Соёл урлагийн төслийн уралдаант шалгаруулалтад урьж байна.

Local news, 17.01.2018

Соёл урлаг нь нийгмийн өөрчлөлтийн гол илэрхийлэл бөгөөд хөгжлийн цөм болдог.

Art_project
Цаасан шуумал урлаг төслөөр хотын захын дүүргийн эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд шинэ ур чадвар эзэмшүүлж, орлогоо нэмэгдүүлэх боломж олгосон. © ШХА © SDC

Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, урлаг соёлын олон талт болон өвөрмөц онцлогийг бэхжүүлэх, мөн нийгмийн хөгжил, дэвшилд урлагийг бүтээлчээр ашиглах шинэлэг санаачлагыг дэмжих зорилгоор соёл урлагийн төслийн санал хүлээн авч байна.

Төслийн санал нь уран зураг, хөгжим, театр, жүжиг, бүжиг, кино, телевиз, гэрэл зураг, уран зохиол болон соёлын өвийг хамгаалах зэрэг уламжлалт болон орчин үеийн урлагийн аль ч төрөл хэлбэрээр байж болно.

Монгол Швейцарын хооронд төдийгүй бүс нутгийн болон хөрш орнуудын хоорондох соёлын солилцоог бэхжүүлэх төслүүд, мөн хөдөө орон нутагт урлаг соёлыг хөгжүүлэхэд  чиглэсэн шинэлэг санаачлага, ялангуяа орон нутгийн урлаг соёлын байгууллагууд, уран бүтээлчдийн саналуудыг урьж байна.

Төсөл нь урлагийг нийгмийн хөгжил, өөрчлөлтийн хэрэгсэл болгон ашигласан, тогтвортой хөгжил, байгаль орчин, хүйсийн тэгш оролцоо, хүний эрх, ядуурлыг бууруулах зэрэг сэдэвтэй байж болно.

Төсөлд тавигдах үндсэн шаардлага:

  • Дээр дурьдсан зорилгод нийцсэн байх
  • Өргөдөл гаргагч нь Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд буюу төрийн, төрийн бус, эрдэм шинжилгээний, урлаг соёлын байгууллага байх
  • Төсөл хэрэгжүүлэх хугацаа нь 2018 оны 12 сард дуусгавар болох
  • Өргөдөл гаргагч нь Монгол улсын хуулийн дагуу зохих татвар, даатгалтай холбоотой асуудлыг бүрэн хариуцах
  • Төслийг ШХА-аас өгсөн удирдамжийн дагуу бүрэн боловсруулж, дэлгэрэнгүй төсвийн хамт хүргүүлнэ. Улаанбаатар хотоос оролцож буй өргөдөл гаргагч нь төслийг англи хэл дээр илгээнэ. Хөдөө орон нутгаас оролцогчдыг ч мөн адил англи хэл дээр өргөдөл гаргахыг санал болгож байна. Хэрэв монгол хэл дээр төслийн баримт бичгийг боловсруулсан бол бол төслийн үндсэн санаа, гол агуулгыг англи хэл дээр 1-2 хуудсанд багтаан хавсаргана.
  • Нэг төсөлд олгох санхүүжилт нь 50 сая хүртэлх төгрөг байна; Төсвийн тодорхой хувийг өөрийн болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжтой төслийг давуу тал гэж үзнэ. Энэ тохиолдолд эх үүсвэрээ нотолсон байх,
  • Төслийн төсөвт ажилтан, мэргэжилтнүүдийн цалин, ажлын хөлс, урамшуулал зэрэг зардал нь нийт төсвийн 20 хувиас ихгүй байх бөгөөд үүнээс илүү гарсан цалин, урамшууллыг өргөдөл гаргагч нь хариуцах болно.

Дараах саналыг шалгаруулалтад оруулахгүй. Үүнд:

  • 2018 оны 3 сарын 31-ний байдлаар ШХА-ийн соёлын тэтгэлгээр хэрэгжүүлж буй өмнөх төсөл нь дуусаагүй байгууллага;
  • Аливаа улс төрийн нам, эвсэлтэй холбоотой бол;
  • Хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгж бол;
  • Байгууллагын үйл ажиллагааны тогтмол зардал, ажилтнуудын цалин урамшуулал зэргийг голчлон санхүүжүүлэх санал;
  • Төслийн үндсэн үйл ажиллагаа, агуулгад багтаагүй зөвхөн хувь хүн, байгууллагын гадаад аялал, албан томилолт санхүүжүүлэх, эсвэл эд хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах санал;

Дээрх шаардлага хангасан төслийг дараах шалгуураар шалгаруулна. Үүнд:

  • Бүтээлч, шинэлэг байх;
  • Төслийг хэрэгжүүлэх стратеги нь тодорхой, ойлгомжтой байх;
  • Монголын соёл урлагийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, тодорхой үр дүн үзүүлэх;
  • Хэрэгжүүлэгч нь тухайн салбартаа мэдлэг чадвар, туршлагатай байх;
  • Хэрэгжүүлэгч нь төсөл хэрэгжүүлэх болон төсвийг захиран зарцуулан чадвартай гэдгээ нотолсон байх.

Өргөдөл гаргах журам:

Бүрэн гүйцэд боловсруулсан төслийн саналыг ulaanbaatar@eda.admin.ch и-мэйл хаягт “Culture Project Proposal 2018” гэсэн гарчигтайгаар илгээнэ. Хавсралтын хэмжээ нь 10МB-аас ихгүй байна.

2018 оны төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр.

Жич: Нэг байгууллага нэг төслийн санал илгээнэ. Бүрэн бус болон хангалтгүй боловсруулсан материалыг сонгон шалгаруулалтад хамруулахгүй. Төслийн шалгаруулалт нь шударга өрсөлдөөнт журмаар явагдана. Зөвхөн шалгарсан төсөлд бичгээр хариу мэдэгдэнэ. Төслийн материалыг буцаан олгохгүй. Төслийн шалгаруулалт нь төсөл хүлээн авах эцсийн хугацаанаас хойш нэг сарын дотор эцэслэгдэнэ.
Төсөлтэй холбоотой аливаа асуултад утсаар хариу өгөх боломжгүйг анхаарна уу.