
-Монгол, Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой энэ тохиож байгаа юм байна. Мөн Швейцарийн хөгжлийн агентлаг Монголд үйл ажиллагаагаа эхлүүлээд 10 жил болж байгаа гэсэн. Эдгээр ойн хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?
-Монгол, Швейцарь улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой бол илүү өргөн хүрээнд тэмдэглэх арга хэм жээ болов уу. Мөн манай Швейцарийн хөгжлийн агентлаг Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш арван жил болж байна.
Эдгээр ойнуудыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд манай Швейцарийн хөгжлийн агентлагийн зүгээс соёлын арга хэмжээнд илүү ач холбогдол өгч байгаа. Тиймээс 2014 оны турш энэ чиглэлээр хэд хэдэн томоохон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний эхлэл болгож тавдугаар сарын 21-нд хоёр орны өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хүндэтгэлийн хүлээн авалт хийлээ. Ойн үйл ажиллагааг албан ёсоор нээсэн дээрх хүндэтгэлийн хүлээн авалтад танай Гадаад харилцааны сайд Л.Болд, Швейцариас Монгол Улсад суугаа Элчин сайд, Швейцарийн хөгжлийн агентлагийн ерөнхий захирал тэргүүтэй төлөөлөгчид оролцож, хамтын ажиллагааныхаа үр дүн, цаашдын зорилтоо хэлэлцсэн.
Дараагийн нэг арга хэмжээ нь тавдугаар сарын 23-нд Чингисийн талбайд Монгол, Швейцарь хоёр улсын өнөөгийн байдал, ард иргэдийн аж амьдралыг харьцуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Хэдийгээр энэ хоёр улс газар нутаг, эдийн засаг, орчин нөхцөлийн хувьд өөр ч бас ямар ижил төстэй зүйлүүд байгааг гэрэл зурагчин хүний нүдээр илэрхийлнэ гэсэн үг л дээ. Энэ үеэр Швейцариас арав гаруй багш нар Монголд аяллаар ирж таарах юм. Тиймээс дээрх багш нар Швейцарийн соёл, боловсролын салбарын талаар сонирхсон хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл өгөх учраас та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Дараа нь уг үзэсгэлэнг бидний үйл ажиллагаагаа төвлөрүүлэн явуулдаг баруун аймгийн ард түмэнд хүргэх юм.
-Монголын урлагийн зөвлөлтэй хамтран томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа гэсэн.
-Тийм ээ. Үнэхээр эдгээр арга хэмжээний дотроос бидний хамгийн их ач холбогдол өгч байгаа нь Монголын урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх “Агула” хэмээх хөгжмийн хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд Швейцарийн хөгжмийн зохиолч Хенрих Кайзег тэргүүтэй уран бүтээлчид Монголын этно жааз хамтлаг болох “Арга билэг”-тэй хамтарсан шинэ бүтээлүүдээ энэ сарын 29, 30-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт толилуулна. Эдгээр уран бүтээлчид өөр өөрсдийн үндэсний хөгжмийн зэмсгээр орчин үеийн хэлбэр агуулга бүхий шинэ бүтээлүүдээ хэрхэн амилуулах бол гэдэг хүлээлт бидэнд байгаа. Олон нийтэд нээлттэй учраас Монголын үзэгчид ч гэсэн энэ тоглолтыг ирж сонирхох болов уу гэж найдаж байна.
-Бас хамтарсан цомог гаргана гэл үү?
-Энэ сарын 27-нд Хенрих Кайзег тэргүүтэй уран бүтээлчид Монголд ирнэ. Энэ үеэр “Арга билэг” хамтлагтай хамтар сан тэдний шинэ бүтээлүүдийг “White Arch” студид бичүүлж, цомгийг нь Швейцарьт хэвлүүлэх юм. Цомогт хөгжмийн зохиолч Хенрих Кайзег болон “Арга билэг” хамтлагийн Т.Пүрэвсүх нарын зохиосон зургаан бүтээл орохоос гадна тус хоёр хамтлагийн шилдэг гэсэн дөрвөн хөгжмийн бүтээлийг шинээр найруулан багтаасан байгаа. Хамтарсан цомог хоёр, гурван сарын дараагаас Монголын үзэгч, сонсогчдын гар дээр очих болно.
-Яагаад заавал “Арга билэг” хамтлагийг сонгосон юм бол?
-Манайхантай хамтарч ажиллах уран бүтээлчдийг сонгохын тухайд бол Монголын урлагийн зөвлөл энэ ажлыг хариуцсан байгаа. Уламжлалт ардын урлагаа орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулан уран бүтээл туурвидаг хамтлаг, дуучдын дунд сонгон шалгаруулалт хийсэн. 20 орчим хамтлаг, дуучин саналаа ирүүлснээс уран бүтээлийн өв сан, туршлага, нэр хүнд гээд олон зүйлээр “Арга билэг” хамтлагийг шалгаруулсан болов уу.
-Тэндээс ирэх хамтлаг ч бас иймэрхүү чиглэлээр уран бүтээл туурвидаг уу. Улсдаа хэр зэрэг нэр хүндтэй юм бол?
-Мөн л ийм этно жааз урсгалаар уран бүтээл туурвидаг хамтлаг. Нутагтаа нэлээд алдартай хамтлаг байгаа. Ер нь барууны орнуудад Монголын соёл урлаг уламжлалт хэлбэрээрээ танигдсан байдаг. Очсон уран бүтээлчид нь ч ихэвчлэн ардын урлагаа л тоглодог. Харин энэ удаад Монголын “Арга билэг” хамтлаг Швейцарийн тэдгээр уран бүтээлчидтэй хамтарч аялан тоглосноор монголчууд ардын урлагаа орчин үеийн хөгжимтэй хөл нийлүүлэн хөгжүүлж чадаж байгаа гэдгийг барууныханд харуулах том боломж юм.
-Швейцарь гэхээр манайхаас алс хол оршдог баян чинээлэг орон, тэр хэрээрээ ард түмэн нь эр хэмсэг байдаг болов уу гэж төсөөлдөг. Тэгвэл талын монголчуудыг энэ орны ард түмэнтэй соёл урлагаар нь дамжуулан холбох алхмыг нээсэн нь сайхан хэрэг. Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Үнэхээр таны хэлсэнчлэн хоёр орны ард түмнийг соёлын солилцоогоор дамжуу лан ойртуулах нь бидний үйл ажиллагааны нэг чухал зорилго байдаг. Зөвхөн Монголд болж буй урлаг соёлын арга хэмжээг дэмжиж хамтрахаас гадна уран бүтээлчдийг гадаадад очиж өөрсдийгөө таниулах, тэндээс хүмүүс авчирч харилцан туршлага солилцох, нэгнээсээ суралцах замыг нээж өгөхийг зорьдог. Жишээлбэл, энэ жил Монголын хоёр уран зураачийг Швейцарьт үзэсгэлэнгээ гаргах боломжоор хангаж өгөх гэж байна. Женевт байдаг Монголын Элчин сайдын яамтай хамтран энэ ажлыг зохион байгуулах юм.
-Та ер нь манай ардын урлагийн тоглолтыг үзэж байсан уу. Монгол, Швейцарийн хамтлагуудын хамтарсан тоглолтыг нэг тиймэрхүү болох байх гэсэн таамаг танд байна уу?
-Одоогоор хэнд ч тэр талын төсөөлөл байхгүй гэж бодож байна. Энэ бол тэр үдэш л задрах гэнэтийн бэлэг юм. Миний хувьд энэ тоглолт аль аль талын ард түмэнд таатай сэтгэгдэл төрүүлэхүйц сонирхолтой, шинэлэг болоосой гэж л найдаж байна.
- Швейцарийн хөгжлийн агентлагийн тухай монголчууд сайн мэднэ. Цөлжилтийг сааруулах, тогтвортой бичил уурхай, мал аж ахуйн төсөл гэхчлэн монголчуудад нэн түрүүнд тул гарч буй асуудлуудыг шийдэх чиглэлээр олон ажил хийсэн. Харин одоо соёл урлагийн салбар луу анхаарал хандуулж байгаа нь мөн дээрхийн нэгэн адил бодитой үр дүнд хүрэхээр үйл ажиллагаа байх болов уу гэж найдаж байна.
- Швейцарийн хөгжлийн агентлаг төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа улс орнуудад зарцуулдаг нийт төсвийнхөө нэг хувийг соёл урлагийн салбарт хуваарилдаг. Өөрөөр хэлбэл, жил бүр тодорхой хэмжээний мөнгийг бид тухайн орны урлаг соёлын үйл ажиллагааг дэмжих, уран бүтээлчдийн санаачилсан төслийг санхүүжүүлэх, соёлын солилцооны хөтөлбөрт зарцуулдаг. Энэ жилийн хувьд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа учраас дээрх төсөвт өөрчлөлт орж нэмэгдсэн юм. Тиймээс ирэх зургадугаар сард Швейцарийн хөгжлийн агентлагаас уран бүтээлчдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана.
-Тэгэхээр дорвитой уран бүтээл хийх гэтэл хөрөнгө санхүүгийн бэрхшээлтэй тул гараад яаж ч чадахгүй байгаа хүмүүс танайд хандаж болох нь ээ?
-Тийм ээ. Санал төсөл байгаа бол манайд хандаж болно. Бид төслийг нь судалж үзээд, олон нийтэд нээлттэйгээр сонгон шалгаруулж санхүүжүүлэх юм. Хамгийн гол нь гадаадад Монголыг сурталчилж чадах хэмжээний өргөн утга агуулга, зорилготой төслүүд байх шаардлагатай.
-Швейцарийн хөгжлийн агентлаг цаашид Мон голд явуулж буй үйл ажил лагаагаа улам өргөжүүлэн, нэн шаардлагатай гэсэн салбаруудад хамтран ажиллах байх, тийм үү?
-Одоохондоо манай агентлаг 2020 он хүртэл Монголд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Түрүүн хэлсэнчлэн соёл урлагийн арга хэмжээнд манай агентлаг нийт зардлынхаа зөвхөн нэг хувийг зарцуулдаг. Цаана нь үндсэн чиглэл буюу гурван том салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт анхаарал хандуулж, малчдын өөрөө удирдах байгууллагаар дамжуулан бэлчээрийг урт удаан хугацаанд үр дүнтэй ашиглахад нь дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, Монголын Засгийн газар тай хамтран хэрэгжүүл сэн төмсний хөтөлбөр маань үр дүнгээ өгсний ачаар монголчууд дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг боллоо. Мөн мэргэжлийн боловс ролын сургалтын чиглэлээр салбарын яамтай хамтран томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлд дутаг даж байгаа мэргэжлийн ур чадвартай боловсон хүчнийг богино хугацаанд бэлтгэхэд анхаардаг. Гурав дахь үндсэн чиглэл нь сайн засаглалыг хөгжүүлэх юм. Монгол Улсын эдийн засаг хөгжиж байгаа учраас цаашид гаднын орнуудын хөгжлийн хамтын ажиллагаа шаардлагагүй болох биз. Тэр үед л Швейцарийн талаас шинжлэх ухаан, худалдаа, аж үйлдвэрийн салбарт монголчуудтай хамтарч ажиллаж магадгүй.
-Баярлалаа. Та бүхэнд арван жилийн ойн мэнд хүргэе!
Л.ГАНЧИМЭГ
Эх сурвалж: http://mongolnews.mn/i/52275