Монгол Улс бруцеллёзын оношлогоог өндөр түвшинд хийх шинэ лабораторитой боллоо

Press releases, 07.09.2015

Монгол Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ) есдүгээр сарын 3-ны өдөр Малын бруцеллёзын лавлагаа лабораторитой боллоо. Ингэснээр, манай улс малын бруцеллёзыг олон улсын стандартад нийцэхүйд өндөр түвшинд оношлох боломжтой болов.

brucellosis-lab
Нян судлаач эмч Ж. Мөнхгэрэл шинэ тоног төхөөрөмжийг танилцуулж байгаа нь. © SDC

УМЭАЦТЛ-ийн захирал Х. Ганзориг шинэ лабораторийг нээж хэлсэн үгэндээ, “Бид малын бруцеллёзыг дэлхийн түвшинд оношилж эхэлнэ. Ингэснээр, бид хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын нийтийн эрүүл мэндийг хамгаалах талаар нэг том алхам хийлээ” гэж онцлов.

ШХУ-ын дэмжлэгээр байгуулагдсан энэ лаборатори нийт 200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд ажиллах боловсон хүчнийг олон улсын мэргэжилтнүүд сургаж, мэргэшүүлсэн байна.

Швейцарийн хөгжлийн агентлагийн Малын эрүүл мэнд төслөөс биднийг олон улсын экспертүүдийн мэргэжил арга зүйн сургалтад олонтаа хамруулж, сүүлийн үеийн дэвшилтэт багаж тоног төхөөрөмжтэй болоход их дэмжлэг үзүүллээ хэмээн нян судлаач эмч Ж. Мөнхгэрэл хэлэв.

Тэрээр “Бид бруцеллёзыг орчин үеийн арга зүйн дагуу оношилсноор малын бруцеллёзоос эрүүлжүүлэх боломжтой болсон төдийгүй цаашид хүний бруцеллёзийг устгахад чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

Энэхүү лавлагаа лаборатори нь Швейцарийн Засгийн Газраас Монгол улсын мал эмнэлгийн салбарыг хөгжүүлэхэд үзүүлж байгаа техникийн туслалцааны нэг хэсэг юм гэж  Швейцарийн хөгжлийн агентлагийн Хөтөлбөр хариуцсан захирал Даниел Валенги хэллээ.

Монголын мал эмнэлгийн оношилгооны ур чадварыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны дүнд нийт хүн амын таван хувийг хамарсан байгаа бруцеллёзын тохиолдлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж тэрээр онцлон тэмдэглэлээ.