“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” олон улсын чуулганыг амжилттай зохион байгууллаа

Local news, 11.09.2018

“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын чуулган Төрийн ордонд боллоо. Энэхүү чуулганыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) ОУ-ын байгууллага хамтран зохион байгуулж байна. Монгол Улс гишүүнээр элсэн орсон энэхүү “Нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ”-нд өдгөө Азийн 12 орны 125 байгууллага нэгдсэн.

ШХА-ийн  Өмнөдийн хамтын ажиллагааны газрын дэд дарга Куэнод Жан-Франсуа нээлтийн үг хэлж байна
ШХА-ийн Өмнөдийн хамтын ажиллагааны газрын дэд дарга Куэнод Жан-Франсуа нээлтийн үг хэлж байна ©ШХА

Улс орнууд өөрийн оронд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн сайн засаглалын туршлагаа харилцан хуваалцах боломж олгоход энэхүү чуулганы зорилго болоод ач холбогдол оршиж байна. Чуулганаар Азийн 11 улсын 22 байгууллага  сайн засаглал болон шууд ардчиллын чухал бүрэлдэхүүн хэсэг болох иргэдийн оролцоо ба нийгмийн хариуцлага, сонгуульд тавих иргэдийн хяналт, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн чадавхыг бэхжүүлэх нь зэрэг сэдвийн хүрээнд өөрсдийн туулсан замнал, алдаа оноо, туршлагаасаа хуваалцлаа. Мөн нутгийн удирдлагын болон бусад чиглэлээр нэвтрүүлж буй өөрсдийн сайн туршлагаасаа манай орны зургаан байгууллага хуралд оролцогчдод танилцуулга хийсэн байна.

Tөрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж, өөрийн оронд засаглалыг бэхжүүлж буйн нэг сайн жишээ нь манай орны хувьд орон даяар хэрэгжүүлж буй “Төрийн нэгдсэн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаа юм. Төрийн нэгдсэн үйлчилгээний төвүүдэд төр, хувийн хэвшлийн 30 орчим байгууллага 400-аад төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлж байна. Иймд нийслэлийн дүүргүүд, аймгийн төвүүдэд хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийгдсэн ажлын жишээ болох Төв аймгийн Зуунмод хот, нийслэлийн Дүнжингарав төвд тус тус ажиллаж байгаа “Нэг цэгийн үйлчилгээ”-ний үйл ажиллагааг хурлын төлөөлөгчдөд биечлэн танилцуулсан байна.