Мал аж ахуйн салбар дахь дэмжлэгээ бэхжүүлнэ

Press releases, 21.03.2017

Улаанбаатар. 21.03.2017 -- Швейцарийн хөгжлийн агентлагаас Ногоон алт болон Малын эрүүл мэнд төслийн үр дүн, тогтвортой байдал, цаашдын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор төслүүдийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхээр шинэ төслийг эхлүүллээ.

gg_ahp
Малчид бэлчээр ашиглалтын гэрээний тухай гарын авлагыг судлаж байгаа нь. © SDC Mongolia

Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн шинэ үе шатанд малчдын байгууллагыг бэхжүүлэх, хоршоод болон боловсруулах үйлдвэрүүдийн түншлэлийг бэхжүүлэх, малын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллана.

Малчдын бэлчээр ашиглагчдын хэсэг болон бэлчээр ашиглалтын гэрээнд тулгуурласан үйл ажиллагаа нь Ногоон алт төслийн гол цөм бөгөөд бэлчээрийн доройтлыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга хэмээн үнэлэх хандлага олон нийт, малчид болон орон нутгийн удирдлагуудын дунд нэмэгдсээр байна.

Ногоон алт - Малын эрүүл мэнд төслийн нээлтэн дээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн удирдах хорооны дарга Л. Баяртулга оролцсон юм. Тэрбээр төслийн ач холбогдлын талаар дурьдахдаа "Орон нутгийн захиргаа, төрийн байгууллагуудтай хамтран бэлчээрийн хамтын менежмент, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр Ногоон алт төслийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн, туршлага нь бэлчээрийн доройтлыг шийдвэрлэхэд таатай хууль эрх зүйн орчныг аажмаар бүрдүүлэхэд чухал суурь болно" гэж онцлов.

Малчдын бэлчээр ашиглах эрхийг эрх зүйн хүрээнд баталгаажуулахын сацуу бэлчээрийг сэлгэх, өнжөөх уламжлалт хэв маягийг бэлчээр ашиглагчдын оролцоотойгоор эргэн нэвтрүүлэх нь бэлчээрийг нөхөн сэргээх хамгийн үр дүнтэй арга гэдгийг Ногоон алт төслийн хэрэгжилтийн явцад баталсан.

ШХА нь Монгол орны мал аж ахуйн салбарт бэлчээрийн менежмент, малын эрүүл мэндийн чиглэлээр дэмжлэг үзүүлж ирсэн томоохон хандивлагч билээ. ШХА-ийн хувьд бий болсон харилцаа холбоо, туршлагадаа тулгуурлан бэлчээрийн тогтвортой менежментийн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, маркетинг, малын эрүүл мэндийн тогтолцооны сайн туршлагыг  түгээн дэлгэрүүлэхэд голлон анхаарна.

Малчдын бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтанд түшиглэсэн сумдын анхан шатны болон аймгийн дундын хоршоод нь малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг дотоодын боловсруулах үйлдвэрүүд өндрөөр үнэлж байна. Төслийн нэгдсэн үе шатанд малчдын хоршоод болон үйлдвэрүүдийн хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүхий эд материалын чанарын хяналт, эргэн мөшгөх тогтолцоог нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Энэ тухайд "Уужин" ХХК"-ын Удирдах зөвлөлийн дарга Д. Жавзандулам хурлын үеэр онцолсон юм. Тэрбээр, “Бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтанд орсон малчдын хоршоодтой хамтран ажиллаж, түүхий эдээ худалдан авдаг болсноос хойш түүхий эдийн чанар болон хэмжээний хувьд ахиц гарсаар байна. Энэ нь манай компанийн хувьд гадаад зах зээлээ тэлэхэд чухал суурь болж байна" гэв.