Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ төсөл ажил эрэлхийлж буй залуусийг дэмжинэ

Press releases, 20.06.2016

Швейцарийн хөгжлийн агентлагаас (ШХА) шинээр хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (ЗХЭД) төсөл нь мэргэжилтэй, ур чадвар бүхий ажиллах хүчин дутагдалтай хэдий ч ажилгүйдлийн түвшин өндөр өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр ажил хайж буй залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

youth-employment
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл залууст ажлын байртай болох эсвэл өөртөө ажлын байр бий болгох боломжийг бий болгоно. © SDC

Тавдугаар сарын 25-нд нээлтээ хийсэн энэхүү төсөл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаар дамжуулан хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг дэмжин ажилласан ШХА-ийн Мэргэжлийн боловсрол сургалтын (МБС) төслийн үргэлжлэл үе шат болон хэрэгжих юм.

Шинээр эхлүүлж буй энэхүү төсөл нь ажил хайж буй иргэд болон ажил олгогчдын хооронд зуучлах, залуусын хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Ингэхдээ, хөдөлмөр эрхлэх эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний үр дүнг сайжруулах, өсөн тэлэх боломж бүхий шинэлэг гарааны бизнесүүдийг дэмжихийг зорьж байна.

Үндэсний статистикийн газрын мэдээлснээр 2015 онд Монгол улсад ажилгүйдэл 6.3 хувьд хүрсэн бөгөөд ажилгүйчүүдийн дунд 15-24 настай залуучууд зонхилж, бараг 17 хувийг эзэлж байна.

“Шинэ төсөл маань ажилгүй олон залууст ажилтай болох, эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлж өөртөө ажлын байр бий болгох боломж олгоно гэдэгт итгэл төгс байна” гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан төслийн нээлтийн үеэр хэлсэн юм.  Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлсэн МБС төсөл нь мэргэжлийн дадлагыг онцгойлсон сургалт бүхий чадавхид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан болохыг тэрээр цохон тэмдэглэв.

Төсөл нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг бэхжүүлэх, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээ үзүүлж буй боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхээр Хөдөлмөрийн яам болон бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж ажилгүйдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна.

Ингэхдээ, ШХА-аас хэрэгжүүлж буй Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх төсөл, МБС-ын Түншлэл ТББ зэрэг салбарын бусад төсөл хөтөлбөр, түнш хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах замаар төслийн зорилтыг амжилттай хэрэгжүүлж үр нөлөөгөө сайжруулахыг зорьж байна.

ЗХЭД төслийг GFA Consulting Group хэрэгжүүлж байна.