Монголын цаначид Залуучуудын өвлийн олимпод өрсөлдөх бэлтгэл сургуулилт хийхээр Швейцар орныг зорилоо

Local news, 22.01.2018

Монголд элэгтэй, сайн санаат нэгэн швейцар эрхмийн тусламжаар Монголын 15 залуу цаначид 2020 онд болох Залуучуудын өвлийн олимпод өрсөлдөх эрхийн төлөө бэлтгэлээ базаахаар Лузанна хотыг зорилоо.

mongolian-ski-team
2016 онд Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгуулсан гүйлтийн цанын тэмцээнд оролцсон Дадал сумын хүүхдүүд © ШХА / Паскал Герч

12-15 насныхнаас бүрдсэн Монголын залуучуудын цанын багийнхан дасгалжуулагч багш нар болон хэлмэрчийнхээ хамтаар 2020 онд Швейцарь улсад болох олимпын наадамд оролцох эрх авахын төлөө бэлтгэл сургуулилт хийхээр энэ сарын 13-ны өдөр Улаанбаатараас мордлоо. Олимп болох хүртэл тэд нийтдээ 10 удаагийн сургуулилт хийхээс хоёр нь Швейцар улсад болох юм. Гавъяаныхаа амралтад гарснаас хойш Монголын төлөө, ялангуяа Хэнтий аймгийн Дадал сумын цанын спортод дурласан хүүхдүүдийн төлөө чадах бүхнээ хийхээр амалсан Паскал Герч эмчийн хичээл зүтгэлээр тэд ийнхүү Швейцарт бэлтгэл сургуулилт хийх боломжтой болсон аж.

Тэрээр гэрэл зураг авах сонирхолдоо хөтлөгдөн 2016 онд анх Дадал сумыг зорьсон аж. Чингис хааны төрсөн нутаг хэмээн овоглогдсон Дадал суманд тэрээр цанын спортод сонирхолтой хилийн цэргийнхэнтэй уулзахад тэд тус аймагт гүйлтийн цанын тэмцээн зохион байгуулахад нь туслахыг хүсчээ.

Улмаар, дараа зун нь Герч эмч 20 гаруй хос цанын гутал болон цанын зам тавихад шаардлагатай багаж төхөөрөмж зэрэг хэрэгсэлүүдтэй эргэж ирсэн юм. Ийнхүү, Дадал суман дахь Хилийн цэргийн ангийнхан Биндэр суманд анхны гүйлтийн цанын тэмцээнээ амжилттай зохион байгуулжээ. Тэмцээнд оролцсон тамирчдын дунд цанын спортод дурласан Дадал сумын залуу тамирчид Герч эмчийн сэтгэлийг хөдөлгөсөн аж. Ийнхүү тэрээр цанаар хичээллэж эхэлсэн хүүхдүүд болон Монголын залуу цаначдын багийг Залуучуудын өвлийн олимпод оролцох бэлтгэл сургуулилт хийхэд нь туслахаар шийджээ.

“2016 онд Биндэрийн гүйлтийн цанын тэмцээнд оролцсон Дадал сумын цанаар хичээллэж буй хүүхдүүдийн төлөө би энэ төслийг санаачилсан юм. Тэднийг Залуучуудын өвлийн олимпод оролцоосой гэж би маш их хүсч байна” гэж Герч ярьлаа.

Тэрээр мөн Монголын Цанын холбоо, Монголын Олимпын хороо болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамныхантай уулзаж, тэдний хүсэлтийн дагуу залуу цаначдад туслахаа илэрхийлжээ.

Монголын өнцөг бүрээс ирсэн 15 тамирчдын 10-ыг нь Монголын цанын спортын холбоо шалгаруулсан бол тав нь Паскал Герчийн итгэлийг хүлээсэн Дадал сумын залуу тамирчид юм. Тамирчин тус бүр Герч эмчийн анд нөхөд болох сайн санаат хүмүүсийн хандиваар цуглуулсан цана, таяг, гутал гээд нийтдээ 1500 гаруй шв.франкийн үнэ бүхий хэрэгсэл хүлээж авлаа.

Герч эмч залуу тамирчдад ихээхэн итгэл найдвар тавьж буй бөгөөд дор хаяж хоёр нь Залуучуудын олимпын наадамд оролцох эрх авах болов уу гэж найдаж буй аж.

“Юутай ч, тэдний ийнхүү бэлтгэл сургуулилт хийх нь манай хоёр орны залуусын хооронд урт хугацааны нөхөрлөл бий болж, мартагдашгүй дурсамж үлдээх болно” гэж Герч хэлэв.

Герч эмчийн найз нөхөд, иргэд, байгууллагын өгөөмөр дэмжлэгээр 2020 оны Залуучуудын олимп болох газар буюу Вале де Жу дахь Ле Синтиерд хийх Монголын цаначдын дасгал сургуулилтыг удирдах швейцар багш, багийн байрлах байр, хоол ундны бүх зардлыг санхүүжүүлэх юм. Гэхдээ эдгээрийн нэлээд хувийг Герч эмч хувиасаа гаргаж буй аж.

Ноён Герчийн энэхүү сайн санааны төсөл нь хүмүүнлэгийн ажлаар хязгаарлагдахгүй залуучуудыг спортоор дамжуулан хөгжүүлэх боломж олгож буй юм гэж Лузанна 2020 Залуучуудын өвлийн олимпын наадмын зохион байгуулагч Олон улсын Спортын байгууллагын тэргүүн ноён Иан Логан хэллээ.

Биндэр суманд зохион байгуулсан гүйлтийн цанын тэмцээн
2016 онд Хэнтийн Биндэр суманд болсон гүйлтийн цанын тэмцээн. © Pascal GERTSCH
Монголын залуучуудын цанын баг Швейцарт бэлтгэл хийхээр ирлээ
Швейцарт бэлтгэл хийж буй цанын багийнхан фондю хэмээх швейцарын үндэсний хоолоор дайлуулжээ. © ШХА / Паскал Герч