Олны талархлыг хүлээсэн Нэг цонхны үйлчилгээний төвүүдийг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө.

Local news, 27.05.2015

Олны талархлыг хүлээсэн Нэг цонхны үйлчилгээний төвүүдийг Монгол улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө.

oss
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Нэг цонхны үйлчилгээний төв © SDC

Өнгөрсөн найман жилийн турш Монгол орон даяар байгуулагдсан Нэг цонхны үйлчилгээний (НЦҮ) төвүүд төрийн үйлчилгээг үр ашигтай, цомхон, нийт иргэдэд хүртээмжтэй болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

НЦҮ гэдэг бол төрийн олон төрлийнүйлчилгээг, тухайлбал нийгмийн даатгал, нийгмийн халамж, иргэний бүртгэл, газрын болон өмчийн харилцаа, татвар, нотариат, банк зэрэг үйлчилгээг нэг цэгээс үзүүлж ард иргэд хүссэн үйлчилгээгээ богино хугацаанд, чирэгдэл багатай авах боломж олгодог шинэлэг загвар юм.

Төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх нь хүнд суртал, авлигыг бууруулдаг ач холбогдолтой.

Нэг цонхны үйлчилгээний төвүүдийг Засгийн газарт хүлээлгэн өгөв 

Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн НЦҮ төсөл Монгол Улсын Засгийн газар, нийт иргэдийн талархлыг хүлээсэн төсөл, хөтөлбөрийн нэг болсон юм.

Энэ оны дөрөвдүгээр сард Швейцарийн хөгжлийн агентлагийн “Нэг цонхны үйлчилгээ” төслөөс эдгээр төвүүдийг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өглөө.

Засгийн  газар цаашид тогтвортой ажиллагааг нь хангаж ажиллах болно.

Үүнтэй холбогдуулан, Засгийн газраас холбогдох тогтоолыг гаргаж НЦҮ-ний төвүүдийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр болсон байна.

Аймаг, дүүргийн захиргаад ч иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү үр ашигтай болгох үүднээс өөрсдөө уг загварын дагуу НЦҮ-ний төвүүд байгуулж байна.

Одоо сум, хорооны түвшинд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн ажиллуулж байгаа 150 гаруй НЦҮ-ний төв байна.

НЦҮ-ний төвүүд бий болохоос өмнө иргэд төрийн үйлчилгээ авахын тулд олон газрын хаалга татах шаардлагатай байлаа.

Мөн эдгээр үйлчилгээ нь нэгдсэн зохицуулалт, харилцан уялдаагүй, иргэдэд чирэгдэл учруулдаг байв. 

Судалгаанд оролцогч иргэдийн 75-аас дээш хувь нь энэ үйлчилгээнд сэтгэл ханамжтай байдаг гэж хариулсан нь НЦҮ-ний загвар ард иргэдийн дэмжлэгийг ихээхэн хүлээж байгааг харуулж байна.

Завхан аймгийн Улиастай сумын НЦҮ-ий төвөөр үйлчлүүлж буй нэгэн иргэн “Чирэгдэл багатай байдаг учраас би НЦҮ-ний төвийг сонгодог” гэж ярилаа.

Мөн тус аймгийн өөр нэг үйлчлүүлэгч “НЦҮ-ий төв дээр нийгмийн даатгалын ажилтан, банкны ажилтан аль аль нь байдаг учраас нааш цааш явалгүй нэг дор бүх зүйлээ амжуулсан нь аятайхан байлаа” гэв.

Энэхүү хүлээлгэн өгөх ажиллагаанд зориулж НЦҮ төслөөс найман жилийн ажлынхаа үр дүнг онцолсон баримтат кино бүтээжээ.

Баримтат киног үзэх