ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг иргэдийн оролцоог сайжруулж байна

Local news, 16.06.2016

“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс олгосон уралдаант тэтгэлэг Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын үйл ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог хангахад чиглэсэн олон төрлийн шинэлэг санаачлагыг дэмжиж байна.

cslb-grants
Уралдаант тэтгэлэг ИТХ-ын үйл ажиллагааг сайжруулах шинэ санаачлагуудыг дэмжиж байна.

Төслөөс 2015-2016 онд улсын хэмжээнд нийт 25 тэтгэлгийг нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон аж.

2013 онд хэрэгжүүлсэн Үндэсний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор олгож буй энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь ногоон хөгжлийг дэмжих, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэгт чиглэж байна. 

Хоёр жил дараалан олгож буй тэтгэлэг хөтөлбөрт 41 ИТХ хамрагдаж, нийт 200 сая төгрөгийн тэтгэлэг хүртсэн байна.

Энэ онд уг тэтгэлэгтэй холбоотой сургалт, хэлэлцүүлгийн арга хэмжээнд тухайлбал Орон нутгийг хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх төслүүд болон бодлогын бусад асуудлаар хуралдсан иргэдийн төлөөлөгчдийн хурал, уулзалтад 25 аймаг, сум дүүргийн 10,000 гаруй иргэн хамрагдав.

Эхний жилд орон нутгийн шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог сайжруулах, орон нутгийг хөгжүүлэх сангийн ажиллагаанд хяналт тавих ИТХ-ын чиг үүргийн биелэлтийг сайжруулах гэсэн хоёр үндсэн чиглэлээр тэтгэлэг олгосон.

Харин удаах жилд нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавих ИТХ-ын чадавхийг сайжруулах, эмэгтэйчүүд болон залуучуудын оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын санаачилсан үйл ажиллагааг дэмжих нээлттэй сэдэв гэсэн гурван шинэ чиглэлийг нэмж хэрэгжүүлсэн. 

“Нутгийн өөрөө удирдах байгуулагууд маань төсвөө багахан хэмжээгээр нэмэгдүүлэхэд л ямар үр дүнтэй зарцуулж, шинэлэг арга барилаар илүү их үр дүнд хүрч болохыг харуулах нь бидний нэг зорилт байлаа” гэж Төслийн үндэсний захирал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Болдбаатар хэллээ.

ИТХ болон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүргийг иргэдэд танилцуулах, тэдний зүгээс иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролыг сайжруулах, сайн сайхныг хангахад чиглэсэн бодлого боловсруулахад нутгийн иргэдтэйгээ ойр дотно хамтран ажиллахад тэтгэлэгт хөтөлбөр ихээхэн нөлөө үзүүлж байна.   

Үүний нэгэн бодит жишээ бол Өвөрхангай аймгийн Хархорин суманд малын тоо толгойг зохицуулах бодлого боловсруулсан явдал байв.  “Тэтгэлэгт хамрагдсанаар бид 2000 айл өрхийн дунд явуулсан судалгааны үр дүнд сумын төв дэх малын тоо толгой хэтэрснийг тогтоож, улмаар нутгийн иргэдийн дунд өрнүүлсэн хэлэлцүүлгээр сумын төвд байгаа малчдыг нүүлгэхээр шийдэж, шаардлагатай газар, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх бодлого боловсруулж чадсан” гэж тус сумын ИТХ-ын дарга Д.Лхагвабуд хэлсэн юм.

Төслийн хаалтын семинар 5-р сарын 2-3-нд Хархорин суманд зохион байгуулагдаж тэтгэлэг хүлээн авсан талууд харилцан үр дүн, алдаа сургамжаа хуваалцлаа.

“Хоёр өдрийн семинар маш сонирхолтой байлаа. Бусад тэтгэлэгт төслүүдийн талаар ихийг олж мэдлээ.  Миний хувьд ИТХ-ын танхимыг явуулын хэлбэрт оруулж алс бөглүүд буй малчдын хэрэгцээг тодорхойлох санаа маш шинэлэг байлаа” гэж Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын ИТХ-ын ажлын албаны ажилтан Б. Батнайрамдал ярьсан юм.

Тэрээр “Бид тэтгэлгийнхээ хүрээнд санхүүжилт авах боломжтой төслүүдийн жагсаалт гаргаж танилцуулснаар орон нутгийг хөгжүүлэх сангийн талаарх иргэдийн ойлголт мэдлэгийг сайжруулж чадсан.  Би өөрөө үүнээс маш их зүйл суралцсан. Үндсэн хуулийн хүрээнд эрхээ эдэлж үүргээ биелүүлэхэд бидэнд тийм ч их мөнгө шаардлагагүй гэдгийг би олж мэдсэн” гэж хэллээ.

НҮБХХ, УИХ-ын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг Швейцарийн хөгжлийн агентлаг санхүүжүүлж байна.