Монгол орны бэлчээрийн үндэсний анхдугаар форум

Local news, 05.10.2017

Монгол орны бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, зохицуулалт, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэлийг хэлэлцэх, салбарын мэргэжилтнүүд болон ашиглагчдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилго бүхий "Монгол орны Бэлчээрийн үндэсний форум" энэ сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.

rangeland_forum
Бэлчээрийн үндэсний форумаар бэлчээрийн доройтол, бэлчээрийн тогтвортой менежментийг бий болгох талаар малчид, мэргэжилтнүүд зөвлөлдлөө. © SDC

Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ)-ноос төрийн болон төрийн бус, эрдэм шинжилгээ, судалгааны байгуулллагууд, хувийн хэвшлийн болон малчдын 250 гаруй төлөөллийг нэг дор цуглуулсан чуулганыг анх удаа Монгол улсад амжилттай зохион байгууллаа.

Форумыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн бэлчээрийн ашиглалтын талаар хууль эрх зүйн орчныг шинэчлэх, бэлчээрийн зохистой ашиглалтын бодлого боловсруулах нь өнөөгийн нэн тулгамдсан асуудал болсныг цохон тэмдэглэлээ.

Тэрбээр цааш нь, Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль болон бусад хуульд бэлчээрийн газрын харилцааг их, бага хэмжээгээр зохицуулсан тодорхой заалтууд бий ч өдгөө тулгамдаж буй асуудлуудыг бүрэн зохицуулж чадахгүй байгааг дурьдаад, “Бэлчээрийн тухай бие даасан хуультай болох санаачилгыг удаа дараа гаргаж, УИХ-д өргөн барьсан түүх бий ч өдий хүртэл батлагдаагүй нь төр, засаг болон улс төрчид ажил, үүрэг, хариуцлагаа хангалттай ухамсарлахгүй, эрх ашгийн эрэмбээр асуудалд хандахгүй байгаагийн илрэл гэдгийг энд нуулгүй хэлэх ёстой. Бэлчээрийн доройтол, цөлжилтөд салбарын эрдэмтэн судлаачид, малчид болон мал ч буруугүй. Харин эрх зүйн орчин бүрдүүлээгүй, бүтээмжид суурилсан эдийн засгийн хөшүүрэг бий болгоогүй төр, засгийн алдаа юм” гэж хэллээ.

Швейцарийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий Консул Габриелла Шпирли хэлсэн үгэндээ, "Монголын бэлчээр нутгийн 65 хувь нь ямар нэг хэмжээгээр талхагдан доройтсон байна. Энэ нь Монголын өнөөгийн болон ирээдүйн малчдын аж амьдрал, амьжиргаатай шууд холбоотой асуудал юм” гэв.

Тэрбээр цааш нь “Гэхдээ зөвхөн бэлчээрийн менежментийг сайжруулж, мал ихээр бэлчих дарамтыг бууруулснаар доройтсон бэлчээрийн 90 хувь нь байгалийнхаа жамаар өөрөө нөхөн сэргэх боломж нь байсаар байна” гэдгийг онцоллоо.

Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-аас өнгөрсөн 15 жилийн турш Монгол орны бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ төслийн хүрээнд нутгийн ард иргэдэд түшиглэсэн бэлчээрийн тогтвортой менежментийн арга барилыг нэвтрүүлээд байна.

ШХА-ийн "Ногоон алт, Малын эрүүл мэнд" төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан төслийн хүрээнд Монгол Улсын 150 гаруй сумын малчид бэлчээрийн хэсгийн зохион байгуулалтанд орж, малчид хамтарч ажиллан бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж, хариуцлагын тогтолцоог бий болгож чадсан гэдгийг илтгэлдээ дурьдлаа. Тэрбээр, мөн малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах үүднээс малчдын дундын санхүүг бий болгон, хадгаламж зээлийн хоршоог байгуулсан гэж төслийн үр дүнгээс онцолсон юм.

2017 оны есдүгээр сар гэхэд 40 мянган малчин өрхийг хамарсан 1400 орчим БАХ, 100 сумын БАХ-ийн холбоо, есөн аймгийн түвшний холбоод бий болоод байна. Эдгээр холбоод нэгдэн МБАНХ-г байгуулсан аж.

Хурлын үеэр Бэлчээрийн тухай хуулийн төслийг малчдад танилцуулж, санал бодлыг нь сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Ийнхүү малчдын саналыг тусгаснаар дээрх хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлэн болгож, Монгол орны мянга мянган малчдын төлөөлөл болсон МБАНХ-ны зүгээс УИХ-д өргөн барьж, батлуулж өгнө үү хэмээн УИХ-ын гишүүн, БОХХ-н байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэнд гардуулан өглөө.

Малчид болон Бэлчээр ашиглагчдын хэсгийн төлөөллүүд форумыг талархан хүлээн авлаа. “Бодлого чиглэлээ тодорхойлсон, хүрэх арга замаа төлөвлөсөн, ахмад, хүндэт гишүүдээ хүндэтгэсэн, залуу үед сурган заасан, монгол өв соёл түүхээрээ бахархаж хүн бүхэнд урам дэм өгсөн сайхан арга хэмжээ боллоо” гэж Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Г.Энхболд хэлэв.

Төв аймгийн Өндөрширээт сумын малчин Ц.Оюун “Малчид бид Бэлчээрийн тухай хуультай болж, бэлчээрээс болж бусадтайгаа муудалцахгүй болох өдөр ирнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Ийнхүү Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш хуран чуулсан Монгол орны бэлчээрийн салбарын мэргэжилтэнүүд, малчид, бодлого тодорхойлогчид тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замаа тодорхойлон ярилцаж, “ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР- ЭРҮҮЛ МАЛ- ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН”-ийг бий болгох зорилго дор нэгдэж, зөвлөмж гаргалаа. 

Уг зөвлөмжид нэн яаралтай бэлчээрийн тухай хуультай болох, бэлчээрийн асуудлыг зохицуулдаг Засгийн газрын тусгай агентлагтай болох, төрийн байгууллагын мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, малчдын хоршоодыг бэхжүүлэхэд таатай эрхзүйн орчныг бүрдүүлэх, экологид ээлтэй зохистой ашигласан бэлчээрээс гаргасан малын гаралтай бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлж, баталгаажуулах системийг бүрдүүлэх зэрэг олон төрлийн санаачлагуудыг тусгав.

Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд 2024 онд болох Дэлхийн бэлчээрийн форумыг Монгол Улсад зохион байгуулах эрх авахын төлөө бусад орнуудтай өрсөлдөхөөр төлөвлөсөн юм билээ. Ингэснээр дэлхийд нүүдэлчин соёлыг сурталчлан таниулах, бэлчээрийн зөв ашиглалтаар бусад оронд үлгэр дууриал үзүүлэх аж.