Бичил уурхайн нэгдсэн мэдээллийн цахим платформ

Local news, 23.03.2018

Бичил уурхайтай холбоотой бүх талын мэдээ мэдээллийг агуулсан Бичил уурхайн Мэдлэгийн цахим төв нээгдсэнээр бичил уурхайчид нэг дороос цэгцтэй мэдээлэл авах боломжтой боллоо.

Бичил уурхайн мэдлэгийн цахим төвөөс бичил уурхайчид өөрт хэрэгтэй бүх мэдээ, мэдээллийг авах боломжтой боллоо. © ШХА

Бичил уурхайн мэдлэгийн төвийн цахим платформ нь тус салбарт хуримтлуулсан мэдлэг, мэдээллийг хуваалцах, ижил төстэй үйл ажиллагаа эрхэлж буй хамтрагчидтай туршлага солилцох, адил төстэй асуудлуудаа шийдвэрлэх аргаас суралцахад цахим бааз суурь юм. Энэхүү цахим төв нь нийгэм, байгаль орчны хариуцлагатай бичил уурхайн сайн туршлагыг нэвтрүүлэх, түгээхэд хувь нэмрээ оруулах, мөн Монголын бичил уурхайчдыг дэлхий нийттэй холбох гол гүүр болно.

Швейцарын хөгжлийн агентлаг нь бичил уурхайн Мэдлэгийн төвийн цахим платформыг санаачлан хөгжүүлж 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд (УУХҮЯ) хүлээлгэн өглөө. Цаашид УУХҮЯ цахим платформын үйл ажиллагааг хариуцан ажиллана.

Бичил уурхайн мэдлэгийн төвийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааны үеэр “УУХҮЯ энэхүү мэдлэгийн төвийн цахим платформыг цаашид хариуцах болсонд нь талархал илэрхийлье. Хамтрагч талуудын дэмжлэгтэйгээр энэхүү цахим төвийн тогтвортой ажиллагааг хангана гэдэгт итгэлтэй байна" хэмээн Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны дэд захирал Илариа Дали хэллээ.

Арга хэмжээг нээж тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хэлсэн үгэндээ “2010 оноос Монгол Улсад бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хуулийн хүрээнд зохицуулах таатай орчныг бий болгосон. Эдгээр эрх зүйн актууд болон бичил уурхайн талаарх бусад мэдээ, мэдээллийг энэхүү Мэдлэгийн төвийн цахим платформоос авах бүрэн боломжтой. Энэхүү цахим платформын цаашдын амжилтад бичил уурхайтай холбоотой бүхий л байгууллага, судлаачид, иргэдийн оролцоо, идэвх санаачилга чухал ач холбогдолтой” гэж онцоллоо.

Энэхүү платформ нь бичил уурхайн салбарын цаг үеийн мэдээлэл, аливаа үйл явдал арга хэмжээний мэдээг дамжуулна. Түүнээс гадна бичил уурхайн салбарын хамтрагчид шинэ мэдээлэл, судалгаа, товхимол, нийтлэлийг олон нийтэд хүргэх түгээх гол эх сурвалж болох юм.

Платформ нь онлайн чатын системтэй бөгөөд Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны 1900-2959 лавлах утасны үйлчилгээ холбоотой байна.

Вэб платформыг хөгжүүлэх техникийн түнш байгууллагаар Монголын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани Датаком ажиллаж байна.