Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалт Монголын мэргэжлийн боловсролыг нэг шат ахиулна

Local news, 25.06.2015

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд (МСҮТ) үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалтыг нэвтрүүлснээр оюутнуудад хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай мэдлэг, дадлага ур чадварыг зэрэг эзэмших боломжийг бүрдүүлж байна.

in-company-instructors-training
Үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн сургалтын үр дүнд оюутнууд мэдлэгийг дадлагатай хослуулан суралцана. © SDC

Чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд дэвшил гаргаж буй энэхүү сургалт нь Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар, Ховд, Говь-Алтай аймгуудад боллоо.

Баянхонгор аймагт болж буй сургалтанд хамрагдсан Галхонгор компаний инженер Батнасан “Манай компани дээр дадлага хийхээр ирсэн оюутнуудтай ажиллах сайхан байлаа. Сургалтаас олон шинэ зүйлийг би сурлаа” гэв.

Төслийн зүгээс дээрх сургалтанд хамруулах сургуулиуд, суралцагчдын тоог нэмэхийг зорьж байгаа.  Монголын Ажил олгогчдын эздийн холбооноос энэхүү санаачлагыг сайшааж, үйлдвэрлэлийн дадлагажуулагч багшийн үйл ажиллагааны журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлж байна.

Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зорилготой энэхүү төслийг Герман, Швейцарь, Австрали улсын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг Монгол Улсын Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж байна.

Press releases, 17.09.2015

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлаг  хамтран “Тогтвортой амьжиргаа” төслийн шинэ үе шатыг эхлүүлж байна

slpIII-launch
“Тогтвортой амьжиргаа” төслийн 3-р үе шат эхэллээ. © SDC / World Bank

Улаанбаатар хот, 2015 оны есдүгээр сарын 17. -- Төсөв, санхүүгийн үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай, иргэдийн хэрэгцээнд нийцэхүйц байдлаар зарцуулахад зориулагдсан 34.1 сая ам.долларын санхүүжилттэй Тогтвортой амьжиргаа төслийн үр шимийг орон нутийн иргэд хүртэнэ.

Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг болон Сангийн яам хамтран “Тогтвортой амьжиргаа” төслийн гурав дахь үе шатыг өнөөдөр албан ёсоор эхлүүллээ. Гурван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төсөл нь төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд олон нийтийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх замаар 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх  зорилготой.

“Орон нутгийн хөгжлийн талаарх иргэдийн идэвх, санаачилгыг дэмжин, ил тодоор санхүүжүүлснээр иргэдийг чадавхижуулна” хэмээн Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэллээ.

Тогтвортой амьжиргаа төсөл өмнөх хоёр үе шатны үр дүнд суурилж хэрэгжих юм. Өмнөх хоёр үе шатны хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү чиглэсэн 6000 гаруй төслийг санхүүжүүлсэн. Ингэснээр цаашид дэд бүтэц болон үйлчилгээний салбарт хөрөнгө оруулах боломжийг орон нутгийн засаг захиргаанд бий болгож байгаа юм. Төсвийн тухай хуулиар жил бүр орон нутгийн иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэдэг тодорхой санхүүжилтийг хуваарилдаг болсон.

“Тогтвортой амьжиргаа төсөл нь орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар орон нутгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банк хамтран 2002 оноос хэрэгжүүлсэн энэхүү төслийн хүрээнд хөдөөгийн иргэд, малчид руу чиглэсэн хувийн хэвшлийн болоод улсын хөрөнгө оруулалт нэмэгдсэн” гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт хэллээ.

Төслийн хүрээнд 300 гаруй сумдад хувийн хэвшлийг дэмжин хөрөнгө оруулснаар хөдөөгийн эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлжээ.

Орон нутгийн хэрэгцээ шаардлага, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, төсөвлөх, хэрэгжүүлэх, хянах, үнэлэх үйл явцад иргэдийн оролцоог хангаж буй нутгийн захиргааны байгууллагад сайн засаглалыг дэмжих гүйцэтгэлийн урамшуулал болгож, орон нутгийн хөрөнгө оруулалтад зарцуулах нэмэлт хөрөнгийг шийдвэрлэж өгөх юм.

Төслийн гурав дахь үе шат нь орон нутгийн түвшинд, ялангуяа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг иргэдийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах боломжийг олгоно. Орон нутгийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх нь энэ төслийн гол зорилго юм” хэмээн Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Маркус Валдфогел хэллээ.

Төсөл нь Дэлхийн банкны бага орлоготой улсуудын сан болон Олон улсын хөгжлийн ассоциацийн 22.7 сая ам.долларын зээл, Швейцарийн Хөгжлийн агентлагийн 11.4 сая ам.долларын  буцалтгүй тусламжаар хэрэгжинэ.