Нийгмийн эгэх хариуцлагыг Монголын нийгмийн харилцаанд төлөвшүүлэх нь

Local news, 20.09.2016

Улаанбаатар, 2016-09-19 -- Монгол Улсын төрийн үйлчилгээнд нийгмийн эгэх хариуцлагыг бий болгох нь засаглалыг бэхжүүлэх, төсвийн хөрөнгө зарцуулалтыг сайжруулах үр дүнтэй арга гэж ШХА, Дэлхийн банк үзэж байна. 

social-accountability
Нийгмийн эгэх хариуцлагыг төлөвшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж буй орон нутгийн манлайлагчид төслийн төлөвлөлтийн семинарын үеэр төслийн алсын харааг дүрсэлж байна. © Дэлхийн банк /ШХА © World Bank and SDC

Монгол улс өнгөрсөн 20 гаруй жилд эдийн засаг, улс төрийн шилжилтийн хувьд чамгүй ахиц гаргасан. Гэвч төрийн үйлчилгээнүүд чанарын хувьд нийт иргэдэд тэр дундаа ядуу, зорилтот бүлгийн иргэдэд хангалттай хэмжээнд хүрч чадаагүй байна.

Монгол Улсын Засгийн газраас төсөвт байгууллагуудын төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулах үүднээс хууль эрх зүйн шинэчлэлтүүдийг хийсэн боловч хэрэгжилтийн явцад анхаарч, сайжруулах олон зүйл гарсаар байна.

Үүнтэй уялдан нийт иргэдэд үзүүлэх төрийн суурь үйлчилгээний гүйцэтгэлийг сайжруулах ямар шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж болох вэ гэсэн асуулт тавигдаж байна.

Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэхэд шинэлэг аргыг нэвтрүүлэх нь төрийн үйлчилгээг нийт иргэдэд чанартай хүргэхэд дэвшилтэт өөрчлөлтийг бий болгоно гэж Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн Банк үзэж байна.

Ийнхүү энэ хоёр байгууллага хамтран Монгол улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийг 10 аймаг, Улаанбаатар хотын гурван дүүрэгт эхлүүлсэн. Ингэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарыг сонгон авч, төслийн өгөөжийг орлого багатай болон нийгмийн зорилтот бүлгүүд рүү чиглүүлэн ажиллаж байна.

Төсөл нь сонгосон аймаг, дүүргийн захиргааны байгууллага, иргэдийн төлөөлөгчдийн хурал, төрийн үйлчилгээний байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, нутгийн иргэдээс бүрдсэн идэвхи зүтгэлтэй, олон талын оролцоот бүлгийг орон нутгийн түвшинд хөгжүүлж, тэдгээрийн чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч, тэднийг жолооны ард суулгах буюу тус төслийг гардан хэрэгжүүлэгч болгох юм.

Төслийн зорилго нь орон нутгийн захиргаа ба иргэд, дээрх бусад талуудын хоорондын бүтээлч хамтын ажиллагааг дэмжихэд оршино.

Ингэснээрээ талууд хамтдаа төрийн үйлчилгээнд гарч буй  тулгамдсан асуудлуудыг эрэмблэж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхдээ нийгмийн эгэх хариуцлагын аргуудыг ашиглана.  Улмаар нийгмийн эгэх хариуцлага нь төрийн байгууллага ба иргэд хоорондын харилцааны соёл дадал болж, төсөл дууссаны дараа ч энэхүү эгэх хариуцлага талуудын нийгмийн харилцаанд сайн хэвшил болж үлдэх юм.

Төсөл нь нийгмийн эгэх хариуцлагын талаар мэдлэг туршлагатай үндэсний хэмжээний ТББ-уудыг орон нутгийн олон талт бүлгүүдтэй хамтарч ажиллахыг мөн дэмжинэ. Орон нутагтаа нийгмийн эгэх хариуцлагыг санаачлан тэргүүлж байгаагийн хувьд олон талт бүлгүүд нь тулгарч байгаа асуудлуудаа амжилттай шийдвэрлэхэд нь зөвлөж туслах үндэсний хэмжээний томоохон ТББ-г өөрсдөө сонгож, хамтарч ажиллана. Сонгогдсон ТББ-ууд нь нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгсэл, арга барилуудыг хэрхэн ашиглах талаар орон нутгийн бүлгүүдийн мэдлэг чадавхийг бэхжүүлж, тэдэнд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

Үүний зэрэгцээ, нийгмийн эгэх хариуцлагыг хөгжүүлэхэд ихээхэн чухал зүйл болох төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдийн талаарх мэдээллүүдийг баттай эх сурвалжаас иргэдэд ойлгомжтой хэлбэрээр хангах үүднээс төсөл нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох салбарын яамд болон хэрэгжүүлэгч агентлагуудтай уялдаа холбоотой ажиллана. Мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн төвшинд нийгмийн хариуцлагын арга хэрэгслүүдийг ашиглах явцад гарах амжилтууд, дэвшилттэй саналуудыг боловсрол, эрүүл мэндийн салбарын бодлогын хэлэлцүүлэг, форумд танилцуулах юм. 

Энэхүү төсөл нь 2015 оны 11 сард эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар орон нутгийн оролцогч талуудын төлөөлөл бүхий 650 гаруй хүн нийгмийн эгэх хариуцлагын талаархи ойлголтоо сайжруулаад байна.

Орон нутгийн олон талт бүлгүүд (аймаг тус бүрт дунджаар 40-60 хүн) өөрсдийн санаачлагаар нэгдсэн зохион байгуулалтанд орж, төслийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллацгааж байна.  Орон нутгийн захиргааны шинэ удирдлагууд уг төслийг дэмжих хүсэлтэй байгаагаа мөн хэдийнээ илэрхийлсэн. 

Ирэх саруудад төслөөс олгох тэтгэлгийн хүрээнд орон нутгийн бүлгүүд, өөрсдийн сонгосон ТББ-тайгаа хамтран нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслүүдээ боловсруулж, хэрэгжүүлнэ.

Үндэсний түвшинд, Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон холбогдох салбарын яамд энэхүү төслийг дэмжин, хамтран ажиллаж байна. Төслийн зорилтууд нь Монгол улсын Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөнд мөн тусгагдаад байна.   

Төслийн шинэлэг арга барил, түүний дагалдах элементүүд цаашид тогтвортой хэрэгжих баталгааг хангаж, улмаар боловсрол, эрүүл мэндийн чанартай үйлчилгээг нийт иргэдэд ялангуяа ядуу, зорилтот бүлгийн иргэдэд хүргэхийн төлөө Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн Банк хичээн ажиллах болно. 

Төслийг хэрэгжүүлэх явцад сорилтууд хэдийгээр тулгарах ч, төслийн хүрээнд хийгдэж байгаа эдгээр хүчин чармайлтууд нь Монголын хөгжлийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй болгоход ихээхэн ач холбогдолтой гэдэгт төслийн нийт оролцогч талууд итгэлтэй байна.