Монгол Улсад гурван эмэгтэй тутмын хоёр нь хүчирхийлэлд өртдөг тухай судалдааны дүн харуулж байна

Local news, 04.07.2018

Манай улсад анх удаа орон даяар явуулсан Жендерт суурилсан хүчирхийллийн талаар судалгааны тайланд гурван эмэгтэй тутмын хоёр нь амьдралынхаа туршид ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг байна.

Жендерийн судалгаа
Судалгааны тайланг танилцуулж байна© Жендерийн судалгаа

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй НҮБ-ын Хүн амын сан "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх" төслийн хүрээнд "Хүчирхийлэлийн нүцгэн үнэн" судалгааны ажлыг Үндэсний статистикийн газартай хамтран хийлээ.

“Одоо бид Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн цар хүрээ, мөн чанарын талаар найдвартай мэдээлэлтэй боллоо. Чанартай тоон мэдээ, мэдээллийг хүртээмжтэй болгосноор энэ асуудлын цар хүрээ болон хувь хүн, гэр бүл, олон нийтэд үзүүлэх хүчирхийллийн сөрөг нөлөө ил болно” гэж Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа онцоллоо. “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор бодлого, зан үйлийг өөрчлөхөд энэхүү тоон мэдээ, мэдээллийг ашиглана. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд байж болох хамгийн сайн үйлчилгээ үзүүлэхэд энэхүү тоон мэдээ, мэдээллийг ашиглана гэдэгт ҮСХ-ны хамт олон бид найдаж байна.”

Судалгааны гол үр дүн:

  • Хамтрагчтай байсан болон одоо хамтрагчтай байгаа эмэгтэйчүүдийн 57.9% нь бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл, хянах зан үйл зэрэг хүчирхийллийн хэлбэрүүдээс аль нэгд нь юмуу эсвэл хэд хэдэн хэлбэрийн хүчирхийлэлд  амьдралдаа өртсөн байна. Мөн тэдний 31.2% нь бие махбодын болон / эсвэл бэлгийн хүчирхийлэлд амьдралдаа өртжээ; 

  • Хамтрагчийн үйлдсэн  aливаа хэлбэрийн хүчирхийлэлд амьдралдаа өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Хэнтий, Дархан-Уул, Өмнөговь, Улаанбаатар, Говьсүмбэр аймагт хамгийн өндөр байсан бол хамтрагчийн үйлдсэн бие махбодын болон/ бэлгийн хүчирхийлэлд  амьдралдаа өртсөн эмэгтэйчүүдийн эзлэх хувь Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Булган, Ховд аймагт хамгийн их байв;

  • Хүчирхийллийн тархалтын түвшин Улаанбаатар хотод хамгийн өндөр байгаагүй ч нийслэл хот хамгийн их хүн амтай учраас хүчирхийлэлд өртөгсдийн тоо нь бусад бүс нутгийнхнаас хамаагүй их байв

  • Хамтрагч бус этгээд буюу бусдын үйлдсэн хүчирхийлэл залуучуудын дунд түгээмэл байна. 15-аас дээш насны эмэгтэйчүүдийн 17.3% нь бусдын үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд амьдралдаа өртсөн бол 4.5% нь сүүлийн 12 сард уг хүчирхийлэлд өртжээ;

  • 10 эмэгтэй тутмын нэг нь бусдын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд 15 нас хүрэхээсээ өмнө өртсөн бол;

  • Нийгэм, эдийн засгийн статусаас үл хамааран 4 эмэгтэй тутмын нэг нь “хэрэв эхнэр нь үнэнч бус байвал нөхөр нь цохиж, зодож болно” гэдэгтэй санал нийлсэн байна.  

Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Габриэла Спирли хэлэхдээ “Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар хариу арга хэмжээ авах анхны алхам бол сайн мэдээлэл юм. "Энэ мэдээлэл  нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчдыг хамгаалах, хамгаалах бодит шийдлийг бий болгоход ашиглагдах ёстой" гэж хатагтай Спирли хэлэв. 

"Монголд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн түвшин өндөр байгааг шийдвэрлэхийн тулд бид энэ асуудлыг тал бүрээс нь ойлгох хэрэгтэй. Энэхүү судалгааны дүн бидэнд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хэрхэн, яагаад, хаана гараад байгааг тодорхойлж, үйлчилгээ, үйл ажиллагааг зөв зохистой хуваарилахад тус дөхөм болно” гэж Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара тайлбарлав.

 “Хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн амьдралд бүрэн оролцох эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ нь бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийн маш олон хүндрэлийг үүсгэж, зарим тохиолдолд хохирогчид амиа алдаж байна. Иймд жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө бид чадах бүхнээ хийх ёстой” гэж Наоми Китахара онцоллоо.

Судалгааны тухай товч:

“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл” сэдэвт үндэсний хэмжээний судалгаа нь тоон болон чанарын судалгаа гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх бөгөөд тоон судалгаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн олон улсын судалгааны аргачлалыг, чанарын судалгаанд бусад орнуудын аргачлалыг ашиглав. Тоон болон чанарын судалгааг хамтад нь явуулах нь тус бүрийн үр дүнг баталгаажуулах, дэмжих зорилготой байв. Судалгааны тайланг монгол хэл дээр татаж  авна уу.