Ашиглалтын хугацааны зардлыг тооцож сурах нь хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлнэ

Local news, 11.08.2016

Орон нутгийн шийдвэр гаргах түвшний удирдлагуудад аливаа хөрөнгө оруулалт, бараа бүтээгдэхүүний ашиглах хугацаанд гарч болох бүх зардлыг урьдчилан тооцох аргачлалыг танилцуулах нь төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, улмаар орон нутгийн засаглалыг сайжруулахад ач холбогдолтой.

life-cycle-cost-approach-training
ИТХ-ийн төлөөлөгчид ашиглалтын хугацааны зардлыг тооцож сурлаа. Завхан аймаг. © GIZ

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын (ИТХ) төлөөлөгчид нь орон нутагт төсөв болон худалдан авалтын үйл ажиллагааг хянах үүрэгтэй байдаг. Иймд, ШХА болон ГОУХАН-ээс хамтран хэрэгжүүлж буй “Эрчим хүчний үр ашиг” төслөөс ИТХ-ын төлөөлөгчдөд худалдан авалт, хөрөнгө оруулалттай холбоотой шийдвэр гаргах үйл явцдаа энэхүү аргачлалыг ашиглах талаар сургалт явууллаа.

“Орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа материал, ажил үйлчилгээний тендерийг шалгаруулахдаа урт хугацааны ашиглалтын болон засвар үйлчилгээний зардлыг харгалзан үзэхгүйгээр хамгийн бага үнийн саналаар шалгаруулдаг хэвээр байна. Хамгийн бага үнэтэй санал нь ихэвчлэн чанар муутай материал, хоцрогдсон технологийг санал болгосон байдаг. Ингэснээр, ашиглалтын явцад зардал нь хэд дахин нэмэгдэхэд хүргэдэг” гэж Завхан аймгийн ИТХ-ийн Нарийн бичгийн дарга А. Гомбодорж өнгөрсөн дөрөвдүгээр сард Завхан аймагт зохион байгуулагдсан сургалтын үеэр хэлэв.

Эрчим хүчний үр ашиг төслөөс зохион байгуулсан дээрх сургалтад тус хоёр аймгийн 54 төлөөлөгч хамрагдаж, төслийн шууд бус зардал, тогтмол засвар үйлчилгээ болон  урсгал засварын зардлыг хэрхэн тооцоолох аргуудыг эзэмшсэн байна.

Энэхүү аргачлалыг сурснаар төсвийн хөрөнгөөр хийж буй хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг илүү үр ашигтай зохион байгуулахад чухал болохыг А. Гомбодорж дарга онцоллоо.

Төслөөс тус аймгуудад хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах технологиор жишиг байдлаар шинэчлэн засварласан нь эрчим хүчний хэрэглээг бууруулахаас гадна иргэдийн эрүүл мэндэд болон орон нутгийн төсөвт эергээр нөлөөлсөн байна.
 
Энэ талаар Ховд аймгийн 5-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Оюунбилэг тус цэцэрлэгийн халаалтын зардал засвар хийгдсэний дараа буюу 2015 оны өвөл хоёр дахин буурсан гэв.