“Хотын засаглал” төсөл хэрэгжинэ

Press releases, 15.09.2015

Улаанбаатар хот, 2015-09-14-ны өдөр -- Улаанбаатар хотын гэр хороололд төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлтийг дэмжих “Хотын засаглал” төслийн нээлт өнөөдөр боллоо.

urban-governance
Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэх, гэр хорооллын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Хотын засаглал төсөл хувь нэмрээ оруулна. © D. Davaanyam

Төслийг Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлж, Азийн сан, Нийслэлийн Засаг даргын тамгын газар (НЗДТГ)-тай хамтран ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүрэг, хороод болон иргэний нийгмийн байгууллагуудын  төлөөлөл болох 150 гаруй хүн оролцож, төслийн зорилго, хүрэх үр дүн болон “Хотын засаглал” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд талууд хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэв. 

“Иргэдийн шууд оролцоонд тулгуурласан нутгийн өөрөө удирдаx ёсыг улам бэxжүүлэxийн төлөө төрийн ажлын ил тод нээлттэй байдлыг хангаx, төрийн үйлчилгээний чанар xүртээмжийг дээшлүүлэx, иргэдийн эрүүл, аюулгүй амьдраx орчныг бүрдүүлсэн өрсөлдөx чадвартай хотыг бий болгоxын төлөө та бид зорьж байна” гэж Улаанбаатар xотын Заxирагчийн ажлын албаны дарга Б. Бадрал төслийн нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлэв. 

Төслийн хүрээнд нэн ялангуяа төрийн үйлчилгээ үзүүлэх болон төсвийн шийдвэр гаргах явцад иргэдийг оролцуулах дүүрэг, хороодын чадавхийг бэхжүүлэхэд анхаарах юм. Эдгээр зорилтуудыг биелүүлэхийн тулд нийслэл, дүүрэг, хороодын удирдлага болон иргэдтэй нягт хамтран ажиллаж, төрийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтуудыг иргэдийн эрэлт хэрэгцээнд улам нийцүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

“Хотын засаглал төслийг эхлүүлж байгаа нь Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлагийн хувьд чухал үйл явдал юм. Учир нь, Швейцарийн хөгжлийн агентлаг засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах чиглэлээр анх удаа Улаанбаатар хоттой хамтран ажиллах боллоо” гэж  Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Маркус Валдфогел хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм. 

Тэрбээр, цааш нь төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын иргэд өөрсдөд нь хамаатай шийдвэрүүдэд идэвхтэй, хариуцлагатай оролцдог болох бөгөөд орон нутгийн удирдлага ардчилсан, нээлттэй, иргэддээ үйлчилдэг болгоход иргэдийн оролцоог хөхүүлэн дэмжинэ гэсэн үг юм гэж онцоллоо.

“Олон талын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжиж буй “Хотын засаглал” төсөл зорьсон үр дүндээ хүрнэ гэдэг итгэлтэй байна” гэж Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони Линдберг мөн энэ үеэр хэллээ. Тэрбээр, уг төслийн хүрээнд дараах зорилтуудын хэрэгжүүлэхээр дэвшүүлж байгааг онцлов. Үүнд:

  1. Иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлтийн үйл явцыг дэмжиж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сонирхолтой, шинэлэг арга аргачлал, үйл ажиллагааг туршилтын журмаар хэрэгжүүлэх;
  2. Хорооны түвшинд нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай үйлчилгээний төрөл, хэлбэрийг тодорхойлж, өрсөлдөөнт байдлаар төсөл сонгон шалгаруулж, хэрэгжүүлэх;
  3. Хорооны иргэд, оршин суугчид болон орон нутгийн засаг захиргаа хоорондын харилцаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор иргэдийн чадавхийг бэхжүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;
  4. Улаанбаатар хотын харъяа төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын чадавхийг сайжруулж, тэдгээрийн үйл ажиллагааг илүү ил тод, хариуцлагатай, иргэдийн оролцоог хангасан байдлаар явуулахад чиглэсэн сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;
  5. Иргэд, оршин суугчид болон төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг урт хугацаанд тогтвортой явуулах боломж, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох байгууллага, институтыг тодорхойлж, бэхжүүлэх зэрэг болно.

Хотын засаглал төсөлд Улаанбаатар хотын 9 дүүргийн 33 гэр хорооны 330,000 гаруй оршин суугчдыг хамруулах бөгөөд төслийн хэрэгжилтэд Нээлттэй нийгэм форум, Транспэрэнси Интернэшинал Монгол, Ардчиллын боловсрол төв зэрэг төрийн бус байгууллагууд оролцох юм.