Хөгжлийн бэрхшээлтэй залуусыг дэмжих бүлэг нь тэдний нйигэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд тусална

Local news, 22.09.2016

Улаанбаатар, 2016.09.22 -- Монголын хүн амын 40 гаруй хувийг эзэлдэг 14-35 насны залуучуудын нэлээд хэсэг нь хотжилт, хот суурин руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн зэрэг нийгэм эдийн засгийн огцом өөрчлөлтөд дасан зохицох талаар ихээхэн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна.

disability-youth
Б. Өнөржаргал хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг дэмжих бүлэгт хамрагдсанаар эерэг өөрчлөлтийг эхлүүлсэн тухайгаа хуваалцаж байна. © UNFPA / SDC

Тэд амьдралын арга ухаан, амьдрах чадвар дутмагаас болж дээрх өөрчлөлтөд зохицож, амьдралд хөлөө олж чадахгүй байна гэж НҮБ-ын Хүн амын сан болон Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөр үзэж байна. Залуучуудын ийнхүү эмзэг сул, эрсдэлд өртөмтгий байдлыг бууруулах нэг арга нь тэдэнд амьдрах ухааны мэдлэг олгох, нийгмийн харилцаанд оролцох харилцааны соёл, ур чадварт сургах явдал гэж тодорхойллоо. Улмаар, төслөөс эмзэг бүлгийн залуусыг дэмжих бүлгүүд байгуулсан бөгөөд тэдний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй залууст чиглэсэн бүлэг юм.

Баянхонгор аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй залуусыг дэмжих бүлгийн гишүүн Б. Өнөржаргал өнгөрсөн жилийг хүртэл ийм бүлэг байдаг талаар огт сонсоогүй төдийгүй нутгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй өөр иргэдийг ч таньдаггүй байсан.

Харин 2016 оны арванхоёрдугаар сард Баянхонгор аймагт зохион байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хоёр өдрийн чуулга уулзалтад оролцож, тус аймаг дахь Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагчтай танилцсан нь амьдралдаа шинэ өөрчлөлт хийх эхлэл болсон юм.

Тэрээр тус төвийн зохицуулагчид хөгжлийн бэрхшээлтэй залуусыг дэмжих бүлэг байгуулах мөрөөдөлтэй явдгаа хуваалцжээ.

Түүний санаачлага биеллээ олж, өнөөдөр тэдний бүлэгт 25 гаруй залуусыг нэгтгэсэн, шинэ гишүүдэд нээлттэй бүлэг байгуулсан.

Залуучуудын хөгжлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй залууст зориулсан амьдрах ухааны сургалтууд нь тэдэнд олон талын ач холбогдолтой. Өөртөө итгэх итгэлийн талаарх хичээлд сууснаар өөрийгөө хүндэлж, өөртөө итгэлтэй болоход нь ихээхэн дэмжсэн тухай Өнөржаргал онцоллоо.

“Өнгөрсөн амьдралаа эргээд нэг харахад, гэрээсээ ч гарч чаддаггүй, байнгын санаа зоволт, бухимдалтай, бусдын амьдралд үргэлж атаархаж суудаг л нэгэн байснаа санах юм. Харин одоо бол би илүү эрч хүчтэй, аз жаргалтай хүн болсон. Нөхөр, хүүхдүүд минь хүртэл намайг өөрчлөгдсөнийг анзаарч байгаа” гэж тэрбээр өгүүллээ.

Эдгээр дэмжих бүлгүүд нийгэмдээ хариу тус болох олон санаачлага гаргаж байна. Тэд аймагтаа ногоон, цэвэр орчныг бий болгох талаар санаачлага өрнүүлж, мод тарих, хог цэвэрлэх ажилд орон нутгийнхаа засаг захиргаа, аж ахуйн нэгжүүдийг уриалсан.

Мөн НҮБ-ын Хүн амын сангийн түнш Иргэний боловсролын төвөөс тэдний энэхүү санаачлагыг дэмжжээ. Ингээд, тэд энэ жил нийт 75 мод тарьсан бөгөөд энэхүү ажлыг орон нутгийн захиргаа, аж ахуйн нэгжүүд сайшаан дэмжиж, нийт 18 байгууллага, 400 гаруй иргэдийн оролцоотойгоор хэдэн зуун мод тарьж, нийт 9000 м2 талбайг цэвэрлэсэн.

“Манай орон нутаг ч залуусыг дэмжих бүлгийн ач тусыг хүртээд байгаа. Бүлгийн гишүүд бид ч мөн бие биенээ дэмжин хамтарч ажилласныхаа үр шимийг хүртэж байгаа" гэж Өнөржаргал хэлэв. 

Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад боловсрол эзэмших, улмаар ажил хөдөлмөр эрхлэх боломж ямагт дутмаг байдаг. Гэвч тэд дэмжих бүлэг дотроо өөрсдийн авъяас чадварыг хуваалцах боломжтой болж байна.

“Бидэнд их дээд сургуулийн мэдлэг боловсрол байхгүй ч бие биендээ хуваалцах амьдралын асар их туршлага, чадварууд бий" гэж Өнөржаргал итгэлтэй өгүүлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад дэмжлэг үзүүлэх бүлэгт нэгдэн орсоноос хойш Өнөржаргал арьсаар бэлэг дурсгалын зүйлс урлах чадварт суралцаж, эмээл, дурангийн сав зэргийг хийж чаддаг болсон бөгөөд түүнийгээ зарж гэр бүлдээ багагүй тусалж байна. 

Ийнхүү тэдгээр залуучуудыг дэмжих бүлгүүд нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, ажлын байр бий болгох, орон нутгын тогтвортой хөгжлийг дэмжихээс гадна хүрээлэн буй орчны хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэсэн олон ажил санаачилж байна.