Эгэл малчнаас алсын хараатай багийн засаг дарга болсон залуу

Article, 27.11.2017

ШХА-ийн Ногоон алт төслийн амжилт ололт яахын аргагүй Д.Дүгэрсүрэн шиг бүтээлч, хөдөлмөрч манлайлагчидтай холбоотой. Тэрээр Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ)-ийн ахлагчаар олон жил ажилласан бөгөөд өнгөрсөн жил багийн засаг даргаар томилогджээ.

Dugersuren_community_leader
Д.Дүгэрсүрэн 2016 онд малчдынхаа итгэлийг хүлээж, багийн засаг даргаар томилогджээ. © ШХА

Төслийн зүгээс орон нутагт тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэх гарцыг олох, холбогдох арга хэмжээ авахад нь иргэдэд дэмжлэг үзүүлдэг бол харин төслийн үр дүнг цаашид тогтвортой авч явдаг бүлэг нь орон нутгийн иргэд болон тэднийг манлайлагчид байдаг.

Өнөөдрийн байдлаар Ногоон алт – Малын эрүүл мэнд төсөл нь  мянга гаруй бэлчээр ашиглагчдын хэсгийг байгуулахад дэмжлэг үзүүлээд байна. Малчдын амьжиргааг залгуулагч үндэс суурь нь болох бэлчээрийг тогтвортой ашиглах, зохион байгуулах үйл хэрэг сайн дураараа нутгийн иргэд, хамт олноо манлайлан удирдах манлайлагчдаас ихээхэн хамаардаг. Тэдгээр манлайлагчдын нэг нь Д. Дүгэрсүрэн юм.

Д.Дүгэрсүрэн 2009 онд БАХ-ийн ахлагчаар сонгогдсон. Түүний удирдлага дор БАХ-ийн гишүүн малчид бэлчээр ашиглалтын төлөвлөлтийг эхлүүлээд зогсохгүй даац хэтэрснээс үүдэн доройтоод байсан 20,000 га бэлчээрийг нөхөн сэргээх үүднээс таван жилийн хугацаагаар чөлөөлөн, бэлчээрийн менежментийг сайжруулж ирсэн. Тэрээр орон нутгийн удирдлагуудтай сумын бэлчээр болон хадлангийн талбайг ашиглах журмыг хэлэлцэж, малчдын бэлчээр ашиглах эрхийг баталгаажуулж, хадлангийн ургацыг сайжруулж, өвлийн тэжээлийн бэлтгэлийг хангах үүднээс хадлангийн талбай хаших зэрэг үйл ажиллагааг хамтарч санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Энэ нь малчдын хувьд орон нутгийн хөгжлийн сангаас авсан анхны санхүүжилт байсан юм.

2012 онд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гурван малчин сонгогдсоны нэг нь БАХ-ийн малчдын дэмжлэгээр гарч ирсэн Д.Дүгэрсүрэн байв. Тэр үеэс хойш нийгэмд тустай, малчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхүйц хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн нь орон нутгийн бусад удирдлагад үлгэр жишээ болов.

Тэрбээр уулаас эх аван урсдаг түргэн урсгалтай голыг гатлах гүүрийг малчдын оролцоотой барьсан нь хаваржаа руугаа нүүх замыг нь саадгүй болгов. Уг голыг хаврын цагт гатлахад малчид болон малд ихээхэн бэрхшээлтэй байсан цаг саяхан. Тэрээр сумын удирдлагуудад гүүр барих хүсэлт хэд хэдэн удаа гаргасны эцэст сумын засаг дарга нь орон нутгийн хөгжлийн сангаас гурван сая төгрөгийг гүүр барихад зориулж баталсан. Малчид өөрсдөөсөө 1.5 сая төгрөгийг гүүр барихад нэмэрлэсэн. Үүнд орон нутгийн иргэд ихэд урамшиж, бусад хөгжлийн төслөө хэрэгжүүлэхэд орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилт хүсэх болсноор дахин хоёр гүүрийг хамтын санхүүжилтээр барихад хүргэв.

Д.Дүгэрсүрэн нь 2016 онд багийн засаг даргаар сонгогдов. “Анх сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдохдоо би өөрийгөө хангалттай хэмжээнд боловсрол эзэмшээгүй хэмээн голж байсан. Харин найз нөхөд, хамт олон маань намайг дэмжиж, итгэл хүлээлгэж байсан нь надад урам өгч байсан. Харин одоо мөрөөдөлдөө үнэнч хүнд хаалга үргэлж нээлттэй байдаг гэдэгт итгэдэг болсон. Миний хийсэн үйл бусад залуу малчинд ч үлгэр дуурайлал болж байгаа гэдэгт би итгэж байгаа. Нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах мөрөөдлийнхөө би дөнгөж талыг нь л биелүүлээд байна” гэж Дүгэрсүрэн ярьсан юм.

herders_building_bridge
Д. Дүгэрсүрэнгийн удирдлага доор тус БАХ-ийн малчид хамтран хаваржаандаа хүрэх замд таардаг түргэн урсгалтай голыг саадгүй туулах гүүр барьжээ. © ШХА