Орон нутагт нэг цэгийн үйлчилгээг бий болсоноор бичил уурхайчид алтаа олборлож, сорьцолж худалдахад заавал Улаанбаатарыг зорих шаардлагагүйгээр цаг хугацаа, мөнгө хэмнэж, алтны албан бус худалдааг буурч, Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдүүлэх гол ач холбогдолтой юм.
Алтны олборлолт нь Монгол Улсын экспортын орлогын 9.1% -ийг эзэлж байгаа бөгөөд 2018 оны эхний 8 сар гэхэд Монголбанк 12.2 тонн алтыг худалдан авсан бөгөөд тэрнээс 54% нь иргэд тушаасан байна.
“Ченжэд тушаахгүйгээр олборлосон алтаа шууд нэг цэгийн үйлчилгээний төвд тушаах нь бидний хувьд маш том боломж юм. Мөн цаашдаа манай бичил уурхайчид хичнээн тн алт олборлож байгаа болон хичнээн төгрөгийг татвар төлдөг талаар албан ёсны мэдээлэлтэй болно.” хэмээн Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Баянхонгор аймгийн Хариуцлагатай бичил уурхайчид холбооны тэргүүн М. Цэцэгээ онцолсон юм.
Энэхүү төвүүдэд нийт 790 сая төгрөгийн (312 мянган ам. доллар) өртөг бүхий алт, үнэт металлын сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Монголбанк, ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төслөөс хандивлаж, Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны болон боловсон хүчний зардлыг гаргасан. Мөн Дархан-Уул, Баянхонгор аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас барилгыг сэргээн засварлахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
2019 онд Монголбанк болон Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын хяналтын газар дахин хоёр аймагт нэг цэгийн үйлчилгээний төвийг нээхээр төлөвлөж байна.