Бичил уурхай төсөл: Олон улсын бичил уурхайчид мэдлэгийн төв байгуулна

Press releases, 24.06.2015

Мэдлэгээ солилцож, мэдээллийн харилцан урсгал бий болгох төвийг олон улс, цаашлаад бүс нутгийн бичил уурхайн салбарт үүсгэн байгуулахаар олон улсын бичил уурхайчид Улаанбаатар хотноо чууллаа.

asm-knowledge-hub
Бичил уурхайн олон улсын мэргэжилтнүүд туршлага солилцохоор Улаанбаатар хотноо чууллаа. © SDC

Зургадугаар сарын 10-11-нд болсон Бичил уурхайн мэдлэгийн сүлжээг байгуулах олон улсын хэлэлцүүлэгт оролцсон Латин Америк, Ази, Африкийн орнуудын төлөөлөгчид Монголын бичил уурхайчдын туршлагаас суралцах зүйл их байна гэж үзэж байна.

Сүүлийн арван жил Монгол улсад эмх замбараагүй байсан бичил уурхайн салбарыг хуульчилж, зохион байгуулалтад оруулсан нь ийнхүү олон улсын бичил уурхайчдын нийгэмлэгийн анхаарлыг татах болжээ.

Тухайлбал, “Би олон оронд хувиараа ашигт малтмал олборлож буй газрыг үзсэн. Харин анх удаагаа бичил уурхайн талбайд орохдоо аюулгүй ажиллагааны зааварчилгаа авлаа” гэж олон улсын зөвлөх Феликс Хрушка ярьлаа. Тэрээр саяхан Баянхонгор аймаг дахь ХАМОДХ ТББ-ын бичил уурхайн талбарт ажиллаад иржээ.

Хувиараа ашигт малтмал олборлохыг хуулиар зохицуулсан Монгол улсын  амжилт, туршлага нь ийнхүү олон улсын бичил уурхайн мэдлэгийн төв байгуулахад тодорхой хувь нэмэр оруулж байгаа тухай Тогтвортой бичил уурхай төслийн захирал Пашинс Синго онцоллоо.

Харин Африкийн Ашигт малтмалын хөгжлийн төвийн зөвлөх Салвадор Мондлэйн “Намайг анх 2007 онд Монголд ирэхэд хувиараа ашигт малтмал олборлох ажиллагаа эмх замбараагүй, хуулийн зохицуулалтгүй байсан, харин одоо тэд хуулийн хүрээнд ажиллах болсон нь тун сайшаалтай” гэж үнэллээ.

Монгол Улсын Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран зохион байгуулсан дээрх хэлэлцүүлэгт дэлхийн 18 орны төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, зөвлөхүүд, бичил уурхайн салбарынхан, хөгжлийн бусад төсөл, сургалт, судалгааны байгууллагын 60 гаруй төлөөлөл болон бичил уурхайчид оролцлоо.       

Монголын бичил уурхайчдад олон улсын бичил уурхайн салбарын төлөөлөгчидтэй туршлага хуваалцаж, харилцан суралцах боломж олгохыг зорьсон нь биелэсэнд ноён Пашинс Синго сэтгэл хангалуун байгаагаа хэлэлцүүлгийн төгсгөлд илэрхийлсэн юм.