онцгой бүтээл байхаар хамтран ажиллаж байна.

Бүжгэн жүжиг нь “Гал Усыг мөрөөдөв”, “Ус Галд дурлав”, УСГАЛ? гэсэн гурван бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүрийн өмнө амьд хөгжмийн гоцлол болон ижил сэдэвтэй видео бүтээлийг толилуулах болно.

Мөн тус төслийн хүрээнд “Урлагтай яриа” хэлэлцүүлгийг 2015 оны 12-р сарын 17-нд зохион байгуулах ба тус хэлэлцүүлэгийн үеэр уран бүтээлчид болон хүйсийн тэгш харицаа, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны талаар мэргэжлийн хүмүүс ярилцана.