Соёл урлагийн төслийн шалгаруулалтад урьж байна.

Press releases, 30.01.2017

Соёл урлаг нь нийгмийн өөрчлөлтийн гол илэрхийлэл бөгөөд хөгжлийн цөм болдог.

culture
Соёл урлаг © ШХА

Швейцарийн хөгжлийн агентлаг нь Монгол Улсын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, урлаг соёлын олон талт болон өвөрмөц онцлогийг бэхжүүлэх, мөн нийгмийн хөгжил, дэвшилд урлагийг бүтээлчээр ашиглах шинэлэг санаачлагыг дэмжих зорилгоор соёл урлагийн төслийн санал хүлээн авч байна.

Төслийн санал нь уран зураг, хөгжим, театр, жүжиг, бүжиг, кино, телевиз, гэрэл зураг, уран зохиол болон соёлын өвийг хамгаалах зэрэг уламжлалт болон орчин үеийн урлагийн аль ч төрөл хэлбэрээр байж болно.

Монгол Швейцарийн хооронд төдийгүй бүс нутгийн болон хөрш орнуудын хоорондох соёлын солилцоог бэхжүүлэх төслүүд, мөн хөдөө орон нутагт урлаг соёлыг хөгжүүлэхэд  чиглэсэн шинэлэг санаачлага, ялангуяа орон нутгийн урлаг соёлын байгууллагууд, уран бүтээлчдийн саналуудыг урьж байна.

Төсөл нь урлагийг нийгмийн хөгжил, өөрчлөлтийн хэрэгсэл болгон ашигласан, тогтвортой хөгжил, байгаль орчин, хүйсийн тэгш оролцоо, хүний эрх, ядуурлыг бууруулах зэрэг сэдэвтэй байж болно.

Төсөлд тавигдах шаардлага:

  • Дээр дурьдсан зорилгод нийцсэн байх
  • Хэрэв төсөл хэрэгжүүлэгч нь хувь хүн бол холбогдох хуулийн дагуу аливаа татвар, даатгалыг хариуцах ба төсөл хэрэгжүүлэх, төсвийг захиран зарцуулах чадвартай гэдгээ баталсан байх; (тэтгэлэг нь хувь уран бүтээлчийн ажлын хөлс, цалинд зарцуулагдахгүй.)
  • Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд буюу төрийн ба төрийн бус соёл урлагийн байгууллага байх;
  • Төсөл хэрэгжүүлэх хугацаа нь 12 сараас хэтрэхгүй байх;
  • Төслийн маягтыг англи эсвэл монгол хэл дээр бүрэн бөглөж, дэлгэрэнгүй төсвийн хамт хүргүүлнэ. (Жич: Улаанбаатар хотоос оролцож буй байгууллага, хувь хүн нь өргөдлийн маягтыг англи хэл дээр бөглөнө. Хөдөө орон нутгаас оролцогчдыг ч мөн адил англи хэл дээр өргөдөл гаргахыг санал болгож байна. Хэрэв монгол хэл дээр маягтыг бөглөсөн бол төслийн үндсэн санаа, гол агуулгыг англи хэл дээр 1-2 хуудсанд багтаан хавсаргана.)
  • Нэг төсөлд олгох санхүүжилт нь 50 сая хүртэлх төгрөг байна; Төсвийн тодорхой хувийг өөрийн болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжтой төслийг давуу тал гэж үзнэ. Энэ тохиолдолд эх үүсвэрээ нотолсон байх,

Дараах саналыг шалгаруулалтад оруулахгүй. Үүнд:

  • 2017 оны 3 сарын 1-ний байдлаар ШХА-ийн соёлын тэтгэлгээр хэрэгжүүлж буй төсөл нь дуусаагүй байгууллага, хувь хүн;
  • Аливаа улс төрийн нам, эвсэлтэй холбоотой бол;
  • Хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгж бол;
  • Хувь хүн болон байгууллагын үйл ажиллагааны тогтмол зардал, ажилтнуудын цалин урамшуулал зэргийг голчлон санхүүжүүлэх санал;
  • Төслийн үндсэн үйл ажиллагаа, агуулгад багтаагүй зөвхөн хувь хүн, байгууллагын гадаад аялал, албан томилолт санхүүжүүлэх, эсвэл эд хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах санал;

Дээрх шаардлага хангасан төслийг дараах шалгуураар шалгаруулна. Үүнд:

  • Бүтээлч, шинэлэг байх;
  • Төслийг хэрэгжүүлэх стратеги нь тодорхой, ойлгомжтой байх;
  • Монголын соёл урлагийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, тодорхой үр дүн үзүүлэх;
  • Хэрэгжүүлэгч нь тухайн салбартаа мэдлэг чадвар, туршлагатай байх;
  • Хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжүүлэх болон төсвийг захиран зарцуулан чадвартай гэдгээ нотолсон байх.

Өргөдөл гаргах журам:

Бүрэн бөглөсөн өргөдлийн маягтыг ulaanbaatar@eda.admin.ch и-мэйл хаягт “Culture Project Proposal 2016” гэсэн гарчигтайгаар илгээнэ.

2017 оны төслийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2017 оны 3 дугаар сарын 1-нээр дуусгавар болсон.

Жич: Бүрэн бус болон хангалтгүй боловсруулсан материалыг сонгон шалгаруулалтад хамруулахгүй. Төслийн шалгаруулалт нь шударга өрсөлдөөнт журмаар явагдана. Шалгуурт тэнцсэн төслүүдээс анх удаа хандаж буй хувь хүн, байгууллагад давуу тал олгоно. Зөвхөн шалгарсан төсөлд бичгээр хариу мэдэгдэнэ. Төслийн материалыг буцаан олгохгүй. Төслийн шалгаруулалт нь төсөл хүлээн авах эцсийн хугацаанаас хойш хоёр сарын дотор эцэслэгдэнэ.

Төсөлтэй холбоотой аливаа асуултад утсаар хариу өгөх боломжгүйг анхаарна уу.