Монголоос мах экспортлоход малын халдварт өвчин саад болж байна

Article, 26.09.2016

Улаанбаатар, 2016.09.26 -- Дал орчим сая толгой малтай Монгол улс малынхаа махыг экспортод гаргах боломжтой. Харин энэ нөөцөө ашиглахын тулд мал сүргийнхээ эрүүл мэндэд хяналт тавих шаардлагатай.

AHP-one-health
Монгол улс малын өвчинтэй үр дүнтэй тэмцсэнээр малчдын орлого нэмэгдэн, нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, мах экспортлоход дэмжлэг үзүүлж байна. © SDC in Mongolia

Учир нь малын халдварт өвчний дэгдэлт нь Монгол малын махыг хилийн чанадад “наймаалцахад” садаа болсоор байгаа. Түүгээр ч зогсохгүй малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход ч  бэрхшээл тулгардаг.

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төсөл мал эмнэлгийн тогтолцоог сайжруулж, халдварт өвчинтэй тэмцэх, хянах хөтөлбөртэй болоход нь Монгол улсын мал эмнэлгийн салбарт дэмжлэг үзүүлж байна.

Ерэн онд зах зээлийн эдийн засагт шилжих үед 25 сая толгой малыг малчдад хувьчилсан нь өнөөдөр бараг гурав дахин нэмэгджээ. Сүргийн тоо толгой ийнхүү өсөж байгаа ч малын халдварт өвчин гарсаар байна.

Өвчилсөн малын ашиг шим нь буурдаг учраас малчид эдийн засгийн ихээхэн алдагдал хүлээдэг.

Түүнчлэн малаас хүнд дамжин халдварладаг зооноз өвчнүүд нийгмийн эрүүл мэндэд ч багагүй хохирол учруулсаар ирлээ. Хэдийгээр Монголчууд малынхаа махыг гадаадад тэр дундаа өмнөд хөрш рүүгээ гаргах сонирхол байгаа ч импортлогчоос тавих шаардлага нэмэгдсээр байна.

Өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээ шуурхай авна

Мал эмнэлгийн үр дүнтэй тогтолцоо бий болгоход Монгол улсын Засгийн газар ихээхэн анхаарч байгаа. Өнөөгийн тогтолцоо нь малын эрүүл мэндэд цогц хяналт тавих, халдварт өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээг шуурхай авах чадамжгүйгээс мах экспортлох боломжид саад болж байна.

Швейцарийн хөгжлийн агентлаг нь Монгол улсын мал эмнэлгийн тогтолцоог шинэчлэн зохион байгуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, энэ салбарын мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх ажлыг 2008 оноос хийж ирсэн.

Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Швейцарийн мэргэжилтнүүдийг дэмжлэгтэйгээр “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан билээ.

“Социалист тогтолцооноос уламжилсан хууль, тогтоомжийн дагуу мал эмнэлгийн салбарт гол анхаарлыг төр хандуулсаар ирсэн. Ингэснээр малчдын хариуцлага улам суларсаар байна” гэж тус агентлагийн Хөдөө аж ахуйн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Даниел Валенги онцоллоо.

Тэрээр одоогийн мал эмнэлгийн салбарт шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг ч хөндлөө. Тухайлбал, мал сүргээ вакцинд хамруулах нь төр засгийн гар харалгүй малчид өөрсдөө хийх ажил юм.

Шинэ хуульд салбарын яамнаас эхлээд малчин хүртэлх бүх талуудын оролцоо, үүрэг, хариуцлагыг заасан байгаа. Ингэснээр мал эмнэлгийн шинэ бүтэц, тогтолцоо нь өвчний дэгдэлтийн үед, хариу арга хэмжээг шуурхай авах нөхцөл бүрдүүлнэ гэж тэрээр хэллээ.

Бруцеллёз болон шүлхий өвчинтэй үр дүнтэй тэмцэх нь

Швейцарийн мэргэжилтнүүд бруцеллёз болон шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын үр дүнтэй хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Малын эрүүл мэнд төсөл нь Монгол улсад хамгийн түгээмэл бөгөөд ихээхэн анхаарал татсан халдварт хоёр өвчнийг хянах зорилгоор ажилласан. Шүлхий, бруцеллёзтой тэмцэх стратеги нь малын бусад өвчинтэй тэмцэх ажилд загвар болно хэмээн үзэж байна.

Ийм учраас мал эмнэлгийн үйл ажиллагаанд шаардагдах чадавхийг хэрхэн бэхжүүлэх ажлыг төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн. Мөн халдвараас хэрхэн сэргийлэх, эрүүл мэндээ яаж хамгаалах сэрэмж дээшлүүлэх ажлыг малчдын дунд зохион байгуулсан юм. Малаас хүнд халдварладаг бруцеллёз өвчинтэй тэмцэх зорилгоор хяналтын хөтөлбөр боловсруулж 2020 он хүртэл мал сүргийг вакцинжуулалтанд хамруулан ажиллаж байна. 

Малд вакцин хийсэн эсэхийг тогтоох ийлдсийн тандалт шинжилгээг төслийн хүрээнд хийдэг. Даниел Валенги “Бруцеллёз өвчин гарч байна гэдэг нь мал эмнэлгийн тогтолцоо тухайн улсад буруу байгаагийн илрэл юм. Бруцеллёз өвчнийг хяналтандаа авах боломжтой” хэмээн өгүүлжээ. Бруцеллёзтой тэмцэх стратеги нь “Нэг эрүүл мэнд” гэсэн ойлголтонд тулгуурладаг бөгөөд хүн, мал эмнэлгийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой.

Шүлхийгээр өвчилсөн мал эдгэрдэг ч малын гаралтай бүтээгдэхүүн экспортлоход хориг тавигддаг өвчний нэг юм.

"Шүлхий нь гоц халдварт өвчин учраас гадаад орнуудад мах экспортлох хориотой байдаг. Тиймээс шүлхий өвчинтэй тэмцэх стратегийн гол зорилго нь Монгол орны баруун хэсэгт эрүүл бүс байгуулах явдал юм. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан журмын дагуу мах экспортлоход шүлхийгүй, эрүүл статус зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ статусыг авахын тулд Монгол улс малын шилжилт хөдөлгөөндөө бүрэн хяналт тавьдаг, өвчнийг хянах болон өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээ шуурхай авдаг болохоо баталгаажуулсан байх ёстой” гэж Даниел Валенги өгүүлэв.

Мал эмнэлгийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэлээ

Дэлхийн шилдэг сургуулийн хөтөлбөрт түшиглэн Мал эмнэлгийн сургууль сургалтын хөтөлбөрөө шинэчиллээ. Ингэснээр оюутнуудын практик ур чадварыг хөгжүүлж өнөөгийн шаардлагад нийцсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэхээр ажиллаж байна. © ШХА

Мал эмнэлгийн албан боловсролыг боловсронгуй болгох нь “Малын эрүүл мэнд” төслийн бас нэг зорилт юм. Мэргэжилтнүүд мал эмнэлгийн сургуулийн боловсролын тогтолцоонд хөндлөнгийн үнэлгээ хийж үзээд сургалтын агуулга нь өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгааг тогтоосон. Тухайлбал сургуулиа төгссөн малын эмч орон нутагт ажиллах хангалттай мэдлэг, ур чадварыг эзэмшиж чаддаггүй байв.

Тиймээс Монгол улсын Мал эмнэлгийн сургууль нь Швейцарийн болон Английн Хатан хааны Мал эмнэлгийн сургуулийн багш, мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу сургалтын хөтөлбөрөө бодит хэрэгцээнд тулгуурлан, дэлхийн стандартад нийцүүлж шинэчилсэн юм.

Энэ ажлын хүрээнд мал эмнэлгийн сургуулийн багш нарын сургалтын арга барил, чадавхийг сайжруулж бэхжүүллээ. “Малын эрүүл мэнд” төсөл нь оюутнуудын практик ур чадварыг хөгжүүлэх зорилгоор мал үзлэгийн хашаа, лекцийн тэнхим, номын санг тохижуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.