“Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн гол үр дүнгээс

Local news, 29.08.2016

2016 оны наймдугаар сард “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар үе шатны хэрэгжилт дуусч байгаатай холбогдуулан төслийн хүрээнд гарсан амжилт, гол үр дүнг танилцуулж байна. Төсөл нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүх талуудын оролцоотойгоор бичил уурхайн салбарт байгаль орчны менежментийг нэвтрүүлэхийг зорьсон гол зорилгодоо хүрч чадлаа.

esecII-highlights
Бичил уурхайгаар олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж байгаа. © SDC

Ингэхдээ төсөл нь сумдын удирдлага болон олон талт зөвлөлөөр дамжуулан бичил уурхайтай холбоотой бүх талуудын оролцоо, хамтын ажиллагааг бүрдүүлэхийг чухалчилж, үйл ажиллагаа, арга барил бүртээ хүний эрх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үндсэн зарчмуудыг баримталж ирсэн.

Ийнхүү хамтын ажиллагааны үр дүнд бичил уурхайчдын байгууллага, орон нутгийн удирдлага, нутгийн иргэд хоорондын хамтын ажиллагааны боломжит арга хэлбэр, бичил уурхайн байгаль орчны асуудлыг шийдвэрлэх гарц, арга хэрэгслүүдийг боловсруулж, нэвтрүүлээд байна.

Төслийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, хэрэгслийг цаашид залгамжлан, илүү өргөн хүрээнд түгээн хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Төслийн залгамж чанарыг алдагдуулахгүйн тулд төслийн хүрээнд гаргасан амжилт, сайн туршлагыг хамтран ажиллаж ирсэн Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, төрийн байгууллагууд болон ШХА-ийн Тогтвортой бичил уурхайн төсөлд ирэх есдүгээр сард хүлээлгэн өгнө.

Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал – асуудлын шийдэл

2014-2015 онд хэрэгжүүлсэн Бичил уурхайн нөхөн сэргээлтийн загвар 17 төслийн сайн туршлага, үр дүнд тулгуурлан Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг боловсруулж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 308 дугаар тогтоолын хавсралт болгон албажуулахаар ажиллаж байна.

Ингэснээр бичил уурхайчид нөхөн сэргээлтийг хямд төсөр, олон нийт хүлээн зөвшөөрөхүйц, байгаль экологид ээлтэй аргаар хэрэгжүүлэх боломжтой боллоо.

Аргачлалд бичил уурхайгаар эвдэрч, орхигдсон газруудын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн үе шат бүрийг дэлгэрэнгүй тайлбарласнаас гадна нөхөн сэргээх талбайг хүлээн авах Хяналтын хуудас, Бичил уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний загварыг тус тус хавсаргасан.

Ийнхүү аргачлалын дагуу нөхөн сэргээлт хийх, орон нутгаас нөхөн сэргээлтийн явц, үр дүнд хяналт тавих хэрэгслийг бий болгосноор холбогдох талууд хамтын оролцоотойгоор байгаль хамгаалах үйлсэд нэгдэх боломжтой болж, улмаар нөхөн сэрээлтийг гар аргаар ашигт малтмал олборлосны улмаас эвдэрсэн бусад газарт түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүллээ.

Төслийн хүрээнд Бичил уурхайн нөхөн сэргээлтийн 17 загвар төслийн эмхэтгэлийг боловсруулсан бөгөөд үүнд 2014-2015 экологийн хувь ялгаатай бүс нутгуудад хэрэгжүүлсэн нөхөн сэргээлтийн туршлагууд, холбогдох зөвлөмжүүдийг нэгтгэн оруулсан юм.

Ингэснээр орон нутгийн удирдлага, бичил уурхайчид болон бусад талууд хамтран нөхөн сэргээлтийг түгээн дэлгэрүүлэн хэрэгжүүлэх боломжтой байгаа юм. 

2016 онд бичил уурхайн нөхөн сэргээлтийг сум, орон нутгийн хамтарсан санхүүжилтээр нийт зургаан аймгийн 13 газарт хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ үйл явцад орон нутгийн төр засгийн байгууллагуудаас тогтмол мониторинг хийж, эргэх холбоотой ажиллаж байгаа нь талууд байгаль орчны өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, цаашид бичил уурхайн нөхөн сэргээлтийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болсоны илрэл юм.

Сумын байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах

Байгаль орчны гол оролцогчдыг татан оролцуулах замаар байгалийн нөөцийн зүй зохистой, тогтвортой ашиглалтыг бий болгох зорилгоор төслийн хүрээнд Сумын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг (СБОМТ) боловсруулж байна. Одоогийн байдлаар нийт 21 сумаас 13 сум байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө боловсруулж, ИТХ-аар батлуулаад байна.

СБОМТ боловсруулахдаа иргэдийг оролцуулсан нь шинэлэг үйл явц юм. СБОМТ-нд сумын эдийн засгийн голлох үйл ажиллагаа, тэдгээрээс үүсэх байгаль орчны нөлөөлөл, байгалийн нөөц ашиглагч талуудын харилцаа ба үүрэг хариуцлага, хэрэгжүүлэх шаардлагатай хамгааллын арга хэмжээ, мөн тайлагнах болон хяналт үнэлгээ хийх үйл явц зэргийг тодорхойлж тусгасан.

Бичил уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө

Бичил уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө боловсруулах сургалтуудыг Хариуцлагатай уул уурхайн санаачлага, Бичил уурхайн эрхлэгчдийн нэгдсэн дээвэр холбоо, “Эрин үе – экологи хөгжил” сургалтын төвийн сургагч багш нараар дамжуулан зохион байгууллаа.

"Бичил уурхайн нөхөрлөл" ТББ нь ийм төлөвлөгөөтэй болсоноор нөхөн сэргээлтийг батлагдсан аргачлалын дагуу хэрэгжүүлж, СБОМТ-ний хэрэгжилтэнд хувь нэмэр оруулж, цаашид хууль ёсны дагуу бичил уурхайн зориулалтаар газар авч, хариуцлагатай бичил уурхайг хэрэгжүүлж чадахаа үлгэрлэн харуулах боломжтой болж байгаа юм.

Төлөвлөгөөний загварыг өмнө нь эвдэрч орхигдсон, одоо олборлож буй, цаашид олборлохоор төлөвлөж буй газрыг нөхөн сэргээх гэсэн гурван үндсэн зорилгоор боловсруулж болохоор хийсэн тул бичил уурхайчид аргачлалыг ашиглах, уурхайн олборлолтын мөчлөгт суурилсан хандлагыг хэрэгжүүлж хэвших юм.

Ногоон ажлын байр бий болгох 

Нийт гурван байршилд нутгийн ургамал үржүүлгийн газрыг байгуулахад дэмжлэг үзүүлэх замаар ногоон ажлын байр бий болгож, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, доройтсон газрын биологийн нөхөн сэргээлтэнд ашиглах нутгийн ургамлын нөөцийг орон нутагт бий болгож, бичил уурхайчдын амжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэхүү санаачлагыг аймаг, сумд болон хэрэгжүүлэгч бичил уурхайн байгууллагатай Санамж бичгийн хүрэээнд хэрэгжүүлж байгаа нь мөн л хамтын ажиллагаа, хариуцлагыг нэмэгдүүлж байгаа юм. 

Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь төслийг Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлж Азийн сан Уул уурхайн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.esec.mn сайтаас авна уу.