Ногоон алт төсөл: Бэлчээрийн доройтол тулгамдсан асуудал болсныг судалгаа нотоллоо

Local news, 23.06.2015

Монголын бэлчээрийн төлөв байдлын судалгаагаар нийт бэлчээрийн 65 хувь нь өөрчлөгдөж доройтсон болохыг тогтоосон байна. Үүнээс бэлчээрийн даац, сэргэх чадавхийг нь зөв зохицуулж, одоо ашиглаж буй хэлбэрээ өөрчилж чадвал хамгийн наанадаж гурван жилийн дотор сэргэх боломжтой бэлчээр ердөө 40 хувийг эзэлж байгааг судалгаа харууллаа.

herders-move-to-summer-camp
Зусландаа нүүж буй малчид. Увс аймгийн Ховд сум. Бэлчээр сэлгэн нүүх нь бэлчээрийг доройтохоос хамгаалах уламжлалт арга юм. © SDC

Харин харьцангуй бага, хэмжээгээр нь жишвэл нийт бэлчээрийн долоо орчим хувь нь байгалийн аясаар эргэн сэргэх чадвараа бүрэн алдаж цөлжихөд хүрсэн гэсэн цочроосон дүн гарчээ.

Бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланг Монгол улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх зөвлөгөөн 2014 оны тавдугаар сарын 28-д болж зургаан жилийн туршид Ногоон алт төслийн дэмжлэгтэйгээр Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Газрын харилцаа геодези зураг зүйн газар хамтран хийсэн судлагааны ажлыг дүгнэн  хэлэлцлээ.

“Монгол улсын стратегийн чухал ач холбогдол бүхий салбарын хувьд бэлчээрийн чанарын асуудлыг хэлэлцэх нь маш ач холбогдолтой юм. Учир нь энэ салбар нь хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн иргэдийн ажлын байрны асуудал гээд чухал зүйлсийг багтаадаг” гэж ХХАА-н сайд Р. Бурмаа хэлсэн үгэндээ онцоллоо. 

Малын бэлчээр ихээхэн доройтож байгаа нь Монголын мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдалд нөлөөлж буйг судалгаа тогтоосон.

Уур амьсгалын өөрчлөлт болон хур тунадас багассаж, малын тоо хэт ихээр өсөж байгаа зэрэг нь Монгол орны нийт бэлчээр нутаг, түүний дотор хойд болон төвийн бүсийн бэлчээр эрчимтэй доройтоход үлэмж нөлөөлж байна.

Иймээс үндсэн төлөв байдлаа алдалгүй харьцангуй соргогоороо байгаа бэлчээрээ тогтвортой барих, доройтсон бэлчээрийн олон наст үет ургамлын сэргэлтийг дэмжих, идэмж муутай болон ашиггүй зүйл ургамлын хувь хэмжээг бууруулах, хөрсний элэгдэл, эвдрэлийг богино хугацаанд эрчимтэй сааруулах ашиглалтыг нэвтрүүлэх шаардлагатай байна. 

Мал аж ахуйн үйлдвэрлэл, байгаль орчны бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ арга зүйг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Гэвч, малын тоо бэлчээрийн даацаас үлэмж хэмжээгээр хэтэрсэн байгаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөтлөхөд хамгийн гол саад бэрхшээл нь болсоор байна.

Нөгөө талаас нь авч үзвэл Монгол орны мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон бэлчээрийн ашиглалтыг уур амьсгалын болон газар ашиглалтын өөрчлөлтөд зохицуулах, газрын бодлогыг шинэчлэн сайжруулах багагүй боломж байгааг уг тайланд онцолсон.

Тайлангаар бэлчээрийн төлөв байдал, чадавхийн үнэлгээ, мониторингийн цэгийн  дийлэнх нь төлөөлж байгаа Монгол орны нийт бэлчээрийн талаас илүү нь үндсэн төлөв байдлаа хараахан бүрэн алдчихаагүй, одоогийн ашиглалтын хэлбэрийг үндсээр нь өөрчилж чадваас 10 жилийн дотор сэргэн сайжрах боломжтой гэсэн дүн гарлаа.

Судалгааг бүрэн эхээр татаж авах (PDF, 39 Pages, 2.3 MB)

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэвсайтаас авна уу.

www.greenmongolia.mn