Ажил мэргэжил судлалын шинэ хөтөлбөр дутууг гүйцээж, холыг ойртулна

Local news, 18.09.2018

Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх төслийн хүрээнд 2017 онд Монгол Улсын Их Сургуулийн (MУИС-ийн) хөтөлбөрт “Ажил мэргэжил судлал” мэргэжлийн магистрын хөтөлбөр шинээр нээмэгдээд байна. Энэхүү хөтөлбөр нь Монголын ажил мэргэжлийн зөвлөхүүдэд өөрсдийн ур чадвараа мэргэжлийн түвшинд дээшлүүлэх боломжийг олгож байна.

Хувьчилсан зөвлөгөө өгч байгаа нь
Хувьчилсан зөвлөгөө өгч байгаа нь ©ШХА

Швейцарын холбооны улс, ХБНГУ-ын Засгийн газрын  хамтарсан санхүүжилтээр Монгол дахь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлдэг  Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх төсөл нь хот, хөдөөгийн эмэгтэй, эрэгтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор урт, богино хугацааны техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтуудыг дэмжин ажилладаг.

Мэргэжлийн боловсрол, дээд боловсролын байгууллагуудын төгсөгчдийн хувьд эзэмшсэн мэргэжлээрээ ажилд ороход олон бэрхшээлтэй тулгардаг. 2016 онд залуучуудын ажилгүйдлийн түвшин 20,8 хувьд хүрсэн нь ажилгүйдлийн үндэсний дундаж түвшингээс 3 дахин их байгаа юм. Ажил мэргэжлийн сонголтын талаарх мэдээлэл, заавар зөвлөмж хомс байгаа нь залуучуудын ажилгүйдлийн гол шалтгаануудын нэг болоод байна.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг сайжруулах, энэ чиглэлээр зөвлөхүүдийг бэлтгэхэд олон улсын хөгжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2009 оноос хойш анхаарлаа хандуулсаар ирсэн хэдий ч энэ үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд үзүүлэх нь алдаа дутагдалтай байсан.

ХБНГУ-ын Холбооны хөдөлмөрийн агентлагийн их сургууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр МУИС-ийн “Ажил мэргэжил судлал” хөтөлбөрийн багийнхан сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүнийг боловсруулан анхны элсэлтээ 2017-2018 хичээлийн жилээс авч эхлээд байна. Энэ хөтөлбөрийн зорилго нь ажил мэргэжлийн зөвлөхүүдийг академик түвшинд мэргэшүүлэхэд оршино.

18 сарын хөтөлбөрт хамрагдсан нийт 26 оюутны 14 нь хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн халамжийн төрийн үйлчилгээний салбарт ажилладаг бөгөөд тэдний ажил олгогч нар хэдийнээ сургалтын үр дүнг мэдэрч байна хэмээсэн байна.

“Манай байгууллагын төсөл хариуцсан нийгмийн ажилтан Э.Пүрэвсүрэн “Ажил мэргэжил судлал”-ын магистрын хөтөлбөртөө сурсан мэдлэг, мэдээллээ ажилд зуучлах, эмзэг бүлгийн иргэдэд зөвлөх зэрэг ажилдаа ашиглаж байгаад нь бид баяртай байна” хэмээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хамгааллын тусгай төвийн ахлах арга зүйч Н.Нэргүй хэлж байна.

2018 оны хавар магистрын оюутнууд  дадлагын ажлынхаа хүрээнд ганцаарчилсан зөвлөх үйлчилгээг ерөнхий боловсролын ахлах ангиуд болон бакалаврын оюутнуудад үзүүлжээ.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн бакалаврын оюутан М.Айтолкин магистрын оюутнуудаас авсан зөвлөгөөнд талархаад, өөрийн найз нөхөд болон ангийнхандаа ажил мэргэжлийн зөвлөгөөг мэргэшсэн хүмүүсээс авч байхыг зөвлөжээ.

Тэрээр: “Ажил мэргэжил судлалын ангийн оюутнууд надад үнэ цэнэтэй зөвлөгөө өгсөн. Би мэргэжлийн сонголтоо хийж чадахгүй байсаар удсан, одоо өөрт тохирсон чиглэлээ олсондоо их баяртай байна. Ийм боломж ахин гарвал би өөрийн найз нөхөд болон хамтран суралцагсадтайгаа ирэх болно” хэмээжээ.

Шинжлэх ухааны сургуульд суралцдаг Д.Эрдэнэзаяа энэхүү ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх уулзалтаар өмнө нь олж чадаагүй мэдээлэл ихээр авчээ. “Бидэнд энэ чиглэлийн мэдээлэл их дутагддаг. Би анх удаа ийм үйл ажиллагаанд оролцож байна. Маш их хэрэгцээтэй юм байна гэж санагдлаа. Дараа ахин зохион байгуулагдвал би заавал оролцоно” хэмээн тэрээр сэтгэгдлээсээ хуваалцсан байна.

МУИС нь орон нутгийн иргэдэд энэхүү магистрын хөтөлбөрт суралцах боломжийг нээн Ажил мэргэжил судлалын Зайны сургалтын хэлбэрийг төслийн дэмжлэгтэйгээр боловсруулан 2018 онд эхлүүлжээ. Энэ чиглэлийн анхдагч Зайны сургалтын тусламжтайгаар сум, аймгийн оюутнууд магистрын зэрэг эзэмших боломжтой болж, хот хөдөөгийн академик сургалтын ялгавартай байдлыг багасгаж байгаагаараа энэ хөтөлбөр нь өндөр ач холбогдолтой болсон. Одоогоор Зайны сургалтын хөтөлбөрт 20 гаруй оюутан, МУИС дээрх хөтөлбөрт 15 оюутан хамрагдаад байна. 2017 онд элссэн оюутнууд одоогоор 3 дахь семестрийн хичээлд сурч байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр сард төгсөх юм.

2018 оны тавдугаар сард ХБНГУ-ын Холбооны хөдөлмөрийн агентлагийн их сургууль нь  МУИС-тай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээг үзэглэж, төслийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх техникийн туслалцаагаа ахиулан дараагийн шатанд гаргалаа. Энэхүү гэрээний хүрээнд хоёр талын их сургуулийн багш профессорууд докторын түвшинд анхны Монгол оюутанд мэргэжлийн зөвлөх үйлчилгээний чиглэлээрх докторын зэрэг горилох судалгааны ажлыг нь хамтаар удирдаж байна. Ажил мэргэжлийн чиг баримжааны анхны хамтарсан судалгаа, тэнхимийн болон оюутан солилцооны ажлуудыг хоёр талууд 2019 оны төлөвлөгөөнд тусгасан байна.